Азила Хадри: Би Ерөнхий сайд асан Нажиб Разакын даалгавраар Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн

Монгол Улсын иргэн, талийгаач Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Малайзын шүүхээс цаазын ял сонсоод байгаа цагдаагийн алба хаагч асан Азила Хадри шинэ мэдүүлэг өгчээ. Тэрээр даваа гаригт талийгаач Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөх тушаалыг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакаас авсан болохоо мэдүүлжээ.
Тэрээр “Нажиб Разак хэрэг явдал болсон 2006 онд Малайзын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хашиж байсан. Тэрээр надад хадагтай Алтантуяаг буудаж хөнөөх тушаалыг өгөхдөө, "Тэр бол аюултай гадаадын тагнуул гэж хэлсэн” хэмээн мэдүүлсэн байна. Азила Хадри энэхүү мэдүүлгийг хууль ёсоор өгч, хавтаст хэргийн протоколд тэмдэглүүлсэн бөгөөд Малайзын шүүхээс түүнд болон уг хэргийг хамтран үйлдсэн цагдаагийн алба хаагч асан Сирул Азхар Умар нарт оногдуулсан цаазаар авах ялын шийдвэрийг хянан үзэх өргөдлийн хамтаар хүргүүлсэн аж.
Малайзын шүүх өнөөдөр буюу мягмар гаригт уг хэргийн хавтаст хэрэгт нэмэгдсэн мэдүүлэг болон өргөдлийг хянан үзэх юм. Мөн тэрээр энэхүү хэргийн үнэн мөнийг олохын тулд Ш.Алтантуяа агсны амь насыг хөнөөх нууц ажиллагааны талаарх бүх нотлох баримтыг ил болгож, нээлттэй шүүх хурал явуулах хүсэлт гаргаад байгаа аж.  
Хамгийн гол нь Азила Хадри уг мэдүүлэгтээ Ерөнхий сайд асан Нажиб Разактай хэрхэн холбоо тогтоосон талаараа мэдүүлсэн байна. Тэрээр анх Нажиб Разакын туслах Муса Сафри гэх хүнээр дамжуулан түүнтэй холбогдсон гэжээ. Тухайн үед Муса Сафри нь Куала Лумпур хотноо нэгэн гадаадын онц ноцтой тагнуул байгаа талаар Азила Хадрид хэлсэн байна. Ингэхдээ тэрээр “Уг тагнуул нь маш аюултай, эмэгтэй хүн бөгөөд манай улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн маш нууц мэдээллүүдийг мэдэж байгаа. Үүнийгээ ашиглан Ерөнхий сайдын орлогч Нажиб Разакыг сүрдүүлж байна” гэх зүйлийг ярьжээ. Харин дараа нь Нажиб Разактай биечлэн уулзах үед тэрээр гадаадын тагнуул маш ухаалаг, овосгоотой нэгэн болохыг түүнд анхааруулаад нууц ажиллагаа явуулах тушаал, зааварчилгаа өгсөн аж. Нажиб Разак бүр түүнд энэхүү ажиллагааг маш нууц байдлаар гүйцэтгэж, хохирогчийн цогцсыг хүн таних аргагүй болгохын тулд хүнгүй газар аваачиж дэлбэлэхийг хүртэл зааварчилсан байна. Ингээд тэрээр энэхүү даалгаврыг гүйцэтгэх итгэлт хүнээр Сирул Азхар Умарыг сонгож хэргийг онц хэрцгийгээр үйлдсэн талаараа мэдүүлжээ. Мөн тэрээр Малайзын үндэсний аюулгүй байдлын төлөө гэж итгэсэн учир энэ хэргийг үйлдсэн гэжээ. Энэхүү хэрэгт холбогдож буй Муса Сафри нь одоо Малайз улсын Пекан хотын захирагчийн албан тушаалыг хашиж байгаа аж.   
Нажиб Разак, эхнэрийн хамт
Энэхүү мэдүүлэгтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан Нажиб Разак яаралтай мэдэгдэл гаргаж, үүнийг гүтгэлэг болохыг мэдэгдээд байна.
Хохирогч бүсгүйн цогцос 2006 оны арваннэгдүгээр сарын 19-ны өдөр Малайзын нийслэл Куала Лумпур хотын захын ойролцоох ойгоос хүн танихын аргагүй болтлоо зэрэмдэглэгдсэн байдалтай олдсон юм. Ингээд талийгаачийн цогцост үзлэг хийх үеэр толгойн тус газар нь буудаж хөнөөснийхөө дараа, биед нь “C4” тэсрэх бөмбөг суурилуулж дэлбэлсэн болох нь тогтоогдсон юм. Түүний аллагыг бүхэлдээ улс төрийн зорилготой байсан гэж хардах бүрэн үндэслэл бий. Учир нь Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа нь амь насаа алдахаасаа өмнө тус улсын Ерөнхий сайд  Нажиб Разак болон түүний ойрын хүрээллийн Абдул Разак Багинда нарт орчуулга хийдэг байсан юм. Нажиб Разак болон Абдул Разак Багинда нар нь тухайн үед Франц-Испанийн “Armaris” гэх компаниас нэг тэрбум еврогийн үнэ бүхий гурван шумбагч хөлөг онгоцыг Малайзын Засгийн газарт нийлүүлэх учир битүүлэг хэлэлцээр хийж байсан бөгөөд Ш.Алтантуяа энэхүү асуудлын эргэн тойронд гол орчуулагчийн үүргийг гүйцэтгэж байв. Мөн энэхүү хэлэлцээрт техник үйлчилгээ үзүүлж байсан Абдул Разак Багиндагийн “Perimekar” компани түүнд хэлэлцээр амжилттай болсны хувь болох 500.000 ам.долларыг өгөхөөс татгалзсан байдаг.
Абдул Разак Багинда
Малайзын Засгийн газрын нэр холбогдсон энэхүү учир битүүлэг аллагад Абдул Разак Багиндаг холбоотой гэж үзэн хэрэг гарснаас хоёр жилийн дараа буюу 2008 онд түүнд холбоотой шүүх хурал болсон ч түүнийг буруугүй гэж үзсэн билээ. Харин энэ хэрэгт тус улсын цагдаагийн тусгай албаны ахлах мөрдөгч Азила Хадри болон бага түрүүч Сирул Азхар Умар нарыг буруутгаж 2015 онд Малайзын дээд шүүхээс цаазаар авах ял оноосон байдаг.
Азила Хадри болон Сирул Азхар Умар нар
Хэргийн анхны мэдүүлэгт Сирул Азхар Умар “Би буу гаргаж ирээд буудах гэтэл талийгаач хөл хүнд гэдгээ хэлж амь өршөөхийг гуйсан. Гэтэл Азила Хадри дарга түүнийг хутгалж газар унагасан. Дараа нь түүний хувцсыг тайлж гялгар уутанд хийтэл, түүний гар хөдөлж байсан. Тэгээд Азила Хадри дарга надад түүнийг буудахыг тушааж, би гүйцэтгэсэн. Ингээд бид түүний цогцсыг ойд аваачиж хөл, хэвлий, толгойд нь С4 тэсрэх бөмбөг суурилуулж дэлбэлсэн” гэж байсан аж. Сирул Азхар Умар нь энэхүү хэрэгт Малайзын шүүхээс ялын дээд хэмжээ сонссоныхоо дараа Австрали улс руу оргон зайлсан ч Сидней хотноо тус улсын хууль сахиулагчдад баригдсан юм. 
Гэсэн ч тус улсын сөрөг хүчнүүд энэхүү ноцтой хүн амины хэргийг дээрээс захиалгатайгаар нуун дарагдуулж байна гэж үзэн, олон нийт ч Ерөнхий сайд асан Нажиб Разакыг хэргийн гол захиалагч байх магадлалтай гэх байр суурь өнөөдрийг хүртэл хүчтэй байсаар ирсэн. Харин тэрээр үүнийг улс төрийн зохиомол хэрэг бөгөөд цэвэр гүтгэлэг гэсэн байр суурь дээр хатуу зогссоор ирсэн юм. Энэ хугацаанд Нажиб Разак тус улсын гүйцэтгэх засаглалын эрх мэдэлд гарснаар уг хэрэг замхрах тийшээ хандаад байв. Гэвч түүний эхнэр 2017 онд Английн нийслэл Лондон хотын нэгэн тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний үнэт эдлэлийг сэжигтэй байдлаар авсан нь тус улсын хууль, хяналтын байгууллагын хараанд өртөж, хэрэг явдал даамжирсаар улмаар Нажиб Разак Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа төсвийн хөрөнгийг их хэмжээгээр шамшигдуулсан хэрэг ил болсон билээ. Ингээд тэрээр албан ажлаа өгч удтал шалгагдсаны эцэст Малайзын сөрөг хүчний дэмжлэг болон талийгаачийн аав Ч.Шаарийбуугийн уйгагүй тэмцлийн үр дүнд ахин мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн юм.  
Азила Хадри гэгч этгээдийн даваа гаригт өгсөн мэдүүлэгтэй холбоотойгоор цаашид Малайзын хуулийн байгууллагаас Ерөнхий сайд асан Нажиб Разакыг шалгах нь тодорхой аж. Харин чухам хэрэг явдал хэрхэн шийдэгдэх нь эргэлзээтэй бөгөөд хэрэв асуудал ахин улс төрийн оролцоотой замхарвал Малайз улс нь олон улсад нэр хүндээ алдах юм. Учир нь уг хэргийг олон улсын хэвлэл мэдээллүүд анхааралтай ажиглаж буй. Тиймээс Монголчууд бид сошиал медиаг ашиглан харийн нутагт онц хэрцгийгээр амь насаа алдсан Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийг үнэн зөв, шударгаар шийдэхийг Малайзын шүүхээс шаардах нь зүйн хэрэг юм.

О.Мөнхбат
Эх сурвалж: Stratstimes, Malaysiakini, The Portal  
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан