Ерөнхийлөгч уриалж, Ерөнхий сайд мэдэгдэж, улс төрийн намууд хөлд нь чирэгдэв


"Ковид-19"-ийн халдварын улмаас дэлхийн эдийн засаг туйлдах нь нэгэнт тодорхой болоод байгааг олон улсын шинжээчид хэлж байгаа. Цар тахлын нөлөөтэй эдийн засгийн уналтын эсрэг олон улсад арга хэмжээ авч буй бол өнгөрөгч долоо хоногт Монгол Улс эдийн засгийн бодлогоо танилцууллаа. Тухайлбал, Монгол Улсын Төрийн тэргүүн Х.Баттулгын улсын төсөвт тодотгол хийх, тэвчиж болох бүх зардлыг танах, УИХ-ын сонгуулийг хойшлуулж, сонгуульд зарцуулагдах мөнгийг коронавирусний халдварын үед авч хэрэгжүүлэх эдийн засгийн хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулахыг уриалав. Түүнчлэн хямралын үед эдийн засгийн хүндийг нуруундаа үүрэх үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тарсалтгүй хангах арга хэмжээний хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, энэ асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон чадварлаг комиссыг нэн яаралтай байгуулж, төлөвлөгөө гаргах ёстойг уриалгадаа онцлов.
Эдийн засгийн ач холбогдол бүхий уриалгаас иргэд улс төртэй холбоотой сонгууль хойшлуулах, хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх гэсэн хоёрхон өгүүлбэрт анхаарал хандуулав. УИХ-ын сонгуулийг хойшлуулах бүрэн эрх нь Үндсэн хуулиараа Монгол Улсын Их Хуралд бий. Тиймээс “цочроо” өгөх үүднээс Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд уриалга гаргасан нь харагдаж байна. Ерөнхийлөгчийн уриалгын төрийн удирдлагыг төвлөрүүлэх гэсэн өгүүлбэрийн араас “Энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй шаардлагатай арга хэмжээ” гэдгийг онцлосон байлаа. Үнэхээр дарангуйлал тогтоох, нэг хүнийг хаан мэт тахин шүтэх давхар мэх агуулаагүй бол хямралын үеийн энэ арга хэмжээг буруу гэх газаргүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын уриалгын араас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэлийн хурал хийж Засгийн газар хямралын үед авч хэрэгжүүлэх эдийн засгийн бодлогоо танилцуулав. Ерөнхий сайд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэх, энэ хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй байх, 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ийг ААНОАТ-аас бүрэн чөлөөлөх, үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгох, малчдаас ноолуур авахад зориулж гурван хувийн 300 тэрбум төгрөгийн зээл олгох, 18 насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг 30.000 төгрөг болгон олгох, шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулж, 5.1 их наяд төгрөгийн бодлого хэрэгжүүлэхээр болсноо зарлав. Үнэхээр л иргэдийн хүлээлт, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тасралтгүй явах боломжоор хангаж өгсөнд хүн бүр талархаж буйгаа илэрхийллээ. Гэхдээ улсын төсөвт тодотгол хийхгүйгээр 5.1 их наяд төгрөгийг хэрхэн зарцуулах нь одоогоор тодорхойгүй байна.
ҮАБЗ-ийн гурван гишүүний хоёр нь болох Ерөнхийлөгч гэнэт уриалга гаргаж, Ерөнхий сайд гэнэт мэдэгдэл хийсэн нь хэн нэгнээсээ давж унах гэсэн оролдлого гэж харах нь дэндүү өнгөц болно. Ямартай ч энэ талаар ярилцаж, нэгдсэн зөвшилцөлд хүрсний дүнд Ерөнхийлөгч уриалгаа гаргасан бол Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрээ танилцуулсан нь тодорхой байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар нэгэн зүгт хамтдаа алхаж байгааг эндээс харж болно. Ерөнхийлөгчийн уриалга, Ерөнхий сайдын мэдэгдэл, авч хэрэгжүүлэх шийдвэрийг нэг хавтгайд зэрэгцүүлэн тавьж байгаад хараарай. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх харин сонгууль хойшлуулах нөхцөл байдал бий болоогүй, төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэдгийг хэлнэ лээ. Бусад тохиолдолд хэн хэндээ ташуур өгсөн төрийн шийдвэрийг та алдалгүй харах болно.
Уг нь бид хөөрцөглөөд байх шаардлагагүй юм. Монгол Улс үнэхээр төртэй байгаад төр нь ард түмнээ “хайрладаг” байсан бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын уриалгад баясаад байх юм алга. Төр нь эзэнтэй гэдгийг харуулсан дээрх шийдвэрүүдийг аль ч Засгийн газар гаргах ёстой. Харамсалтай нь бид өнгөрсөн 30 жил дээрээ залсан түшээд дэргэдэх иргэдээ тоож байгаагүйн улмаас төрийн нэг шийдвэр түмэн олонд баяр, бахдал мэт ирж байна. Гэхдээ энэ тэр эзэнтэй гэдгийг харуулсан ҮАБЗ-ийн гишүүддээ, талархал илэрхийлье. Цаашид ч төр нь эзэнтэй, түмэн олон нь төрдөө итгэх итгэлтэй байх ёстой юм.
Өнгөрөгч долоо хоногийн эхэнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас өмнө улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрөө хуулийн хүрээнд буюу гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар хүргүүлж, мөрийн хөтөлбөрт туссан иргэдэд таалагдах “поп” заалтуудаасаа зах зухаас нь дурдав. “Сонгуулийн хайр” эхэлснийг улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл харуулсан. Ардчилсан намынхан иргэдийн цалинг гурван сая төгрөгт хүргэнэ гэж “үлээсэн” бол, МАХН, ИЗНН, МУНН-уудын “Та бид” эвсэл иргэдийг үнэгүй орон сууцанд оруулж, иргэдийн цалинг таван сая төгрөгт хүргэхээр мөрийн хөтөлбөртөө тусгаснаа зарлав. Харин Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан намын “Шинэ эвсэл” 30 гэр бүлийн хөрөнгийг хурааж Монгол Улсын өрийг төлүүлнэ гэж “тэнэгтэв”. МАН-ынхан харин нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бүх иргэдийг орон сууцанд оруулна гэдгээ мэдэгдлээ. Энэ мэтчилэн улс төрийн намууд өөрсдийн мөрийн хөтөлбөрөөс ард түмэнд таалагдах заалтуудаа танилцуулсан. Монголын ард түмэн нэг л өдөр 3-5 сая төгрөгийн цалинтай болно, үнэгүй орон сууцанд оруулнано гэсэн “үлгэр”-ийг Ерөнхийлөгчийн уриалга, Ерөнхий сайдын мэдэгдэл ор мөргүй арчин хаяснаар улс төрийн намууд хөлд нь чирэгдэв. Нэг талаасаа коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор үүсч болзошгүй эдийн засгийн хямралын эхэнд тооцоо, судалгаагүй амладаг башир аргыг буруу гэдгийг хатуу сануулж, улс төрийн намуудыг хөрсөн дээрээ буухыг хатуу сануулсан явдал гэж харж болохоор байна. ҮАБЗ-ийн гишүүдийн эдийн засгийн бодлогын хүрээнд хэлсэн үгс нэн нэгнээсээ давсан оноо авах уралдаан гэхээс илүүтэй энэ төрийн бодлого одоо л нэг чигт харж эхлэх гэж байна гэсэн таатай бодлоор өнгөрөгч долоо хоног өндөрлөлөө.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан