Хууль бусаар газар авсан, өгсөн аль алинтай нь ХАРИУЦЛАГА тооцдог болъё


Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өмнөх долоо хоногийн эцсээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хороолол дундах ногоон байгууламж бүхий талбайд газрын зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхийг цуцаллаа. Тухайн хорооны иргэд үлдсэн жаахан газар, хормойн чинээ ногоон байгууламжаа авч үлдэхээр суулт хийсэн нь ийнхүү үр дүнгээ өгөв.
Хотын дарга нөхцөл байдлыг газар дээр нь үзэж харж, оршин суугчидтай уулзах үеэрээ нэгэн ноцтой гэмээр баримтыг дурдаж байх юм. Тэрбээр байрнуудын дунд зөвшөөрөл олгоогүй газар гэж алга. Энэ хавийн зургаан  байрны дундах газарт нийтдээ 53 зөвшөөрөл олгогдсон байгааг дурдлаа.  Ингэж бодохоор энэ орчимд сул чөлөөтэй алга дарам газар ч үлдээгүй гэсэн үг. Зарим нэг нь бүр давхардаж олгогдсон байх магадлалтай. Газрын наймаа эзэн олонтой, ямар хэмжээнд цэцэглэн хөгжсөнийг Засаг даргын энэ  үгнээс  анзаарч болно.
Хотын дарга аа, одоо хууль бусаар газар авсан болон өгсөн хүмүүстэй нь адилхан хариуцлага тооцдог болмоор байна. Энэ тал дээр иргэд таныг дэмжиж байгаа шүү
Газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь ганц энэ удаагийнх биш. Хотын төв талбайн урд хэсэг, цэцэрлэгт хүрээлэнтэйгээ хамт ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий компанийн эзэмшилд байсныг Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан захирамжаараа цуцлаад буй. Үргэлжлүүлэн Улаанбаатар зочид буудлын урдах цэцэрлэгт хүрээлэн болон МУИС-ийн өмнөх  “Оюутны талбай”-н эзэмших эрхийг хэдхэн хоногийн өмнө  мөн цуцалсан. 
Байгалийн түүхийн музейн урдах цэцэрлэг, Гутлын 22-р дэлгүүрийн арын цэцэрлэг мөн хэн нэгний эзэмшилд очсон гэх мэдээлэл чих дэлсэж байсан удаа бий.  Төрийн ордны доорхи газар хэн нэгний эзэмшилд оччихсон байж магадгүй шүү гэсэн сануулга зүгээр нэг хошигнол биш юм байна.  
Газрыг баруун солгойгүй олгож, хэсэг хүмүүсийн хувьд хамгийн ашигтай наймаа болж, эрх мэдэлтнүүд ашиг сонирхлын зөрчлөөр асуудалд хандаж байсныг гэрчлэх энэ мэт баримтууд захаас аван бий. Үүний үр дагавраар Улаанбаатар магадгүй, дэлхийн хамгийн төлөвлөлт муутай хот болж,  жинхэнэ утгаараа бетонон ширэнгэ болж хувирсан байж мэднэ.  
Хот төлөвлөлтийн газрын хариуцлагатай ажилтан нь явган хүний замыг хааж барилга барих зөвшөөрөл олгож хариуд нь их хэмжээний авлига авсан хэрэг тун саяхных. Энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа шиг санагдаж байна. Ерөөс Улаанбаатарын ашигтай байрлал бүхий газар бүхнээс авлига үнэртдэг гэдэг нь талаар бус байх. 
Тэгвэл Хотын дарга энэ мэт  олгогдсон  олон газрыг  цаашид судалж цуцлана гэдгээ мэдэгдээд байгаа. Тэрбээр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороололд иргэн Б-д олгосон газрын зөвшөөрлийг цуцлах үеэрээ ”Зөвхөн энэ газар ч биш, өөр олон байршилд орон сууцны хороололд хууль бус газрын эрхийн зөвшөөрлүүд олгосон байна. Цаашид энэ асуудлуудыг шат дараатай шийднэ” гэдгээ хэлнэ билээ.
Хууль бус олгосон газрын зөвшөөрлийг эргэн цуцалж, хот өмнөх алдаагаа засч залруулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ бол асуудлын нэг л тал. Харин цаашид газрын  ийм хууль бус зөвшөөрөл олгогдсоор л байх уу гэдэг нь асуултын тэмдэгтэй хэвээр үлдэж байна.  
Одоогийн нөхцөлд газар эзэмших эрхийг цуцалснаар зөвхөн эзэмшигчийн хувьд  хариуцлага тооцогдож байна гэсэн үг. Товчхондоо бол хохироод үлдэж байна гэсэн үг. Гэтэл үүний нөгөө талд газар эзэмших зөвшөөрлийг хууь бусаар олгосон тэр эрхтэн дархтнуудад ямар хариуцлага ногдох вэ гэдэг нь тодорхойгүй үлдэж байна. Нийтийн эзэмшлийн, тэр дундаа хотын төв талбай, цэцэрлэгт хүрээлэн бүхий нийтийн амарч зугаалдаг газрыг бусдад эзэмшүүлэх зөвшөөрлийг хэн олгов гэдэг нь яах аргагүй анхааарал татсан асуудал. Энэ чинь жинхэнэ утгаараа хууль бус шийдвэр шүү дээ.
Тухайлбал, төв талбайн өмнө хэсэг, цэцэрлэгт хүрээлэнг хувийн компанид эзэмшүүлэх зөвшөөрлийг Хотын дарга асан Ц.Батбаяр гаргасан байдаг. Энэ мэт бөх зүрх, бүдүүн хүзүүтэй, газрын наймаанд гаршсан дарга цэрэг хэн байв. Тэд хариуцлагын гадна үлдэх учиргүй. Тухайлбал,  Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэг, Оюутны талбай хэний зөвшөөрөл захирамжаар бусдын гарт оров гэдгийг нийтэд зарлах ёстой биш үү. Ингэх нь ёс зүйн хариуцлагын нэг хэлбэр. Тэгээд үүнээс цааш хууль номынхоо хүрээнд хариуцлага тооцох ёстой.
Манай сайт өнгөрсөн жил “Газрын зөвшөөрлийг ганц гарт төвлөрүүлье” хэмээн асуудал хөндөж бичиж байв. Улаанбаатарын газрыг дүүрэг, нийслэлийн Засаг дарга нарын захирамжаар олгодог байсан. Засаг дарга нарын газар олгодог эрх мэдлийг БОАЖЯ зэрэгцэн  хэрэгжүүлж  Туул гол, дархан цаазат Богдхан уулын ам бүрийг аялал жуулчлалын зориулалтаар гэсэн өнгөлөн далдлалт дор олгоод бараг дуусч байгаа юм биш үү.
Ийнхүү газар олгодог эрх мэдэлтнүүд олширсон, зөвхөн өөр өөрсдийн сүлжээний нөхдүүддээ бүхэл бүтэн уулын ам, хэдэн га-аар олгодог болсныг цахим сүлжээнд явж байгаа газрын наймааны  зараас анзаарч болмоор байна.
Хотын дарга аа, одоо хууль бусаар газар авсан болон өгсөн хүмүүстэй нь адилхан хариуцлага тооцдог болмоор байна. Энэ тал дээр иргэд таныг дэмжиж байгаа шүү.  
Г.Тулга
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан