Аюултай хог хаягдлын аюулыг “нуусан” хэвээр

“Товчин зай залгичихлаа гэх шалтгаанаар Монголд долоо хоногт 2-3 хүүхэд эмнэлэгт хүргүүлж байна. Яг ийм шалтгаанаар жилд 100 хүүхэд эмнэлэгт ханддаг. Нэгэн хүү тоглоомынхоо зайг залгисныг эцэг, эх нь мэдэлгүй долоо хоножээ” гэсэн мэдээлэл саяхан зурагт, цахим мэдээллийн хэрэгслээр түгэв. Бага насны хүүхэдтэй хүн бүр үүнийг үзээд нэгийг бодсон болов уу. Бид ямар их эрсдэл дунд амьдардаг, хүүхдийнхээ амь, эрүүл мэндэд дэндүү аюултай зүйлсээр тэднийгээ “чимэглэж”, хүрээлүүлчихээд, түүндээ баясаж, нүдэн балай, чихэн дүлий мэт амьдарч буйгаа бага ч гэсэн ухамсарлаж, сэрэмж авсан гэдэгт найдаж байна.
Товчин гэлтгүй бүх төрлийн зай эрүүл мэнд, байгаль орчинд хэр зэрэг урхагтай, дэлхийн орнууд энэ төрлийн бүтээгдэхүүнээс татгалзахыг эрмэлзэж, цэнэгээ удаан барьдаг, хүнд металл агуулаагүй зай үйлдвэрлэхээр туршиж, судалж байхад Монголд нөхцөл байдал эсрэгээрээ буй тухай “Өнөөдөр” сонин өмнө нь “Зайнаас зайгаа барья”, “Аюул тээгч” нийтлэлээрээ хөндөж байв. Тухайн үед БОНХАЖЯ (хуучнаар), МХЕГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хог хаягдал хариуцсан мэргэжилтнүүдээс зайны талаар мэдээлэл авах гэхэд “Манайд энэ чиглэлээр хийсэн дорвитой судалгаа байхгүй” гээд мөрөө хавчиж, толгой сэгсрэн сууж байсан юм даг. Тиймээс гадаадын голдуу сайт, хуудас “ухаж” байж энэ айхтар эдийн талаар дориун мэдээлэлтэй болсон. Гэвч одоо бахь байдгаараа. Хэрэглээнд нэвтрээд хэдэн арван жил болж буй, иргэд өдөр тутам байнга ашигладаг, хамгийн ойрын энэ аюулыг үл тоосон хэвээр.
Хог хаягдлын асуудал хариуцсан төрийн болон хувийн хэвшлийн цөөн байгууллага зайны уршгийн талаарх мэдээллийг сүүлийн үед идэвхтэй түгээж эхэлсэн нь олзуурхмаар. Үүний үр дүнд нийслэлийн “Эрдмийн өргөө”, 28, 29 зэрэг сургуулийн сурагчид хаягдал зай агуулах зориулалтын сав, хайрцаг бүтээж, сургуулийнхаа ойролцоо байршуулсан. Түүнчлэн “City tower”-т байрлах Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооныхон хэрэглээнээс гарсан бүх төрлийн зайг хүлээн авч байна. Зайтай холбоотой гялайж, гялтайх мэдээ үүнээс өөр алга. “Сар, жилд хэчнээн хэмжээний хаягдал зай цуглардаг, түүнийг хэрхэн устгадаг тухай бодитой статистик, зураглал ч алга, мэргэжлийн байгууллагуудад.
Хүний хэрэглээ баяжих тусам энэ төрлийн “хор”-оор ажилладаг зүйл олширч, тэр хэрээр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөх боллоо. Хүүхэд зай залгисан тухай нийтлэлийн доор иргэд нэгийгээ болгоомжгүй, хайнга хэмээн гайхаж, буруушаасан өнгө аястай зүйлс бичжээ. Нэгнээ шүүж хэлэлцэх яах вэ. Төр, засаг юу хийх бол гэж хүлээлгүй хандлагаа өөрчилье, аюул тээгчдийг ахуйн хэрэглээнээсээ зайлуулъя.
Зай бол аюул тээгч хаягдлын ганцхан жишээ юм. Аюултай хог хаягдалд анхаарахгүй бол ирээдүйд үр хүүхэд минь үүнээс ч их хохирно гэх анхааруулга, дохиог тэр бидэнд чимээгүйхэн шивнэж байж мэдэх юм.
“Аюултай хог хаягдалд юу юу ордог вэ” гээд ойр дотнынхноосоо асуугаарай. Аккумлятор, зай, зүү, тариур зэрэг цөөн хэдийг л нэрлэх болов уу. Гэтэл энэ төрлийн 500 орчим хаягдал бий. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон компьютер, гар утас, зөөврийн цэнэглэгч, зурагт, хөргөгч, агааржуулагч хүртэл хэрэглээнээс халагдахаараа аюултай эд болж хувирдаг байх нь. Иргэд наад захын ийм мэдээлэлгүйгээсээ болоод хохирдог. Түүнчлэн манай улсын хог хаягдлын менежментгүй бодлого ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, манайх хаягдлаа бүрэн боловсруулж, устгаж чаддаггүйгээс энэ төрлийн хог ил задгай, зориулалтын бус газарт хөглөрч, гамшиг дагуулах нь түгээмэл.
Нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүд өдөрт 2100-2600 тонн хог “үйлдвэрлэж”, жилд дунджаар 1.4 сая тонн хог хүрээлэн буй орчиндоо нийлүүлдгээс ердөө 24 хувь нь дахин боловсруулах үйлдвэрүүдэд “очдог” гэж Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гүйцэтгэх захирал П.Цэндмаа хэлсэн. Тэгвэл МХЕГ-ын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэг “Улсын хэмжээнд жилдээ 10 мянган тонн аюултай хог хаягдал үүсдэг. Түүний 10 орчим хувийг нь л дахин боловсруулдаг” хэмээн саяхан болсон “Монгол Улсын аюултай хог хаягдлын менежмент, цаашид авах арга хэмжээ” олон улсын бага хурлын үеэр онцолсон. Харин эл арга хэмжээг хамтран зохион байгуулсан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөл болон гадаадын судлаачид “Аюултай хог хаягдлынхаа 40-50 хувийг дахин боловсруулж чадвал байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулах сөрөг нөлөө буурна” гэсэн юм. Аюултай байтугай энгийнийг нь ч ийм хэмжээнд боловсруулж, “юм болгож” чадалгүй хаядаг манай улсын хувьд энэ мэдээж хүнд даалгавар. Гэхдээ үүнд бодлогын хэмжээнд анхаарч, даруй арга хэмжээ авах болсныг бас л бидэнд сануулав.
Эмнэлгийн хог болон аккумляторыг устгах, дахин боловсруулах ажил бусад төрлийн хаягдлынхаас арай дөнгүүр байгааг салбарынхан онцолсон. Гэвч бодит байдалд тэдгээр нь хууль ёсны дагуу, зориулалтын аргаар арга хэмжээ авдаг уу гэдэгт эргэлзээ төрүүлэх баримт өчнөөн. Аккумлятор боловсруулах үйлдвэрүүд байгаль орчин бохирдуулсан гэж байнга цоллуулдаг. Эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэж, устгадаг компаниудад цуглуулсан хаягдал Нарангийн энгэр дэх хогийн цэгээр нэг ил хөглөрч байгааг бид өнгөрсөн жил сурвалжилсан билээ. Тэгэхээр дахин боловсруулах үйлдвэрүүдийн мэдэлд очдоггүй гэх аюултай хог хаягдлууд ч (90 орчим хувь) ландшафт, далд устгал нэрийн доор хогийн цэг нэртэй хяналтгүй бүсэд ил, задгай хаягдаж, байгаль орчин бохирдуулж байх магадлал өндөр.
Манай улсад тулгамдсан бас нэг төрлийн аюултай хаягдал нь химийн бодис. Үүнийг шийдэх гарцыг мэргэжлийн байгууллагууд тодорхойлж, төр, засагтаа өргөн барьсан ч одоо хүртэл шийдээгүй аж. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа “Химийн бодисыг устгаж чадахгүй олон жил хадгалж байгаа. Юуны түрүүнд тэдгээрийг булшлах, дахин боловсруулах газрууд бий болгох шаардлагатай. Үүнтэй холбогдуулан, Төв аймгийн Эрдэнэ сум болон нийслэлийн нутаг дэвсгэрт аюултай хаягдал устгах зориулалтын цэг байгуулах төсөл, төлөвлөгөөг хоёр жилийн өмнө Засгийн газарт танилцуулсан. Гэвч БОАЖЯ санал оруулах эрхгүй гэдэг үндэслэлээр бидний саналыг дэмжээгүй. Өдий болтол шийдээгүй” хэмээсэн юм. Аюултай хог хаягдалтай холбоотой асуудал яг л ийм байдлаар төрийн бодлогоос гадуур гээгдэж орхигджээ.
Манай улс 2015-2016 онд ОБЕГ-ын Аврах тусгай ангийн хашаанд мөнгөн усны түр агуулах байгуулж, тэндээ энэ төрлийн бодис, түүнд хамаарах химийн нэгдлүүд, Монголд ашиглахыг хориглож, хязгаарласан хортой, аюултай бодисыг 21 аймаг, нийслэлээс төвлөрүүлэх болсон. БОАЖЯ-ныхны хэлсэнчлэн, “Химийн бодис устгаж чадахгүй олон жил хадгалж байгаа” гэдэг нь үнэн бол бид цаашид илүүдэл хаягдлаа яах вэ гэдэг асуудал үүсэх нь. Аюултай хог хаягдалтай холбоотой сэтгэл чилээж, санаа зовоох зүйл бишгүй бололтой.
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн онд баталсан. Эл хуульд нэг шинэ зохицуулалт орсон нь аюултай хаягдал ялгаруулдаг аж ахуйн нэгжүүдийг МХЕГ-ынхан бүрэн хянахаар болсон юм. Үйлдвэрлэлээс гарсан хаягдлаа тээвэрлэх хүртлээ ямар орчинд, хэрхэн агуулж байгаагаас гадна эрх бүхий компанид хугацаандаа хүлээлгэж өгсөн, эсэхийг ч давхар хянах аж. Мэргэжлийн хяналтын байцаагчид эл зохицуулалтыг олзуурхан хүлээж авч буй. Холбогдох хууль, журмаа чангатгаж, хяналтаа сайжруулах нь зүйн хэрэг. Гэхдээ гол нь хууль хэрэгжих боломж, нөхцөлийг бүрдүүлэх. Хэчнээн сайн хууль байгаад хаягдал устгах зориулалтын газаргүй бол яах билээ.

Unuudur.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан