АНУ-д өгөх мессеж буюу ШИ ЖИНПИНИЙ ХОЙД СОЛОНГОСЫН АЙЛЧЛАЛ


БНХАУ-ын тэргүүн Ши Жинпин өнөө маргааш буюу 20-21-ний өдрүүдэд БНАСАУ-д төрийн айлчлал хийнэ. Энэ нь Хятад улс сүүлийн 14 жилийн хугацаанд төрийн тэргүүнээр ахлуулсан төлөөлөгчдийг Хойд Солонгос руу илгээж байгаа анхны тохиолдол юм. Ши Жинпиний айлчлал АНУ-БНАСАУ-ын цөмийн зэвсэггүй болох хэлэлцээрийг эхлүүлэх гэсэн хүчин чармайлт, нөгөөтэйгүүр Ши Жинпин Трамп нар уулзаж магадгүй байгаа Их-20-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө болж байгаагаа гэдгээрээ ажиглагчдын анаарлыг ихээхэн татаж байна.
ХОЙД СОЛОНГОСЫГ ЗОРИХ ШИ ЖИНПИНИЙ АНХНЫ АЙЛЧЛАЛ
БНХАУ-ын ГХЯ-ны тайлбарласнаар Хятадын тэргүүний Пхеньянд хийх айлчлал “харилцан айлчилдаг, дээд түвшний уламжлалт нөхөрсөг харилцаа ”-ны дагуу явагдаж байгаа гэнэ.
Ким Жон Уны тухайд Хятадад дөрвөнтөө айлчилж байсан бөгөөд 2018 оны гуравдугаар сард анхны гадаад айлчлал нь Бээжингээс эхэлж байлаа. Ши Жинпин БНАСАУ-д төрийн айлчлал хийж байгаагүй, гэхдээ 2008 онд дэд сайдын хувиар айлчилж байжээ.  Харин үүнээс гурван жилийн өмнө тухайн үеийн дарга Ху Жинтао Пхеньянд айлчилж байв.
Ши Жинпиний өнөөдөр эхлэх айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулагдсан, “хамтын харилцааны цаашдын хөгжилд асар их ач холбогдолтой” айлчлал болно гэж Хятадын Коммунист намын Төв хорооны олон улсын харилцааны хэлтсийн тэргүүн Сун Тао мэдэгдэж байлаа.
Энд дуулгахад, Хойд Солонгосын мэдээллийн агентлаг болох Цахим мэдээллийн төв агентлаг энэ оны нэгдүгээр сард мэдээлэл дамжуулахдаа Ши Жинпин Ким Жон Уны урилгыг хүлээн авч БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр болсныг онцолж байв. Энэ мэдээлэл гарсны дараа, Ши Жинпиний айлчлал АНУ, БНАСАУ-ын Ханойн дээд хэмжээний уулзалтын дараа, БНАСАУ-д Үндэсний баяр болох Нарны өдөр(Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений төрсөн өдөр, дөрөвдүгээр сарын 15)  -тэй давхацна гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд таамаглаж байлаа. Харин Трамп, Ким нарын уулзалт бүтэлгүйтэж, Ши Жинпин ч таамаглал ёсоор хавар Пхеньяныг зориогүй.
“ИХ 20-ИЙН УУЛЗАЛТЫН ӨМНӨХ АЙЛЧЛАЛ ТОХИОЛДОЛ БИШ”
Ши Жинпин Осака хотод болох дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Пхеньяныг зорьж байгаа нь санаандгүй хэрэг биш гэж ажиглагчид үзэж байна.
Хятад улс БНАСАУ-д ихээхэн нөлөөтэй, тиймдээ ч Ши Жинпиний айлчлал нь “Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход АНУ-д Хятадын тусламж зайлшгүй хэрэгтэй гэдгийг Америкт сануулах гэсэн дохио” гэж  Хонгконгийн South China Morning Post сонинд шинжээчид байр сууриа илэрхийлжээ.
Мөн, Ши Жинпин цөмийн зэвсэггүй болгох тал дээр буулт хийхийг Хойд Солонгост ятгаж чадвал Хятад цаашдаа “Трамптай харилцахдаа Хойд Солонгосыг дипломат хөзөр болгон ашиглаж чадна ” гэж дээрх эх сурвалжид шинжээчид байр сууриа илэрхийлсэн байна.
Энд дуулгахад, Трамп, Ши Жинпин нар энэ сарын 28-29-ний хооронд Японы Осака хотод болох Их-20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах магадлалтай байгаа. АНУ, БНХАУ-ын харилцаа сүүлийн үед ихээхэн сорилуудыг туулж байгаа бөгөөд худалдааны дайн ч үүнд ихээхэн нөлөөлсөн юм.  Тиймээс Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр талууд худалдааны сөргөлдөөнөөс гадна хоёр талт, бүс нутгийн чухал асуудлуудыг хэлэлцэхийн дотор Солонгосын хойгийн хурцадмал бййдлыг намжаах асуудал зайлшгүй багтана гэж шинжээчид үзэж байна.
БНАСАУ-ын цөмийн асуудлыг зохицуулах нь АНУ, БНХАУ-ын хувьд нийтлэг ашиг сонирхлын хүрээнд багтдаг бөгөөд тиймдээ ч санал зөрүүтэй асуудлуудаа хойш тавиад Хойд Солонгосын талаар хэлэлцэх магадлал маш өндөр.
Харин БНХАУ Ши Жинпиний өнөөдрийн айлчлалыг Америк Хятадын хоорондын харилцаа муудсан болон бусад үйл явдлуудтай холбон тайлбарлахгүй байхыг уриалж байгаа юм. “Пхеньянтай харилцаагаа хөгжүүлэхээр хийж буй Бээжингийн алхмыг өнгөц дүгнэх хэрэггүй” гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лу Кан мягмар гаригт мэдэгдэж байв.
ШИ ЖИНПИН, КИМ ЖОН УН НАР ЯМАР ХЭЛЭЛЦЭЭРТ ХҮРЭХ БОЛ?
Дээр өгүүлсэнчлэн, энэ айлчлалын үеэр Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тогтворжуулахад чиглэгдсэн яриа хэлэлцээр явагдаж магадгүй гэж дэлхий дахин, тэр дундаа Өмнөд Солонгос чих тавин хүлээж байгаа юм.
Айлчлалын талаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн захиргааны албан ёсны төлөөлөгч Ко Мин Жун мэдэгдэл хийхдээ “Ши Жинпин, Ким Жон Ун нарын уулзалт Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг энхийн замаар зохицуулах явцад эергээр нөлөөлж магадгүй” хэмээн онцолсон.
Мөн үүнтэй ижил байр суурь Ши Жинпиний  нийтлэлд агуулагдаж байгаа юм.  Ши Жинпиний энэ нийтлэл Хойд Солонгосын Нодон Синмун сонинд хэвлэгдсэн бөгөөд нийтлэлд  “Солонгосын хойгийн асуудалд улс төрийн шийдэл хайж байгаа Пхеньяны эрмэлзлийг Бээжин дэмжиж байгаа” гэдгийг онцолжээ.  Түүнчлэн, Хятад улс “БНАСАУ-тай харилцаа холбоогоо бэхжүүлэх замаар бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил, цэцэглэлтэд идэвхитэй хувь нэмэр оруулна” гэж цохон тэмдэглэсэн байна.
Харин хоёр орны төрийн тэргүүний хэлэлцээрээр чухам ямар асуудлуудыг хөндөх нь одоогоор тодорхойгүй.  БНХАУ-ын ГХЯ “хамтын ажиллагааг хөгжүүлэх” гэх зэрэг нийтлэг мэдэгдэл хийж байгаа. Харин Хятадын төрийн хэвлэлүүд “энэ айлчлал улс төр, дипломат, эдийн засаг, худалдаа, соёлын хамтын ажиллагаанд бодит үр дүн авчирхад туслана” гэж бичиж байна.  Гэхдээ Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн улмаас НҮБ-ын зүгээс тавьсан хориг арга хэмжээнээс болж энэ хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа ихээхэн хумигдсан, тиймээс аялал жуулчлал, хоёр орны ард түмэн хоорондын харилцааг өргөжүүлэх зэрэг хүмүүнлэгийн салбаруудад илүүтэй анхаарах байх гэж ажиглагчид харж байна.
isee.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан