Лханаагийн МӨНХТӨР /сэтгүүлч, яруу найрагч, хэлбичгийн ухааны доктор/
Хүмүүс нэг юманд итгэхээрээ хүчрэгддэггүй. Итгэл гэдэг ямар их хүчтэй гэж санана. Зүтгэх хүчний томьёог бид морины хүчээр тогтоодог. Энэ хэмжүүрийн нэгж шинжлэх ухаанд одоо ч хэрэглэгдсээр байна. Хөөрхий морь л эзэндээ олон зууны турш зүтгэсээр ирсний баталгаа. Зүтгэх гэдэг хүч чадал хамгийн их шаарддаг үйлдэл. Энэ үйлдлийг нэг талаас удирдаж буй оюун санаа, нөгөө талаас зөн билиг гэдэг тархи толгойнд хамаатай зүйл л дээ. Тэнд удирдлагын төв нь ажиллаж, зүтгэх үйлийг “команд”-лаж байгаа юм. Хүн болоод амьтны хүзүүний яс бол хамгийн бат бэх холбоосын үүрэгтэй. Тийм ч болохоор хүзүүний нугаламууд нь нэгэнтэйгээ араалж, солбиж бэхлэгдсэн байдаг биз. Түүнээс сээр, нурууны залгаас нугаламууд тэгтлээ бат бэх бэхлэлтгүй зөвхөн үений зөөлөн эдээр голдуу холбогдсон байх жишээтэй. Аман хүзүүний тухай тайлбарлах гээд их л алсаас дөхөж байгаа нь үнэн бол уу гэсэн итгэл төрүүлэх үүднээс юм шүү. Аливаа хийсвэрлэл бодитойн суурин дээр хөгждөг. Тийм болохоор бодитойгоос наашлуулан ухаарч байна. Монголчууд домог зүйн нарийн мэдлэгтэй ард түмэн. Ямар ч үйл явдлыг домог зүйн үүднээс тайлбарлахыг зорино. Тэр нь үнэн юм шиг санагдана.