Хар тамхины шинэ зах зээл ба Монгол


Харь холын санагддаг бүхэн дасал болж, харж үзэхсэн гэж мөрөөддөг байсан зүйл улиг болох цаг. Магадгүй баахан хязгаарлагдмал мэт санагдан бачимдуулдаг байсан бага насны томоогүй сониучархал. Яг үнэндээ кинон дээр урсдаг шат хараад ганц удаа л дээр нь гарчихвал гэж хорхойсч явсан өнгөрсөн он жилүүд. Басхүү хотод ДОХ гээч гарч гэнэ. За тэгээд маньд ямар хүртэх биш. Өнөөдүүл дээгүүрээ хуваагаад хүртчихнэ биз гэж хуучилсан гэх хөдөөх хөгшдийн яриа...Ийн төөрсөн мэт бичиглэхийн учир өнөөх мафитай кинон дээр гардаг маньд падгүй байсан хар тамхины аюул аль хэдийнэ хаалгыг маань дэлгээд орж ирээд хоймор гараад завилчихаж. Бодвол хаалга тогшсон л байх. Эсвэл сэмээрхэн гэтэж мяраагаад анхаарал сарнисан хойгуур тухлаад авсан байхнээ мэднэ. Ямар ч байсан ороод ирж... Монголын нийгэмд, залуусын амьдралд.
МӨРӨӨДӨЛГҮЙ ХҮҮХЭД НАС...
 Наркологийн эмчтэй уулзлаа. Мундаг мэргэшсэн хүн л дээ. Тэр хүн эдийн засгийн хямрал надад мэдэгдэхгүй бна. Боломжтой айлын хүүхдүүд бөөн бөөнөөрөө ирж эмчлүүлж бна. Эцэг, эх нь нэр хүндээ бодоод манай эмнэлэгт ханддаг. Хувийн нууцыг ТТГ-аас илүү хамгаалдаг учраас тэр... гэж хэллээ. Бас араас нь хэцүү юм даа, ирж буй хүүхдүүд мөрөөдөлгүй учраас л хар тамхинд донтоод байгаа юм. Төрөөд орох цэцэрлэг, сургууль нь тодорхой. Төгсөх сургууль, эзэмших мэргэжил нь ч бас.. Угаасаа эцэг, эхийнхээ компанийг үргэлжлүүлэх нь баараггүй. Тэдний өмнөөс томчууд бүхнийг шийдчихсэн учраас тэд зүгээр л зугаацаж мансуурах үүрэгтэй гэж ойлгоод байгаа юм гэлээ... /тэд брэндийн пүүз, загварын утастай болохсон ч гэж бодох хэрэггүй. Угаасаа бүгдийг аваад өгчихдөг учраас хүсэхгүй мөрөөдөхгүй зүгээр аваад ир гэж хэлээд бүх зүйл ок /
...Хамаг байдгаа чамд зориулаад байхад гэж хүүхдээ загнаж буй томчууд энэ талаар нэг юм бодно байгаа... Мөрөөдөлгүй хүүхэд нас.... Аймаар уу?
 
ХАР ТАМХИНЫ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОГСДЫН 49 ХУВЬ НЬ 19-25 НАСНЫХАН
 Манай улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг гарах нь элбэгшсэн. Энэ талаар Хар тамхитай тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Даваанямын өгүүлснээс товчлон хүргэе.
Өнгөрсөн үеийнхтэй харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг 30.7 хувиар нэмэгдсэн. Холбогдогч нь 31.1 хувиар өссөн үзүүлэлтэй байна. 2019 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодистой холбоотой нийт 169 гэмт хэрэг гарсан. Үүнд 294 холбогдогч шалгагдсан. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүс бусад хэрэгт холбогдогсдыг бодвол илүү залуужсан. Ид сурч боловсрох, хийж бүтээх насан дээрээ яваа өсвөр үеийн залуучууд л байна.
Бүртгэгдсэн нийт холбогдогчдын 49 хувийг 19-25 насныхан, 43 хувийг 26-35, долоон хувийг 36-45, үлдсэн нэг хувийг 46-55 насныхан эзэлж байна.
Эх сурвалжийн өгүүлснээс харахад, энэ төрлийн гэмт хэрэгт 35 хүртэлх насныхан холбогддог бөгөөд хар тамхины хэрэг улс үндэстэн дамжиж үйлдэгддэг. Басхүү бусад төрлийн гэмт хэргийг бодвол нууц далд аргаар үйлдэгддэг. Товчхондоо, хохирогчгүй гэмт хэрэг гэж үздэг ажээ.
 ХАР ТАМХИЧНЫ ҮЛГЭРЛЭЛ БА УРЛАГИЙНХАН...
Урлаг соёлын эрхмүүдээс хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, зөөсөн гэх хэрэгт ял шийтгүүлсэн хүн олон бий. Цухас дурьдвал, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн. Тэрбээр хар тамхины хэрэгт холбогдож 10 жилийн ял сонссон нь ч Ерөнхийлөгч өршөөл үзүүлж,  сулласан. “Ice top” хамтлагийн Коби буюу С.Чулуунбаатар, Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, Монголын Хип Хоп холбооны Ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр, Д.Манлайбаатар, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, реппер Don Dior, цагт “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоороо олонд танигдсан жүжигчин Б.Энхтүвшин, “Мотив” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр буюу Жижгээ, дуучин Б.Амархүү гэхчлэн мундахгүй урт жагсаалт гарна. Хамгийн сүүлд Жүжигчин Т.Билэгжаргал хар тамхи болон гэр бүлийн хүчирхийллийн хэргээр баривчлагдсан. Цагдаагийнхан түүний мансуурсан үедээ ээжийгээ зодож буй бичлэгийг сошиалаар түгээсэн нь нэг хэсэгтээ л цочир үзэгдэл болсон юмдаг.
Хараал идсэн хар тамхичид гэж хараал зүхэл болсоор сошиал ертөнцөд үзэн ядалтын их давалгаа хуйларсан. Үзэн ядах ёстой юу, эсвэл...
УСТГАХ БАЙ НЬ ХАР ТАМХИЧИН УУ, ХАР ТАМХИНЫ НАЙМААЧИН УУ?
Хар тамхи, мансууруулах бодис борлуулдаг гэмт этгээдүүд орлогынхоо багагүй хэсгийг шинэ зах зээл бий болгоход зориулдаг аж. Тэд эхний үед борлуулах биш харин хэрэглэгч нарыг бий болгохын тулд үнэ төлбөргүй эсвэл хямд үнээр хүүхэд, залуусыг дасал болгож, тэднийг байнгын хар тамхи хэрэглэгч болгодог гэсэн судалгаа байна. Залуус, өсвөр насныхан сониуч байдаг. Дарвиж хэрэглэж үзэхдээ хуулийн хариуцлага хүлээнэ, шоронд “шомбойно” гэдгээ мэддэг нь хэд бол. Товчхондоо, бидний устгах бай урлагийн залуус мөн үү. 20-иодхон настай залуусаа хохь нь ямар юмаа хийж хар тамхи татсан юм бэ гээд ял сонсгохоор яаран сандран хашгиралдаж байгаа бид ер нь өөрсдөө хэн юм бэ. Тэднийг хорих ёстой юм уу, эсвэл эмчлэх шаардлагатай юу. Эмчлэх гэхийн учир хар дамхинд донтох нь өвчин. Хүнийг өвдсөн учраас гээд шоронд хорьдоггүйтэй угтаа агаар нэг. Товчхондоо, хүүхэд, залуусыг хар тамхинд оруулаад байгаа, мөн тэр зах зээлийг бий болгож байгаа худалдан борлуулагч, гаднаас нийлүүлэгчдийг, тэндээс ашиг хүртэж байгаа хүмүүсийг илрүүлж хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.
Судалгаанаас харахад,  2002 оноос хойш энэ төрлийн гэмт хэрэг тасралтгүй өссөөр байна. Энэ нь хоёр талтай. Нэгдүгээрт, хар тамхи мансууруулах бодисын хэрэглэгчид нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, хэрэглээ байгаа газар нийлүүлэлт байна гэсэн үг. Хамгийн эгдүүцмээр нь хар тамхи зарж борлуулж, тэндээсээ их хэмжээний мөнгө олдог. Хүүхэд, залуусыг уруу татаж байгаа этгээдүүд үнэн хэрэгтээ өөрсдөө хар тамхи хэрэглэдэггүй гэх судалгаа байна, цаана чинь.  Тэгэхээр хар тамхи хэрэглэсэн хүүхэд, залуусыг шийтгэлээ гээд хар тамхи гэх цагаан тахлын уг үндэс арилахгүй нь дэлхийн замналаас тод харагдаад байгаа юм. Нөгөөтэйгүүр ийм төрлийн гэмт хэргийг үр дүнтэй бууруулж чадсан улс орнуудын туршлагыг харахад хар тамхийг нийлүүлж, худалдан борлуулж тэндээс онц их хэмжээний ашиг олж байгаа гэмт бүлэглэлтэй хуулийн байгууллагууд нь илүүтэй хүч хаяж тэмцсэн байдаг юм билээ.
ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА, ОДООГООР...
Эрүүгийн хуулийн 20.7.1-д “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”,
20.7.2-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Мэргэжилтний хэлснээр, хар тамхи хэрэглэж буйг нь тухайн донтогчийн ар гэрийнхэн тодорхой хэмжээгээр мэдэж байдаг. Мэдрэгдэхгүй хэрэглэнэ гэж байхгүй гэнэ. Учир нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаа хүн гэр бүлээсээ дайжаад, хоолонд дургүй болоод, хэвийн бус болдог. Яахаа мэдэхээ байсан эцэг, эхчүүд нь дэмий л хүүхдээ загнаж, аргадаж, хямрахаас биш холбогдох албаныханд ханддаггүй. Хандая ч гэсэн хатуухан хэлэхэд хандчихаар олигтой эмнэлэг тусламж зөвлөгөө өгөх үйлчилгээ Монголд байхгүйтэй адил.
ХАР ТАМХИНЫ ДОНТОЛТЫН ЭСРЭГ
Дэлхий нийтэд мансууруулах донгоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа бүх нийтээр яригддаг. Өндөр хөгжилтэй улс оронд  ч дээд тал нь 5 хувийн эмчилгээний магадлалтай байдаг аж. Тэгэхээр 95 хувь нь эмчлэгдэх боломжгүй байгаа учир энэ эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь хамгийн чухал арга гэх нь бий. Бас донтсон хүмүүсээ авч гарах. Донтолт бол өвчин. Маш хүнд. Гэхдээ эмчлэгддэг, эргээд энгийн хүн болж чаддаг. Хэдийгээр бид тамхичдыг муугаар ярьдаг ч яг өөрсдийн хүүхэд, ойр дотнынх нь хүн дээр асуудал тулаад ирэхэд л өвчтэй гэж хардаг.
Тиймээс бид урьдчилан сэргийлэх тал дээр анхаарлаа төвлөрүүлээд бусдыг нь орхигдуулаад байна уу даа гэх эмзэглэлээ илчилье. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гарч гүйгээд л хар тамхи олчихдоггүй. Хар тамхи хэрэглэдэг хүмүүс л олно, түгээнэ, зарсан мөнгөөрөө дахин авна. Нэг ёсондоо манайх донтсон хүмүүсээ орхичихсон. Харин ч эсрэгээрээ барьж хорьдог. Хөл нь хугарчихсан хунийг бариад хорьчихвол тэр хуний өвчин эдгэрэхгүйтэй агаар нэг асуудал гэх гээд байна л даа. Өөрөөр хэлбэл, хэрэглэдэг хүмүүсийг донтолтоос гаргах нь хамгийн үр дүнтэй арга болохыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрчихөөд байна, цаана чинь...
ЭХ СУРВАЛЖ: Б.ТЭРГЭЛЖИН, NERTUR.MN


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан