БНСУ-д халдварын 15 шинэ тохиолдол бүртгэгджээ


СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д ням гарагт коронавирусний халдварын 15 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь шөнийн клубүүдтэй холбоотой халдварын тохиолдлын тоо буурч буйг харуулжээ.
“Манай улсад халдварын 11065 тохиолдол бүртгэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын тав нь дотоодод халдварласан” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.
БНСУ-д бямба гарагт халдварын 13 тохиолдол шинээр илэрсэн нь Сөүл хотын Итаевон дүүрэгт халдвар тархсанаас хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн цөөн тохиолдол болжээ. Тус улсад зайнаас харилцах дүрмийг сулруулсны дараа клубээр үйлчлүүлсэн хүмүүсээс халдвар илэрсэнтэй холбогдуулан халдварын хоёр дахь давлагаа эхэлж болзошгүй хэмээн санаа зовниж байсан юм.
Халдвартай өвчтөн энэ сарын эхээр Итаевоны клубүүдээр үйлчлүүлсний дараа халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэж, өнгөрсөн даваа гарагт халдварын тохиолдлын тоо 35 хүрсэн нь энэ сард өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нөөс тавдугаар сарын 6-ны хооронд Итаевоны клубүүдээр 5500 орчим хүн үйлчлүүлсэн бөгөөд эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд тэдэнтэй холбоотой 61 мянга гаруй хүнд шинжилгээ хийжээ. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, клубүүдтэй холбоотой 170 орчим хүнээс халдвар илэрсэн байна.
Эрх баригчид Итаевоны халдварын тархалтыг хяналтад авсан хэмээн үзэж байгаа боловч “нуугдмал халдвар тээгчид” байж болзошгүй тул эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд сонор сэрэмжтэй хэвээр байгаа ажээ.
БНСУ-д ням гарагт халдварын улмаас нэг хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 263 болсон бол 9904 хүн эдгэрчээ. 50 сая хүн амтай тус улсад нэгдүгээр сарын 3-наас хойш 753211 хүнд шинжилгээ хийсэн байна. Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлын тоо ням гарагт 10-аар нэмэгдэж, 1177 болжээ.
БНСУ-ын ахлах сургуулиуд энэ долоо хоногийн лхагва гаргаас буюу өмнө нь төлөвлөснөөс нэг долоо хоногийн дараа хичээллэж эхэлнэ. Бусад ангийн сурагчдын хувьд ирэх зургадугаар сарын 8-наас үе шаттайгаар сургуульдаа явж эхэлнэ.



скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан