Ирээдүй “идүүлсээр” байна


Монголчууд хүүхдээ хүмүүжүүлэхдээ “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” гэж номлодог атал өнөөдөр өөрсдийн ирээдүй болсон хүүхдийнхээ эрүүл мэндэд багаас нь анхаарч чаддаггүй.
 “Хүүхдээ сайн хүн  болгоно, эрдэм мэдлэг олгоно. Сайн хуульч, эмч байх ёстой. Сайн хүн байх ёстой” гэдэг атлаа хүүхдээ ирээдүйд эрүүл чийрэг хүн болгох эсэхэд тэд анхаардаггүй.
Өнөөдөр хүүхдүүд ихэвчлэн түргэн хоол, чихэрлэг зүйлсээр хооллож байна гэхэд худал болохгүй. Харин үүнээс бусад хоол хүнс хүүхдэдээ өгөх нь өнөөгийн эцэг эхчүүдийн толгойн өвчнүүдийн нэг болоод байгаа. “Манай хүүхэд ёстой хоол идэхгүй юм. Амттай юм идээд л байдаг” гэж ярих атлаа хүүхдийнхээ аясаар тэдгээрийг нь өгсөөр байдаг. Гэтэл нөгөө талаас хүүхдийн орчин тэднийг дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүргээд байгаа юм. Сургуулийн ойр орчмын дэлгүүр, ТҮЦ, жижиглэн худалдаа, сургуулийн доторх цайны газар зэрэгт худалдаалагддаг бүтээгдэхүүнд хяналт байдаггүй. Хүүхдүүд эцэг, эхээсээ халаасны мөнгө аваад бага ангийнхан пирожки, кимбаб, чипс, ундаа зэрэгт зарцуулдаг. Дунд болон ахлах ангийнхан бол бэлэн гоймон голдуу иддэг.
Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн судалгаагаар сурагчдын 98.4 хувь нь сургуулийн орчинд хоол хүнсээ худалдаж авдаг. 33.9 хувь нь ТҮЦ-ээр үйлчлүүлдэг. Сурагчдын хамгийн их хэрэглэдэг бүтээгдэхүүнд пирожки, пицца, ундаа, хотдог, чихэр зэргийг нэрлэжээ. Уг нь эдгээр нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоот тушаалаар “Тусгай дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын бага ангийн сургуулийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага, түүнийг тогтоох журам”-ын дагуу хориглосон  хүнсний бүтээгдэхүүнд багтдаг юм. Гэвч журмын хэрэгжилт, хяналт байхгүйгээс шалтгаалан зарсаар байдаг. Хүүхдүүд идсээр байдаг. Ийнхүү сургуулийн орчинд ч тэр, гэрийн нөхцөлд ч тэр хүүхдийн хооллолтод анхаарал байдаггүй. Үүний жишээ нь Хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаагаар тав хүртэлх насны хүүхдийн 90 хувь нь “Д” амин дэмийн дуталтай. Мөн тав хүртэлх насны хүүхдүүдийн 9.5 хувь нь  “А” амин дэмийн дуталтай, 60.1 хувь нь тус амин дэмийн нөөц бага гэж гарсан. Түүнчлэн тав хүртэлх насны хүүхдийн 11.7 хувь нь илүүдэл жинтэй, 28.6 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна гэж гарсан. Таргалалт нь  эрүүл бус хүнсний хэрэглээтэй шууд холбоотой. Хүүхдийг эрүүл бус хүнс хэрэглэх бас нэгэн шалтгаан нь хяналтгүй зар сурталчилгаа. Нэг талаас төрийн байгууллага “Давс муу. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Давсны хэрэглээгээ багасгая” гэдэг уриалга дэвшүүлж, кампанит ажил хийгээд байхад хоол хүнс, үйлдвэрлэдэг газрууд нь давс ихтэй шарсан төмс, хүүхдүүдийн таргалалтын хамгийн том дайсан гэгдэж буй бургер тэргүүтэй бүтээгдэхүүнийг хэмжээ хязгааргүй сурталчилсаар байдаг. Үүнд ч бас хяналт байхгүй. Ингэсээр бидний ирээдүй хоол хүнсэндээ эргээд “идүүлсээр” байгаа юм.
Eagle.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан