Канвас ханын зургаараа цахим ертөнцийг чимж, олныг гайхшруулсан Жононгийн хэмээх тодотголтой Чулууны Амгаланг зорьж бүтээлүүдтэй нь танилцлаа.
Шинэ зочид буудал, рестораны ажил гээд тун завгүй байсан ч бүх нийтийн хөл хорионы үед амрахын оронд алжаалаа тайлж, авьяасаа хөгжүүлэхийг хүсчээ. Сурагч байхдаа дүрслэх урлагийн хичээлдээ сонирхолтой, тун дажгүй зурдаг байсан гэнэ. Үе үе бодогддог энэ сонирхлоо хөл хорионы үеэр ажил хэрэг болгохоор шийдэн хот руу зураг зурахад хэрэглэгдэх материалуудыг захиалаад сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хооронд өнгө будаг гаргах, гэрэл сүүдэр тусгах гээд зураг зурахад нь туслах бичлэгүүдийг YouTube-ээс үзэж, бэлтгэлээ хийсний эцэст зургийн канвас, хөл, бийр, усан болон тосон будгуудтай болжээ.
Амгалан ахын анхны бүтээл нь өвлийн улирлын зураг. Түүний гэр бүлийнхэн анх зургийг нь хараад ихэд гайхжээ. Өөрөө зурсанд нь итгэх гайхах зэрэгцэн бахдах хүн олон байсан гэнэ. Дараа нь намар, зуны улирлыг зуржээ. Албан ажлаа амжуулчихаад л ажлын өрөө рүүгээ яарч зургаа зурж эхэлдэг тэрээр цаг хэд болж байгааг ч анзааралгүйгээр зургандаа төвлөрч кайф авдаг гэнэ шүү.
Дөрвөн улирлыг зурахаар шийдсэн эрхэм авьяастан маань тун удахгүй хаврын улирлаа зурах юм байна. Мөн шинэ зочид буудал, рестораныхаа өрөө бүрт өөрийнхөө зурсан бүтээлийг тавихыг зорьж байгаа ажээ. Өрөө тасалгааны шийдэл бүрт зориулан өөр өөр төрөл чиглэлийн зураг зурах сонирхолтой байгаа юм байна.
Авьяаслаг зураач Амгалангийн уран бүтээлүүд KH зочид буудал, рестораныг чимж, Хан Хэнтийнхний төдийгүй аялагч олны мэлмийг мялааж, сэтгэлийг жаргаах мөч ойрхон гэдэгт итгэнэм.