ЦАГААН САР БОЛ ТҮҮХИЙН ЭХ СУРВАЛЖ, ТӨРТ ЁСНЫ ХАМГИЙН ТОМ БАЯР


Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм.

Тэртээ 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгаж байжээ.

Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг.
XVII зуунд Монголд бурхны шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болов.

Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ.

Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтөний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай.

Ийнхүү цагаан сарын ёснуудаас танилцуулж байна.Ууц тавих ёсон 
Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ эх талаар нь зочин руу харуулж өгнө. Зочин толгой талаас нь барьж, хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүврэгдэн талаас нь барьж, баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтлоход ганц эх талыг нь мэдэх нь чухал.
Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам
1. Толгой
2. Ууц
3. Өвчүү
4. Хаа
5. Гуя
6. Хүзүүний сээр
Махны толгой /эх/ гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх нь хар сээр, ууцны сүврэгдэн тал, өвчүүний бүдэрхий нь далны толгой нь, бугалганы нарийн атгамал үзүүр нь, шагайтын борвитой тал нь, дунд чөмөгний нарийн үзүүр нь, сүүжний далбаа нь юм. Бүхэл мах тавьсан байвал зочин хүн эхэлж толгойд нь хүрээд дараа нь ууцанд, сүүлд нь сээр, хүзүү болон бусад махнаас нь иднэ.
 Шинийн тавгийн идээ засах ёс
 Шинийн идээ ундааг их идээ, бага идээ гэж эсвэл цагаалга, битүүлэг гэдэг. Их идээ томхон цар тавагт зассан самнаа хавсай, ул (Хэвийн боов, самар, сүүл, цоохор боов, саран боорцог, шар, цагаан тос, ааруул хурууд, бал бурам, чихэр, үзэм, чавга)-аар чимэглэсэн идээг хэлдэг.


Бага идээ гэдэг нь багашаархан няд тавагт зассан шүүс, буюу өвчүү хонтой шаант, залаатай богтос, дал дөрвөн өндөр зэргийг хэлдэг. Шинийн нэгний идээ будааны шим шүлт, өнгө жавхаанаас тэр жилийн буян хишиг тогтоно гэж үздэг. Шинийн идээг засахдаа цагаан идээний билэгдлийг юу юунаас эрхэмлэдэг.

Их идээ буюу цагаан сарын тавгийн идээг засахдаа хавсай боов буюу ул боовыг гурав, тав, долоо, ес давхарладаг ёстой. Айл гэр бүл, ураг төрлийн дээдэс болсон өвөг юм уу эцгийн гэрийн тавгийн идээг долоо давхарлан засдаг. Өвгийн гэрийн идээг долоон давхар, эцгийн гэрийн идээг таван давхар, ураглаж хуримласан хүүгийн гэрийн идээг гурван давхар засна.Хадаг барих ёсон
 Монголчууд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байна. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, cap, үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ.
Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж эрэмбээр мэхийх юм уу, сөгдөж барина.

Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой. Хадгийг барихдаа ёслолын тухай билэгтэй үг хэлж сүүлд нь баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухайд доорх үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.
 Хадаг барьж золгох ёс 
Өндөр настан буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадагбарьж золгох ёстой байдаг. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг нь бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. /Хадгаа тэр хүндээ үлдээнэ/
Хадаг барихад хэлэх үгс:

Цаглашгүй урт наст ариун хадаг

Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн

Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг

Идээний дээж элгэн цагаан тараг

Эдийн дээд ариун цагаан хадагХадагтай золгох ёс
Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий.
 
Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүр мөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно.
 
Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та “энэ хүннамайг ихэд хүндэтгэж байгаа юм байна” гэж бодоорой.
 Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс 
Цагаан cap бол Монгол түмний хүндэтгэл бахархлын их баяр байдаг. Энэхүү баяраар Монголчууд эхлээд ахмад настангуудынхаа амрыг эрж золгож мэндэлчхээд суудалд сууж хөөргөө зөрүүлж cap шинэдээ сайхан шинэлж байна уу?

Таны бие лагшин тунгалаг уу

Даага далантай, бяруу булчинтай

Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу гээд хөөргөө харилцан солилцож тамхилан мэндээ мэдэлцдэг. Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгадаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог.

Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцдог. Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийллийн нэгэн болдог ажээ.

Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн мэндчилгээний нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндчилэх ёс юм. Хөөрөг солилцох ёс бол ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохио илрэл юм. Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилах эртний ёсыг баримтлан хөөрөг солилцон мэндэлдэг. Хөөргийг “Тамхилдаг заяатай шар”, “Мэндийн шар”, “Мэнд сайхны тамхи” хэмээн нэрлэж эрэгтэйчүүд биедээ авч яван тамхилж хөөрөг зөрүүлэн мэндчилдэг ёстой.
 
Мэндлэхдээ залуу хүн ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж тамхилна. Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барина. Нөгөө хүн ч энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгөхөд дүүмэд хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авдаг байна. Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө нэг үнэрлээд гарддаг байна.

Тэр нь чөлөөтэй харилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын бэлгэдэл болно. Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө. Тэгэхдээ толгойг нь бага зэрэг чангатгадаг. Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг илтгэн илэрхийлдэг.
 
Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлний товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэнэ.
 Шинийн нэгний өдөр цээрлэх зан үйл
 1. Энэ өдөр гол, горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ. Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.

2. Үйл мэтгэх оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн.

3. Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир нь гарзны үүд нээгдэж олзны үүд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлагагүй байхыг хичээ.

4. Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. Зөрчвөл жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасарна.

5. Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгох.

6. Билэг дэмбэрэлгүй үгс хэлэх, мал нядлах, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалбал үхэл хагацал нүүрлэнэ.

7. Шинэ сарын шинийн долоонд ах, дүү, амраг садан, айлд очиж золгохыг цээрлэнэ. Эл өдрийг хар өдөр гэх тул ийнхүү цээрлэдэг авай.

8. Эхнэр нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэнэ. Золговоос хагацаж сална. Хар элэгтэй болдог ажээ.

9. Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаягийг зөрчихийг цээрлэнэ.

О.Гэрэлт
Оллоо.mn скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан