Байгаль Орчин Аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлийн анхны албан томилолт Хан Хэнтий нутгаас эхэлснийг сурвалжиллаа.
Түүний томилолт Биндэр, Дадал сумдад энэ сарын 13-16-ны өдрүүдэд үргэлжилж, БОАЖЯ болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төслийн хаалтын үйл ажиллагаанд оролцсон юм.
Биндэр суманд хэрэгжсэн уг төслийн хаалтын үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооны хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люкас болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Төслийн үр дүн, орон нутагт хэрхэн хэрэгжүүлсэн талаар төсөлд оролцсон нөхөрлөлүүдийн ахлагч, гишүүд болон албаны хүмүүс илтгэл тавьж мэндчилгээ дэвшүүлэн, “Хамтын оролцоотой ойн менежмент” богино хэмжээний киног ирсэн зочдод сонирхууллаа.
Хаалтын хурлын үеэр төслийн хамтрагчид, хэрэгжүүлэгчид болон оролцогчдод талархал гардуулав. Мөн орон нутгийн иргэд болон нөхөрлөлийн гишүүдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэн худалдаагаар зочиллоо. Түүнчлэн төслийн дэмжлэгтэйгээр байгуулсан мужааны цех, нөхөрлөлийн гишүүдийн оролцоотой хийсэн ойн арчилгааны талбай, мод үржүүлгийн газар, “Биндэр ой” сум дундын ойн анги, Дэлгэр Онон нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцаж, гишүүдтэй уулзлаа.
Зүүн гурван аймагт ой хамгаалсан төсөл хэрэгжинэ гэв
Хэнтий аймагт ажиллах үеэрээ БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: -“Монгол Улсын 7.9 хувийг ой эзэлдэг. Цаашдаа дөрвөн жилийн хугацаанд 8.6 хувьд хүргэх том зорилтыг Засгийн газар тавьж байгаа гэв".-"Мөн таван сумын ойг хамгаалах, ард иргэдийг ойтой харьцаж сургах, байгаль хамгаалах сургалтад хамруулах, ойн унанги модоор бүтээгдэхүүн хийж сургах, үйлдвэр байгуулах зэрэг олон талын ашиг тустай буюу хүн төвтэй байгалийн баялгийг зүй зохистой ашиглах арга зүй, дадал хэвшлийг олгосон төсөл хаалтаа хийж байна.
Төсөл хэрэгжсэн хугацаанд 1378 хүнийг сургалтанд хамруулж, гарын авлагаар хангасан байна. Түүнээс гадна 43 аж ахуйн нэгжид тус бүрд нь 57 сая төгрөг олгож, ард иргэд маань өөрийн гэсэн аж ахуйтай болжээ. Байгаль руугаа хандахаас гадна байгалийн баялгийг зүй зохистой хослуулан ашиглах боломжийг бүрдүүлж байгаа ийм сайхан үйл явдалд оролцож байгаадаа баяртай байна. Үүгээр зогсохгүй НҮБ-ын ХХААБ маань Монгол Улсын ойг хамгаалсан 6 сая долларын төслийг үргэлжлүүлэн зүүн гурван аймагт хэрэгжүүлэхээр болж байна. Мөн Европын холбооны хамтын ажиллагааны хэлтсийн дарга манай улсын байгалийг хамгаалах, ард иргэдийн ахуй амьдралд дэм болох үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэх сургалт явуулах чиглэлээр 5 сая еврогийн төслийг хэрэгжүүлэхээр хамт судалгаанд оролцоод явж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын салбар маань байгалиа хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх гэсэн гурван үндсэн зарчимтай. Эдгээр гурван зарчмын хүрээнд цогц бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн хүмүүсээс гадна ард иргэд мэдлэг мэдээлэлтэй байж, төр засагтайгаа хамтарч ажиллах нь бодит үйл ажиллагаа болно гэдэг үүднээс олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Ард иргэд маань байгалиа хамгаалахын зэрэгцээ байгалийнхаа ашигт малтмалыг зүй зохистой ашиглах чиглэлд хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна” гэлээ.
Уг төсөл нь 2015 оноос Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн ойн санг гэрээгээр эзэмшдэг 101 нөхөрлөл, сум дундын 11 ойн ангитай хамтран ажиллаж, ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдний чадавх, чадамжийг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллажээ.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл мөн Дадал суманд ажиллаж, Онон Балжийн Дархан цаазат газар болон Тогтвортой аялал жуулчлалын төслийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.