Иранчууд коронавирусийг ялахын тулд сүмийн хаалгыг үнсч, долоож байна

Иран улсад сүүлийн өдрүүдэд шинэ төрлийн коронавирусийн халдвар хурдацтай тархаж Хятадаас гадна хамгийн их халдвар тархсан улс орнуудын нэг болоод байгаа билээ. Одоогийн байдлаар тус улсад 1,501 хүн халдвар авч, 66 хүн нас бараад байгаа юм. Мөн төрийн хоёр ч өндөр албан тушаалтан уг вирусийн халдварын улмаас нас барсан билээ. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн тус улсын Засгийн газар ард иргэдийг олноор цуглуулахгүй байхын тулд сүм хийдүүдийг хааж, олон нийтийг хамарсан томоохон мөргөл, цуглаануудыг хориглосон.
Гэтэл тус улсын халдварын голомт болоод буй Ком хотын иргэд Засгийн газрын шийдвэрийг үл хайхран сүм хийдүүдийн хаалга үүдийг үнсч, долоож байна. Тэд энэ үйлдлээ дүрсжүүлэн цахим сүлжээнд цацжээ. Энэ нь сүм хийд гэх мэт ариун дагшин газрын үүд хаалгыг үнсч, долоох нь аливаа өвчин зүдгүүрийг эдгээх шидтэй гэж итгэдэгтэй холбоотой аж.
Цахим сүлжээнд цацагдсан дүрс бичлэг дээр нэгэн эр “Хүмүүсийг коронавирусээр айлгаж, ард иргэдийн сүсэг биширлээр тоглохоо боль. Сүм хийд бол бидний ариуслын газар. Энд ирснээр бид бүх өвчин зовлонгоос гэтэлж, ариусдаг. Тиймээс та бүхнийг ч гэсэн ирээсэй гэж хүсч байна” гэх мэтээр хүмүүсийг уриалсан байна.
Халдварт өвчин тархсан, хорио цээр тогтоосон үед иргэдийг буруу ташаа мэдээллээр уриалан дуудсан эрийг цагдаа нар баривчилж, сүм хийдүүдийн хаалга үүдийг ариутгажээ. Мөн эрх баригчдын зүгээс энэ мэт бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлэх, халдвар тараах үйлдэл хийхгүй байхыг уриалсан байна. 
 

Н.Амгалантуул
Эх сурвалж: New York Post, Daily Mail
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан