Ерөнхийлөгч Х.Баттулга Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр ҮАБЗ-өөс гарсан талаар арванхоёрдугаар сарын 31-нд мэдэгдсэн. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дээрхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гаргасныг өчигдөртөө багтаан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ёсоор болгов. УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуулийн төслүүдийг дэмжиж байгаагаа албан ёсоор өчигдөр мэдэгдэв.
Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдлийг Салхитын ордоос олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар төлөвлөсөн байна. Салхитын орд нь 808.3 тонн мөнгө, 1117.1 кг алтны нөөцтэй бөгөөд цэвэр ашиг нь 1050.4 тэрбум төгрөг байх урьдчилсан тооцоо гарчээ.
Өчигдөр Засгийн газар 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 421.1 мянган тэтгэвэр авагчийн 54.5 хувь буюу 229.4 мянга нь нийт 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна гэж мэдээлсэн.
Үүнийг дараахь байдлаар задалж болохыг Засгийн газрын хуралдаан дээр танилцуулснийг сэтгүүлчдэд мэдээлээгүй юм. Тодруулбал:
Нэг сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй-45 мянга 375 ахмад.
1-3 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй -67 мянга 872 ахмад.
3-5 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй -71 мянга 529 ахмад.
5-10 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй-38 мянга 906 ахмад.
10-16 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй-4927 ахмад байна.
Монгол Улсын хэмжээнд 16-18 сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй 390 ахмад, 18 саяас дээш төгрөгийн зээлтэй 371 ахмад байгаа талаар танилцуулсан байна. Тэтгэврээ тэглүүлэх нийт ахмадын тоо арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар албан ёсоор 229 мянга 368 юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн бямба гарагт сэтгүүлчидтэй уулзалдах үеэрээ дараахь цаасыг өгчээ.
Эх сурвалжийн линк: http://time.mn/nVZ.html