Хашааныхаа үүдэнд манаачтай Биндэрийн Цагаан сар


Урд хөршийн Ухань мужид анхны тохиолдол нь илэрснээс хойш хэдэн мянган хүний амийг авч одсон коронавирусийн халдвар хуурай өвсөнд шүдэнз зурсан мэт тархаж байна. Унтаад сэрэхэд л халдвар авсан хүний тоо хэдэн зуугаараа нэмэгдэж, дэлхийг айлгаж, монголчуудыг түгшээсээр. Гуравхан сарын хугацаанд 64 улсад халдвар илэрснээр томоохон улс, гүрнүүд донсолж, тив алгасахгүй тэвдсээр өдийг хүрлээ. Ази тивд гэхэд л одоогоор дөрөвхөн улсад халдвар илрээгүй үлдэв. Үүний нэг нь манайх.
Халдварын голомт болох БНХАУ-д нэгдүгээр сарын дундуур Цагаан сарын баяр нь тохиож, тэр үеэр вирусийн тархалт эрчийг авсан гэж судлаачид үзэж байгаа. Үүнийгээ ч хятадууд хүлээн зөвшөөрсөн. Хэдийгээр манай улсад аймшигт өвчин илрээгүй ч урьдчилан сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Цагаан сарыг албан ёсоор цуцалж, баярын өдрүүдээр орон нутгийн автозам, тээврийг бүрэн зогсоосон. Үүнтэй холбоотойгоор орон нутгийнхан хэрхэн ажиллаж, иргэд өөрсдийгөө яаж хамгаалж байгааг Хэнтий аймгийн Биндэр сумаас сурвалжиллаа. 
Орон нутгийн замыг “Битүүний өдрөөс шинийн дөрвөн хүртэл хаана” гэсэн Улсын онцгой комиссын шийдвэртэй уралдаж, зорчигчид Улаанбаатар хотоос “дайжиж” эхлэв. “Хотоос л гарч байвал сум руугаа аргалаад орно” гэсэн иргэдийн бодол тэднийг сумынх нь зүг хөтлөв бололтой. Хөл хорио тогтоохтой зэрэгцэж, Биндэр сумд 134 хүн ирсэн гэнэ. Харин хөл хорио тогтоосны дараа хэд хэдэн машин сум руу орохоор ирсэн нь малчид. Тэдэнд учирлаж, ойлгуусаар сумын төв рүү нэвтрүүлээгүй аж. Зөвхөн ар гэрийн гачигдал болон эрүүл мэндийн шалтгаантай хүмүүсийг хяналттайгаар сумын төв рүү нэвтрүүлэсэн гэнэ. Онон, Хурхын бэлчирийн дөрвөн зүгт өдөрт гурван ээлжээр 35 жижүүр гаргаж, сумаас иргэдийг гаргахгүй, оруулахгүй гэсэн шийдвэрийг тэд хангалттай сайн биелүүлсээр өдгөө найм дахь хоногтойгоо золгож байна.
Нэгэнт л гарсан шийдвэрийг хэн ч эсэргүүцэх учиргүй гэдгийг иргэд бас ойлгосон бололтой. Сумын төвөөс холгүйхэн зогсох харуул, хоногийн манаанд гарч буй хүмүүс болон нутгийн иргэдийн хооронд “Би, чи, нэвтэрнэ, нэвтрэхгүй” гэсэн асуудал бага, албан хүчээр сумын төв рүү нэвтрэхийг завдах, зугтаах, жижүүрүүдэд эсэргүүцэл үзүүлэх хүн бараг байгаагүй гэсэн.
Харин битүүний өдөр сумын төвд хөл хөдөлгөөн багагүй байв. Цагаан сарыг албан ёсоор цуцалсан учраас тэмдэглэхгүй гэсэн хүн олон байсан ч цагаа тулахаар айл болгон баярын ширээгээ засахаар бэлтгэлээ базааж яваа нь илт харагдана. Томоохон хүнсний дэлгүүрүүдэд амны  хаалттай, тор дүүрэн чихэр, жимс барьсан худалдан авагчдын цуваа тасрахгүй байгаа нь үүнийг батлах аж.

