Орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын эхний хагаст зохион байгуулна



  • Сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч тавдугаар сарын 1-нээс өмнө ажлаа өгсөн байна 

Орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Харин дахин санал хураалтыг нөхцөл байдал үүссэн өдрөөс хойш 14 хоногийн дотор, нөхөн сонгуулийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногт багтааж товлон зарлахаар холбогдох хуульд тусгаж байна. Нөхөн болон дахин сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт жил бүр тусгаж батлахаар боллоо.
 Өмнө нь орон нутгийн сонгуультай холбоотой гомдол маргаан шийдвэрлэгдэхгүй удах, шийдвэрлэгдсэн ч дахин, нөхөн сонгуулийг товлон зарлахгүй байх тохиолдол гардаг байсан. Тиймээс энэ мэт асуудлыг цэгцэлж, сонгуулийг товлон зарлах хугацааг нарийвчлан тодорхойлсон бөгөөд хуульд заасны дагуу сонгуулийг товлон зарлаагүй, зохион байгуулаагүй этгээдэд оногдуулах хариуцлагыг хуулийн төсөлд тусгасан байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг баасан гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцсэн юм.Төсөлд тухайн шатны хурлын тэргүүлэгчид тойргийг нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, товыг тогтооно. Тэгэхдээ тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн зэргэлдээ байх, нэг хэсэгт байх сонгогчийн доод хязгаарыг 200 байхаар тогтоох юм. Улмаар сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах ажиллагаа дуустал засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн бүтэц, нэр, дугаарт өөрчлөлт оруулахыг хориглохоор зохицуулж өгчээ.Түүнчлэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын итгэмжилсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтыг хүргүүлсэн өдрөөс эхлэн сонгогчдын нэрийн жагсаалтыг хариуцаж хэсгийн хорооны дэргэд ажиллах, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах, хүргүүлэх үйл ажиллагаанд тагнуулын байгууллага хяналт тавихаар төсөлд тусгажээ. Үүний зэрэгцээ нэр дэвшигч төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх зохицуулалтыг оруулжээ. Мөн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны тоог үйл ажиллагааных нь цар хүрээтэй уялдуулан тогтоохын зэрэгцээ нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг төрийн аудитын байгууллагад хянуулах хугацаа, журмыг тодорхой болгож, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах нарийвчилсан зохицуулалтыг тусгаж өгсөн байна. 
Б.Энхжаргал
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан