ХӨШИГНИЙ АРД: "Газрын мэдээллийг ил болгосон"-д Хотын даргаар ажиллаж МАН-ынхан бухимдан Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нарыг дарамталжээ


“Шилэн” ажиллагааны хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбоо яам /ЦХХХЯ/-наас үе, үеийн хотын дарга нарын олгосон газрын зөвшөөрлийн мэдээллийг ил болгосон нь энэ долоо хоногийн онцлох үйл явдал байв. Тодруулбал,хэн, хэзээ, ямар зориулалтаар, хэр хэмжээний газрыг хэнд олгосон тухай нийт 36.985 баримт нийтэд ил болсон. Эцэст нь, эрх мэдэлтнүүд мэдээлэлд ойр байдлаа ашиглан нийслэл  Улаанбаатар хотын газрыг нүх, сүв үлдээлгүй хэрхэн өөрийн болгосон нь илчлэгдэв.
-“Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Н.УЧРАЛ НАР БИДНИЙ МЭДЭЭЛЛИЙГ ЗАРЖ ИДДЭГ БОЛЛОО” ХЭМЭЭН БУХИМДЖЭЭ-
Улаанбаатарчуудын өнөөдрийн зовлон болох ногоон байгууламжгүй, утаа, түгжрэл, хүүхэд аюулгүй тоглох нь бүү хэл иргэд ч тайван алхах орон зайгүй болтол барилга чигжиж барьсан зэрэг нь өнгөрсөн хугацааны "замбараагүй газар олголттой" холбоотой гэдгийг бид хаа, хаанаа хүлээн зөвшөөрдөг, хэн, хэн нэр холбогдож ирснийг ч гадарладаг. Тэгвэл газар зарж, зөвшөөрөл олгосон /нэрс тодорхой зарлагдсан/ албан тушаалтнууд асан “газрын мэдээллийг ил болгосонд” ихэд бухимдан, ундууцаж яваа аж.
Тэр дундаа МАН-аас томилогдон Хотын даргаар ажиллаж байсан хүмүүс өөрсдийнх нь “олгосон” газрын мэдээллийг нээлттэй болгосонд уурлаж дүү нараа дарамталсан гэх мэдээлэл ч байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд “Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нар ах нарынхаа мэдээллийг зарж “идэж” пиар хийдэг болоо юу. Ирэх 2024 оны сонгуульд МАН-ыг ялагдуулж мэдэх ажлыг хийж буй нь ямар учиртай вэ” зэрэг агуулгаар дотооддоо үг унагаж яваа аж.
-Э.БАТ-ҮҮЛ НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЭЛД НЭЭЛТТЭЙ ХАРИУЛЖ ХЭЛЖ, ШИРҮҮН РЕАКЦ ҮЗҮҮЛСЭН БОЛ МАН-ААС ТОМИЛОГДСОН ХОТЫН ДАРГА АСАНУУД ДАЛДХАН ХЭРҮҮЛ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ-
Ерөөс тус мэдээллийг ил болгохтой зэрэгцэн асар их дарамт Засгийн газарт ирсэн талаар эх сурвалж хэлж буй. Тухайлбал,ЦХХХ-ны сайд Н.Учрал тус мэдээллийг ил болгож буйг зарласан хэвлэлийн бага хурлын эхэнд “Газар олголтын мэдээллийг ил болгосныг улс төрийн өнгө, өнцгөөс харж болохгүй юм. Ил тод мэдээлэлд аль нэг нам, улс төрийн өнцгөөс алагчилж, ялгаварлах боломж хэнд ч байхгүй. Хорин жилийн түүхэнд Хотын дарга асан Э.Бат-Үүл гуайн гарын үсэг ч байна. МАН-ын гишүүн, Хотын дарга нарынх бүр олон байгаа” гэж хэлсэн нь тэдний дарамттай холбоотой байж мэдэх аж. 
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд МАН-аас М.Энхболд, Г.Мөнхбаяр, С.Батболд, С.Амарсайхан, Д.Сумъяабазар, Т.Билэгт, Ц.Батбаяр, Ж.Батбаясгалан гэх найман хүн Хотын даргаар ажиллажээ. Энэ хугацаанд АН-аас ганцхан хүн  ажилласан нь Э.Бат-Үүл бөгөөд тэрбээр дээрх нээлттэй мэдээлэлд нээлттэй хариулт өгч “Новшийн МАН намайг гүтгэх ажлаа 32 дэх жилдээ хийж байна” гэж мэдэгдсэн бол МАН-аас сонгогдсон дарга асанууд далдхан хэрүүл хийж, өс санаж хөмхий зууж яваа аж.
Ташрамд дурдахад,
  • М.Энхболд - 7374
  • Э.Бат-Үүл- 1888
  • Г.Мөнхбаяр - 1679
  • С.Батболд - 1381
  • С.Амарсайхан - 811
  • Д.Сумъяабазар - 621
  • Т.Билэгт - 516
  • Ц.Батбаяр - 485
  • Ж.Батбаясгалан - 174 газрыг  тус тус олгосон нь ил болоод буй билээ.
Дүгнэхэд, газрын мэдээллийг ил болгосон нь авлигын хамгийн том сүлжээг нээлттэй, ил тод болгож буйгаас гадна цаашдын зөв хандлагын эхлэл юм. Мөн нийслэлчүүдийн аюулгүй, тайван, амьд явах эрхээр наймаалцаж, мөнгө олж хөлжигчдийн буруутайг илчилсэн үйлдэл юм. 

https://isee.mn/n/50456
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан