Нийгмийн шударга ёсны дээд үнэлэмж бол хараат бус шүүхийн байгууллага. Гэтэл Монгол Улсын эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд маш ноцтой хохирол учруулсан 20 гаруй гэмт хэргийг хуулийн дагуу Монголын шүүх шударгаар шийдвэрлэхгүй байна гэж иргэд шүүмжиллээ. Түүнчлэн шүүгчийн шударга бус шийдвэрээр олон мянган хүн хэлмэгдэн хохирч, авлига, хээл хахууль, албан тушаал, эрх мэдлийн золиос болсоор байгаа юм. Үүнийг таслан зогсоож шударга ёсыг тогтоохын тулд МАНАН бүлэглэлээс хараат нэр бүхий найман шүүгчийг нэн даруй огцрохыг шаардсан иргэд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл Дээд шүүхийн гадна жагсаж байгаа юм.
Тэд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Д.Содномдаржаа, С.Чимгээ нар хилс хэрэгт хэлмэгдсэн эсэх, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг бусдад шилжүүлсэн асуудал, Оюутолгойн хөрөнгө оруулалт, Ч.Сайханбилэг, С.Баяр нарын асуудал, 60 тэрбумын хэрэг, АСЕМ-ийн үеийн санхүүгийн зөрчил, Ноён уул, Багануурын уурхай, аялал жуулчал, уул уурхай, ахуйн зориулалтаар олгогдсон газрууд, түүнийг тойрсон гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг шударгаар шүүж, буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа юм. Ялангуяа эрх мэдэлтэй албан тушаалтнуудад элгэмсүү харин энгийн иргэдэд хуулийн дээд хэмжээ өгч хуулийг буруугаар ашигладаг шүүгчдийг огцруулж, шүүх байгууллагын хараат бус байдлыг хангах цаг нь болсон гэж иргэд хэлж байв.
Түүнчлэн үнэнийг дэнсэлж, хуулийг дээдлэх ёстой шүүх байгууллагын дотор МАНАН бүлэглэлийн эрх ашигт шууд болон бусаар үйлчилдэг олон шүүгч байгаа нөхцөлд Монголд шударга ёс тогтохгүй. Тиймээс Дээд шүүхийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор гэж шаарджээ. Мөн тэд Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, М.Батсуурь, Ц.Зориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар, Х.Идэр нарыг нэн даруй огцрохыг шаардсаар байгаа юм.
Дээд шүүхийн гадаа хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа энэ эсэргүүцлийн тайван жагсаалд иргэд олноороо нэгдэж, шүүхийн хууль бус шийдвэрээр хэлмэгдэн хохирсон олон мянган иргэнийг төлөөлөн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэн, шударга ёсыг шаардсаар байна. Түүнчлэн шүүхийн хууль бус, шударга бус шийдвэрийн золиос болж хэлмэгдсэн иргэд маргааш 11:00 цагаас Дээд шүүхийн гадна цугларч, чөлөөт индрээр дамжуулан шударга ёсыг шаардах гэж байгаа юм.