-Ерөнхий прокурор алга болж, албан тушаалтнуудын хэрэг хаагдах уу-
Албан тушаалаа урвуулан ашиглаж, ашиг хонжоо хайгч, МАНАН бүлэглэлийг байхгүй болгох “том зорилго, захиас”-тай Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “алга болчихож”. Түүний албыг орлогч С.Алиманцэцэг хариуцан ажиллаж байна. Энэ тухай Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэрээ хэлсэн. Гэхдээ яагаад “ерөнхий” нь ажлаа хийхгүй байгаа талаар тайлбарлаагүй.
Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор томилуулахаар парламентад “илгээж”, УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн.
Тэрээр “Энэ танхимаас шударга ёс эхлэх ёстой” хэмээн “чанга” дуугарч, албан тушаалаа урвуулан ЖДҮХС-гаас зээл авсан улстөрчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хөндөх болно” “Монгол Улсынхаа Ерөнхийлөгчийн өмнө хэлье. Би хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй, хэн нэгнийг хариуцлагаас мултлахгүй” гэж ярьж байсан мань хүн хэл амтайхан Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн албан тушаалыг авч байсан. Тиймээс Б.Жаргалсайханыг албан тушаал, авлига зэрэгтэй холбоотой олон хэргийг шийдвэрлэнэ гэж хүлээж байсан нийтийн итгэл талаар болж үлдлээ.
Тэр нэг талаар албан үүргээ гүйцэтгээд байх шиг байгаа юм. Тодруулбал, 2019 оны долоодугаар сард ОХУ-д, арванхоёрдугаар БНХАУ-д албан ажлаар явж, энэ оны өмнөхөн байгууллагынхаа шинэ жилийн баярт оролцсон гэх мэдээлэл мөн бий. Тэгэхээр мань хүн ийн гадаадад ажиллахаас бусдаар гэнэтхэн ийн алга болсон нь цаанаа өөр шалтгаантай гэх хардлагыг дагуулаад байгаа юм.
Үүнийг батлах мэт УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Улсын ерөнхий прокурорын байгууллага дээр эргэлт гарч, Б.Жаргалсайханыг хөөгөөд явуулчихаж, тэр хүн өрөөндөө орж чадахгүй байна. Ерөнхий прокурорыг УИХ-аас томилсон. Бүлэглэлийн нөхөд Ерөнхий прокурорыг өрөөнөөс нь хөөгөөд, өргөдлийг нь хүчээр бичүүлж гарын үсэг зуруулсан” гэж ам алдсан.
Тэгэхээр түүнийг хөөж явуулсан бүлэглэлийнхэн яг ямар хүмүүс юм бэ гэх асуулт ч байна.Энгийнээр бодоход Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Б.Энх-Амгалангаас илүү ажиллаж, албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдийг шил дарааллан шийдвэрлэж, шижигнүүлэх ёстой байв. Харамсалтай нь таг.
УИХ-ын гишүүдийн олонх дэмжихийн зэрэгцээ жил гаруйн өмнөөс МАНАН бүлэглэлтэй тэмцэнэ хэмээж, эхлээд Засгийн газрыг дараа нь УИХ-ын даргыг огцруулж явсан нөхөд тухайн үедээ өөрсдийгөө шударга ёсыг цогцлоох гэхээр шүдгүй арслан шиг “шог” байна энэ, тэр хэмээн багагүй гонгиносон. Төрийн бүх эрхийг гартаа авч, өдгөө Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн нь бүгд санаа нийлдэг болчихсон энэ үед шүүх, прокурор гээд бүхий л байгууллагыг удирдах /өөрсдөө өмнө нь хэлж байснаар/ боломж бүрдсэн.
Гэтэл бүх араа, шүд нь яралзаад байхад ч албан тушаалтай холбоотой ганц ч хэргийг шийдвэрлэж чадахгүй, эцэст нь Ерөнхий прокурор нь “алга” болчихсон. Тэр байтугай түмний анхаарлыг татсан хүргэн Г.Дэнзэнгийн 17 тэрбумын тендерийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуугавар болж, араас нь албан тушаалаа урвуулан ашигласан ЖДҮ-чдийн хэргийн хоног хугацаа хөвөрсөөр байна. Хууль, хүчний бусад байгууллагуудын хянаж, шалгасан хэргүүд прокурорын байгууллагад очоод хав дарагдаж, хугацаа хожсоор байгаа нь ч Ерөнхий прокурорын алга болсонтой холбоотойг батлаад байна.
Б.Отгонзаяа
Эх сурвалж: erennews.mn