Монгол Улсын Ерөнхийлөгч он солигдох мөчид ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” гэсэн юм.
Мэргэжлийн эдийн засагчид улстөрчид энэхүү шийдвэрийг “ҮАБЗ практикт байдаггүй шийдвэр гаргалаа” хэмээн дүгнэж байна. Харин олон нийт ахмадуудын тэтгэврийг ингэж нэг удаа тэглэх нь буруу, зөвийн аль вэ гэдгээр хоёр хуваагдаад байгаа юм. Уг нь ингэж талцуулах, ахмадуудыг ялгаварлан гадуурхаж байгаа мэт үйлдэл гаргахын оронд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, тэнгэрт дэвшсэн хүмүүсийн тэтгэврийн зээлийг ар гэрийнхнээр нь төлүүлэхийг болих, Хамтын тэтгэврийн тухай хуулийг буцааж сэргээх гэх мэт зохицуулалтуудаас сонгох боломжтой.
Өндөр настны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тогтоолгох хуулийн зохицуулалттай. Гэхдээ энэ насанд хүрсэн хүн болгон тэтгэвэр тогтоолгох боломжтой гэсэн үг биш. Тодорхой шалгуур бий. Тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй эрэгтэй 60, эмэгтэй 55 настай хүн хамгийн багадаа 20 жилийн хугацаанд нийгмийн даатгал төлсөн байхыг шаарддаг байлаа.
Гэвч ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн дагуу энэ хугацааг 2038 он хүртэл жил тутам гурван сараар нэмэгдүүлж байхаар болсон. Энэхүү шийдвэр нь 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 2020 онд тэтгэвэрт гарах хүн 20 жил есөн сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагатай гэсэн үг. Ингэж явсаар 2038 оноос хойш тэтгэвэр гарах хүмүүс хамгийн багадаа 25 жил нийгмийн даатгал төлсөн байх шаардлагатай болж байгаа юм. Гэвч тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүс 20 жил төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийнхээ үр ашгийг бүрэн хүртэж чадахгүй байгаа. Энэ нь монгол хүний дундаж наслалттай холбоотой. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр бол эмэгтэйчүүд дунджаар 76, эрэгтэйчүүд дунджаар 66 насалж байна. Эрчүүд насаараа ажиллахдаа улсад төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ тэтгэвэр хэлбэрээр зургаахан жил авч байна гэсэн үг.
Хамтын тэтгэврийн тухай хуулийг санагалзах шалтгаан
Бодит байдал ийм байгаа учраас өмнөх парламентын үед Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталж байлаа. Энэ хуулийн хамгийн гол агуулга нь гэр бүлээ батлуулснаас хойш 15 жил болсон эхнэр, нөхрийн аль нэг нь тэтгэвэр тогтоолгосныхоо дараа бурхан болсон тохиолдолд авч байсан тэтгэврийнх нь 20-иос дээш хувийг гэр бүлд нь сар бүр олгох тухай байсан юм. Эхнэр нөхрийн аль нэг нь бурхан боллоо гэхэд үлдсэн нь амьдралынхаа туршид ханийнхаа тэтгэврийн тодорхой хувийг сар бүр авч байна гэсэн үг. Цалингийнх нь хэдэн хувийг олгож байхыг Засгийн газар журмаар зохицуулахаар заасан байсан бөгөөд хамгийн багадаа 20 хувийг нь олгох тухай зохицуулалт байсан юм. Хамтын тэтгэврийн тухай өнгөрсөн цаг дээр бичиж байгаагийн учир нь 2016 оны сонгуулийн дараа эрх баригчид уг хуулийг хүчингүй болгосон. Төрийн залгамж чанар сонгуулиас сонгуулийн хооронд алдагдаж байдгийн нэг жишээ нь энэ. Энэ хууль хэчнээн чухал байсныг дараах болсон явдал нотолж байгаа юм.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Орших: -Аав маань өнгөрсөн арванхоёрдугаар сард бурхан болсон юм. Манай аав 1982 оноос хойш улсын байгууллагад 20, хувиараа 10-аад жил ажиллаж нийгмийн даатгал төлсөн хүн. Жил гаруйхан тэтгэвэр аваад бурхан болсон. Аав маань арилжааны банкнаас тэтгэврийн зээл авчихсан байсан. Нас барах үед нь зээлийн үлдэгдэл нь гурван сая гаруй төгрөг байсан. Одоо бид энэ зээлийг нь сар бүр төлж байна. Сард 320 мянган төгрөг төлдөг. Харин ч зээл олгосон арилжааны банк нь бөөнд нь төлөхийг шаардаагүй. Гэрээнийх нь дагуу төлж дуусгах ёстой гэсэн. Улсаас буяны ажилд нь зарцуулах нэг удаагийн тэтгэмж сая төгрөг олгосон. Гэвч сая төгрөг гэдэг буяны ажилд зарцуулахад хаана нь ч хүрэхгүй мөнгө. “Насаараа ажиллаж улсдаа татвараа төлчихөөд түүнийхээ үр ашгийг хүртэж чадсангүй дээ” гэж аавыгаа их өрөвддөг.
Хэрэв Хамтын тэтгэврийн тухай хууль хэрэгжиж байсан бол дээрх гэр бүл аавынхаа тэтгэврийн тодорхой хэсгийг авч тэтгэврийн зээлийг нь төлөх байжээ. Харамсалтай нь засгийн эрхийг барьж буй нам солигдсоноор энэ хууль хэрэгжих боломжгүй болсон юм. Энэ хуулийг хүчингүй болгох үед тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байна. Монголчууд сүсэг бишрэлтэй учраас “Талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс тэтгэврийг нь авмааргүй байна” гэх саналыг ахмадууд маань хэлж байна. Манай яаманд ийм санал их ирж байгаа. Тиймээс энэхүү хуулийг хойшлуулах санал оруулж ирсэн" гэж байлаа. Ийм санал ирсэн нь үнэн байж болох ч хамтын тэтгэврийн дэмжихгүйгээсээ илүү дэмжих нь олон байсан нь ойлгомжтой.
Хамтын тэтгэврийн тухай хуулийг сэргээх боломжгүй бол ядаж бурхан болоочдын тэтгэврийн зээлийг ар гэрийнхнээр нь төлүүлдгээ болъё.
С.Шийлэгтөмөр
Эх сурвалж: eagle.mn