“ГЭРЭЭС ГАРЧ БОЛОХГҮЙ ГЭДЭГ ҮНЭН ЮМ БАЙНА. ХАШААНЫ БУЛАНД ХҮН ЗОГСООД, БУЦАЖ ОРОХЫГ ШААРДАЖ БАЙНА”

Битүүний оройноос эхлээд шиний 1-ний өглөө сумын төвөөр машин явуулахгүй, иргэдийг олноор цуглуулахгүй шийдвэр гарсан тухай иргэд ярив. Ингэснээр “Айлд очиж  болохгүй нь. Шиний нэгний өглөө биднийг битгий хараарай” гэлцэж хэдхэн гудамжны цаана байх аав, ээж, ах дүү, хамаатан садан руугаа утас цохицгоолоо.
Хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө бидний очсон айлын эзэн хашааныхаа үүдэнд гарснаа “Өнөөдөр гэрээсээ гарч болохгүй гэдэг үнэн юм байна. Хашааны буланд нэг хүн зогсоод, буцаж орохыг шаардаж байна” гэсээр буцаж орж ирсэн. Сумын холбогдох албаныхан хоёр гудамжний 16 айлын дунд нэг манаач томилж, гудамж бүрийн үзүүрт зогсоосон юм санж. Энэ талаар Биндэр сумын Шуурхай штабын дарга Т.Бадрахаас тодруулахад “Шинийн 1-4 хүртэл иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Ялангуяа, бага насны хүүхдүүдийг гэрээс гарахыг хориглосон. Иргэд ч үүнийг ухамсарлаж, баярын өдрүүдээр явган болон машинтай хүмүүсийн хөдөлгөөн бүрэн зогссон гэж хэлж болно. Айлуудын гудамж хэсгийг төрийн албан хаагчид хариуцаж, хөдөлгөөн хийлгэхгүй байхаар зохицуулалт хийж ажилласан. Мөн шаардлагагүй тохиолдол гадуур гарсан иргэдэд анхааруулга, сануулга хүргэж, учирлаж ойлгуулсан. Сар шинийн эхэнд сум руу орох болон гарах хөдөлгөөн нэлээд байсан ч Онцгой комиссын шийдвэрийг иргэдэд тайлбарлаж, элдэв асуудал гаргалгүй ажиллаа. Харин шинийн 4-ний өглөө буюу хоёрдугаар сарын 27-нд хөл хорио тавигдах байсан ч сунгагдсан. Тухайн өдөр сумаас гарах иргэдийн хөдөлгөөн нэлээн байсан нь жижүүрт гарч байгаа хүмүүст багагүй хүндрэл учруулсан. Хөл хорионоос өмнө ирсэн хүмүүс буцах шаардлагатай гэж байсан ч бид ямар ч хүнийг сумаасаа гаргаж, оруулаагүй. Харин энэ хугацаанд эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай иргэдийг буюу гурван машиныг гаргасан. Хөл хорио маргааш (өнөөдөр) өглөө тавигдахаар иргэд шуурхай штабаас ирж, зорчих хуудас авна. Хэрэв зорчих хуудас аваагүй иргэн, машин байвал хот руу оруулахгүй байх шийдвэр гарсан. Мөн манай сумд томуу, томуу төст өвчнөөр өвчилж, эмнэлэгт хэвтэж байгаа хүүхэд одоогоор байхгүй. Иргэд коронавирусээс урьдчилан сэргийлж, амны хаалтыг сайн зүүж, өөрсдийгөө хамгаалж байна. Үйлчилгээний байгууллага болон төрийн үйлчилгээ үзүүлж байгаа эрх бүхий хүмүүсийг амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй байх үүрэг өгсөн. Үүнд гурван удаа хяналт шалгалт хийсэн. Цаашид ч энэ хяналт, шалгатыг үргэлжлүүлнэ” хэмээв. 
Эргүүлд гарч байгаа иргэдэд хоол, цай хүргэж өгөх сайхан сэтгэлтэн олон
Хөл хорио тогтоосноор төрийн албан хаагчид амрах ч завгүй жижүүрлэж байна. Иргэдийг гудамжнаас нь бүү хэл хашаанаас нь гаргахгүй хэмээн тэд дөрвөн өдөр хатуу “тэмцэв”. Тэгсний хүчээр томуугийн ч өвчлөлгүй сар шинэтэй золгоод дууслаа. Жижүүрт гарч байгаа хүмүүст баярын өдрүүдээр халуун хоол, цай хүргэж өгөх иргэдийн цуваа тасарсангүй. Сумын төвөөс дөрөв, таван километрийн зайтай байрлаж, шалгалт хийж байгаа албан хаагчдыг найз нөхөд, албан байгууллага, анги хамт олноороо нийлээд эргэжээ. Тэд үүнийгээ “Бидний төлөө цаг наргүй ажиллаж, шаардлагатай бүх арга хэмжээг цаг алдалгүй авч, хүйтэнд даарч зогсоо тэдэнд ядаж халуун хоол, цай дөхүүлж өгөхийг хүссэн” хэмээн тайлбарлав. Мөн найман цагийн турш машинд байрлаж буй жижүүрийн албаныханд улсаас арван литр шатахуун олгож байгаа гэнэ. Энэ нь өдрийн цагт хүрч байгаа ч шөнийн ээлжнийхэн машинаа байнгын асаалттай байлгаж, хүйтнийг давдаг тул шатахуун нь хүрэлцдэггүй аж.

ОЁСОН АМНЫ ХААЛТАА СУМЫНХАА ИРГЭДЭД БЭЛЭГЛЭЖ БАЙВ

Хэдийгээр сумын төвөөр нь хүн харагдахгүй байсан ч Онон голын эрэг, хойд талын уулын зүүн хаяанд иргэд олноороо цугларчээ. Хотоос ирсэн болон тус сумын иргэд цэвэр агаарт гарч, хүүхдүүдээ салхилуулж яваа нь энэ гэнэ. Тэд уулын уруу хуванцар чаргаар гулгаж, гол дээр мөсөн шагай тоглож байсан юм. Эргэн тойронд цасан цагаан өнгөөр гоёж, жавар тачигнасан голын эрэг жиндүүхэн. Харин амны хаалтгүй хүн бүү хэл хүүхэд энд алга. Тэд сумын төвд элдэв янзын өвчнөөс хол, цэвэр агаарт байгаа ч коронавирусээс ихээхэн сэрэмжилж байгаа нь тодхон. Сумын эмэгтэйчүүд даавуугаар амны хаалт оёж, бага насны хүүхэд болон амжиргааны түвшин доогуур иргэдэд бэлэглэж байгаа гэнэ. Үүний нэг болох 40 орчим насны эмэгтэй голын эрэгт тоглож байсан бага насны хүүхдүүдэд амны хаалт тарааж явахад нь бид таарав. Тэрбээр “Нийтдээ 100 ширхэг амны хаалт оёсон. Үүнийнхээ 20-ийг нь сумдаа хандивлаж, үлдсэнийг нь иргэдэд тарааж өгсөн. Бага насны хүүхдүүдэд голчлон өгнө гэж бодож байсан. Гэхдээ сумын төвөөр болон олон хүнтэй газраар иргэд хүүхдээ явуулахгүй байгаа учраас хүүхэдтэй хүмүүст бэлэглээд дуусаж байна. Манай улс нийтээрээ аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа энэ үед иргэн хүнийхээ хувьд өчүүхэн тус хүргэх гэж зорьсон юм. Цаашид ч шаардлагатай бол амны хаалтаа оёод хүмүүст тараана” хэмээн даруухан өгүүлэв.
Хоёрдугаар сарын 27. Хөл хориотой Цагаан сар дуусаж, сумын хүнсний дэлгүүрүүд ажиллаж эхлэв. Гэхдээ гудамжинд бараг л хүн алга. Хаа нэг махны дэлгүүрээс мах, сүү, хэрчсэн гурил худалдаж аваад алхаж буй хүмүүс харагдана. Хөл хориог гуравдугаар сарын 3-ыг хүртэл сунгасан учраас сумын онцгой комисс хуралдаж, сумынхаа иргэдийг хөдөө рүү гарах зөвшөөрлийг олгохоор болжээ. Учир нь хоёр ч удаа ойрхон цасаар шуурч, малчдын нөхцөл байдал хүндэрч эхлэв. Энэ талаар сумын Засаг дарга С.Эрхэмбаяр “Бид шинийн 4 хүртэл ямар ч хүнийг оруулж, гаргаагүй. Зөвхөн эрүүл мэндийн шалтгаанаар зайлшгүй үйлчилгээ авах гурван хүнийг Хэнтий аймаг болон Улаанбаатар хот руу явах зөвшөөрөл олгосон. Харин сумын онцгой комиссын шийдвэрээр сумын иргэдийг мал руугаа явахыг зөвшөөрнө. Ингэхдээ багийн Засаг даргаасаа албан бичиг авч явах зохицуулалт хийсэн” гэв. 
Гуравдугаар сарын 3. Эрвийх, дэрвийхээрээ зүтгэж, өндөржүүлсэн бэлэн байдалд зогссон жижүүрийн ажил маргааш (өнөөдөр) өглөө дуусах нь. Хөдөө, хотод хөл хорионд орсон иргэдийн цуваа амьдардаг газар руугаа чиглэх болов. Харин сумын холбогдох албаныхан “Орон нутагт зорчих хөдөлгөөнийг нээсэн гэдэг нь манай улс коронавирусийн халдвар орж ирэх эрсдэлээс гэтэлсэн гэсэн үг биш. Хяналт, шалгалтгүй ч иргэд шаардлагагүй тохиолдолд хөдөлгөөн хийх хэрэггүй” хэмээн зөвлөсөөр иргэдийг үдэж байна. Буйд хөдөөд амьдарч байгаа ч иргэд аюулт өвчний вирус манай улсад орж ирэх вий гэдгээс үнэн сэтгэлээсээ айж байна. Тэд чадахаараа тэмцэж буй нь тодхон байлаа.
Үндэсний шуудан
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан