Ш.Алтантуяагийн аминд хүрсэн хэрэгтэнг Австрали албадан гаргана

Малайзад байхдаа онц хэрцгийгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбоотой шинэ мэдээллийг “www.nst.com.my” сайт болон “www.theguardian.com” сайт нийтэлжээ.
 
 
Австралийн Засгийн газар Монгол бүсгүйн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн Малайзын иргэн Сирул Азхар Умарыг улсаасаа албадан гаргахаар болжээ. Тэрбээр Малайзын экс Ерөнхий сайд Нажаб Разакын бие хамгаалагчаар ажилладаг байхдаа бүсгүйн амийг хөнөөсөн аж.
 
13 жилийн өмнө Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа гэх орчуулагч бүсгүй харамсалтайгаар амиа алдсан ба өнөөг хүртэл уг аллагын ГОЛ ЗАХИАЛГАЧ нууц хэвээр, эрх чөлөөтэй байна.
 
Хохирогч бүсгүй орчуулагчаас гадна Ерөнхий сайдын гол холбоотон Абдул Разак Багинда гэгчтэй хайрын холбоотой байжээ. Аллагын дараа Багиндаг хамгийн эхэнд барьсан ба 2008 онд болсон шүүх хуралдаанаас түүнийг ГЭМ БУРУУГҮЙ хэмээн сулласан юм.
 
Бүсгүйн толгой тус газарт гурван удаа буудсанаас гадна цогцсыг нь нуун дарагдуулахын тулд биед нь цэргийн зориулалтаар ашигладаг “C4” гэх тэсрэх бөмбөгийг бэхэлж, дэлбэлсэн болохыг шүүхийн шинжээчид тогтоосон юм.
 
2006 онд гарсан уг хэрэг өнөөг хүртэл Малайз болон Монгол Улсыг зөрчилдөхөд хүргэдэг. Хохирогчийн гэр бүл өнгөрсөн хугацаанд бүх шатны шүүхэд гомдол гаргаж, хэрэгтэнг яллахыг шаардаж байна. Куала Лампур хотноо уг хэргийн шүүх хурал үргэлжилж байна.
 
Тухайн үед уг аллагыг гардан үйлдсэн гэх хоёр этгээдийг баривчилсан ба шалгалтаар тэд Малайзын Ерөнхий сайд Нажаб Разакийн хувийн бие хамгаалагчид болохыг тогтосоон нь уг аллага зүгээр ч нэг аллага бус захиалагт аллага болохыг гэрчилсэн томоохон алхам болов. Улмаар аллагын гол захиалагч, нууц ноёнтонг Ерөнхий сайд хэмээх болжээ.
 
 
Малайзын шүүх 2015 онд аллага үйлдсэн хоёр бие хамгаалагчид “ялын дээд хэмжээ” оноосон аж.
 
Шүүх хуралдааны дараа гол сэжигтэн Сирул Азхар Умар батлан даалтаар суллагдсан юм. Тэрбээр цагдаа нарын хамгаалалтаас зугтаж, хил даван Австрали улсад орогножээ.
 
Тэрбээр Австралид ирсэн даруйдаа дүрвэгсдэд зориулсан байранд амьдрах болжээ. Харин нөгөө сэжигтэн болох Азилах Хадригийн цаазын ялыг цуцалсан юм. Азилах өдгөө Малайзын хамгийн чанга дэглэмтэй шоронд ялаа эдэлж буй.
 
Ш.Алтантуяагийн хэргийн шүүх хурал болж буй энэ үед алуурчныг нутаг буцаах нь хамгийн зөв шийдвэр гэж Австрали үзжээ. Австралийн Засгийн газар “Хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтэнг цаашид Австрали улс халамжлах шаардлагагүй” хэмээгээд, ойрын хугацаанд түүнийг нутаг буцаахаа мэдэгдлээ.
 
Сурил өөрийгөө “улс төрийн гэмт хэргийн золиос болсон” хэмээгээд өдөр бүр Австралийн эрх баригчид руу “улс төрийн орогнол хүссэн” захиагаа илгээдэг байжээ.
 
Австралид ирэхдээ тэрбээр өөрийгөө “орчуулагчийн үхэлтэй ямар ч холбоогүй хэмээж, сайтар найруулсан зохиомол жүжгийн нэг хэсэг болсон хохирогч” гэж хэлжээ.
 
Хэсэг чимээгүй байсан тэрбээр өнгөрөгч онд  “www.theguardian.com” сайтын сэтгүүлчтэй уулзахыг зөвшөөрч, өнөөг хүртэл сэтгэлийг нь түгшээж байсан аллагын талаар ам нээсэн аж.  Уг ярилцлагын эхэнд тэрбээр “Орчуулагч бүсгүйг хулгайлах ажиллагаанд би оролцсон нь үнэн. Гэхдээ би түүнийг онц хэрцгийгээр хөнөөх ажиллагаанд оролцоогүй. Орчуулагчийг өөр хүмүүс хөнөөсөн” гэж ярьжээ.
 
“Орчуулагч бүсгүй ямар шалтгаанаар амиа алдсан юм бэ? гэх асуултад Сурил “Би сайн мэдэхгүй ээ. Энэ талаар ярихыг бас хүсэхгүй байна” гэхэд сэтгүүлч “Энэ ярилцлага олон нийтийн анхаарлыг ихэд татна. Энэ ярилцлага таныг гэм буруугүй гэдгийг батлахгүй ч нийгмийн сэтгэл зүйг бага зэрэг зөөлрүүлж болзошгүй” гэхэд Сурил “Орчуулагч бүсгүй маш том наймааны хохирогч болсон. Миний мэдэж буй зүйл ингээд л дууслаа” гэж хариулжээ.
 
“Орчуулагч бүсгүйн үхлийн гол захиалагч Ерөнхий сайд асан Нажаб Разак уу?” гэх асуултад “Мэдэхгүй” хэмээгээд  “Би их айж байна. Би шоронд орохоосоо өмнө амиа алдах болно. Тиймээс надад хамгаалалт хэрэгтэй” гэлээ.
 
Малайз улс цаазын ялаас татгалзахаар болсон. Сурил хэрэв нутаг буцвал түүний ял “бүх насаараа хоригдох ял”-аар солигдож магадгүй юм. Гэхдээ түүнийг оргон зайлсан учир “давж заалдах эрх”-ийг шүүхээс түтгэлзүүлсэн билээ.
 
Ерөнхий сайд Нажаб Разак өдгөө авлига, эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн сангаас олон саяыг хулгайсан гэх 10 гаруй хэрэгт буруутгагдаж байна. “Хэрвээ Разак орчуулагч бүсгүйн аллагын гол захиалагч нь тогтоогдвол өчиггүй цаазаар авах ялаар шийтгүүлнэ” гэж Прокурорын газраас мэдэгдэв.
 
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан