Монголчууд нийтээрээ цахим гарын үсэгтэй болох хуулийг парламент дэмжлээ. Одоогийн байдлаар 10 жилийн хугацаанд 38 мянган цахим гарын үсэг олгосон нь тун чамлалттай гэж үзэв. Тиймээс шинэ хуулийн төсөлд 2.2 сая гаруй иргэний үнэмлэх дээр цахим гарын үсгийг суулгаж өгөхөөр тусгалаа. Ингэхдээ иргэдэд нэг удаа үнэ төлбөргүйгээр цахим гарын үсэг олгохоор боллоо. Иргэд нэмэлтээр цахим гарын үсэг авахаар бол хувийн байгууллагад хандан үнэ төлбөртэйгөөр авч болно. Харин өв залгамжлал, гэрлэлтээ батлуулахад тоон гарын үсгээр явахгүй, өөрийн биеэр очдог хэвээрээ байх юм. Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал "Хууль 2022 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байна. Шаардлагатай тайлан мэдээлэл цахимд шилжих боломжтой. Түүнээс биш салбар бүрт мэдээллийн технологийн төв байгуулна гэж байхгүй” гэлээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД Б.Баасандорж "УБЕГ 2.2-2.3 сая иргэн бүрт тоон гарын үсэг олгоход техник тоног төхөөрөмж, хүний нөөцтэй холбоотой зардлын тооцоог хийсэн. Улсын хэмжээнд 340 сум, сууринд үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхий газар дээрээ IT чиглэлийн 24 алба хаагч ажилладаг. Мэргэжлийн үндсэн ажилтан 17 бий. Энэ хууль батлагдвал орон тоо нэмэхгүйгээр УБЕГ-т ажиллаж байгаа хүмүүстээ түшиглэн ажиллана. 2022 оны төсөв дээр тоон гарын үсгийн дэд бүтэцтэй холбоотой зардлуудыг Хууль, зүй дотоод хэргийн сайдын багцад суулгаж өгсөн. Тооцоод үзэхэд ес хүртэлх орон тоо нэмэгдэнэ” гэсэн мэдээллийг өгсөн юм.
ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДАД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОНО
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.29 БААСАН № 213 (6690)