ЕРӨНХИЙ САЙДЫН ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ҮЛ ТООГЧ АТҮТ-ИЙНХӨН “ТОМ” ЮМ БАЙНА


Хэд хоногийн өмнө Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд тээвэр эрхэлдэг жолооч нар Авто тээврийн үндэсний төвийн гадаа болон Төрийн ордны гадаа эсэргүүцлийн жагсаал цуглаан хийсэн билээ.

Тодруулбал, Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ 08:00, 15:00, 18:00, 20:00 цагуудад явдаг ч АТҮТ-өөс энэ дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн 19:00 цагийн шинэ давтамж нэмж, “Чингүн хурд” компанид өгөх шийдвэр гаргажээ.

Ийм жолооч нар энэхүү шийдвэрийг эсэргүүцэж жагсаал зохин байгуулж байгаагаа мэдэгдсэн юм.

Уг нь Хөвсгөл-Улаанбаатарын чиглэлд  “Нөхөрлөл зам хоршоо”, “Мин транс” компани ямар нэгэн алдаа гаргалгүй, цаг хугацаандаа явдаг, элдэв чирэгдэл ачаалал байхгүй, осол авааргүй явж байхад нэмж компани оруулж ирж, ажлын байрыг нь булааж, жолооч нарыг хоолгүй болгох гээд байгааг автобусны жолооч нар эсэргүүцэж, Ерөнхий сайдад хүртэл хандаж, шаардлага хүргүүлсэн байдаг юм.

Тодруулбал, Хөвсгөл чиглэлд орон нутгийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг хоёр компанийн үндсэн 80 жолооч байдаг. Мөн ээлжийн жолоочтойгоо нийлээд 200 гаруй ажилтан байдаг. Гэтэл дээрх жолоочдоос зөвшөөрөл авалгүйгээр гэрээгээ зөрчиж АТҮТ-ийн удирдлагууд дээрх чиглэлд дахин өөр компанийг тээврийн үйлчилгээ үзүүлэхээр оруулахаар улайрсан байгаа юм.

Энэхүү шийдвэрийг Хөвсгөл чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг компанийн жолооч нар эсэргүүцсэн. Ядарсан жолооч нарын хоолыг булааж явцгүй үйлдэл гаргаж байгаа учир энэ асуудалд төр засгаас анхаарахыг хүсч, Ерөнхий  сайдад шаардлага хүргүүлсэн.

Ерөнхий сайдын ажлын хэсгийнхэн шаардлагыг нь авч хэлэлцээд, дээрх нэмэлтээр орсон компанийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Ерөнхий сайдын шийдвэр гарчихаад байхад АТҮТ-хөн үл тоож, биелүүлэхийг хүссэнгүй.

Орон нутгийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг дээрх хоёр компанийн удирдлагуудтай уулзалт хийж зөвшилцөлд хүрье гэж гуйжээ. Мөн худлаа хэлж, уг хоёр компани ачаалалаа дийлэхгүй байна, илүү цагаар явж байна гээд нэмэлтээр компани оруулж ирсэн байна. Одоогоор “Чингүн хурд транс” компанийн 10 гаруй автобус 19.00 цагаар явж эхэлжээ.

Үүнийг нь жолооч нар эсэргүүцээд ч дийлэхгүй байна. Том ар талтай, АТҮТ-ийн газрын удирдлагууд ард нь байгаа учраас биднийг юман чинээ тоохгүй юм байна. Ерөнхий сайдын гаргасан шийдвэрээ ч уландаа гишгэдэг юм байна хэмээн ихэд бухимдалтай байгаа ажээ.

Уг нь жолооч нар ажлын байраа хамгаалж, албан тушаалтнуудын хууль бус шийдвэрийг цуцлуулж чадлаа гэж бодож байсан ч тийм биш байжээ.  

Дээрх “Чингүн хурд транс” компан нь АТҮТГ-ын нэг даргынх нь хамаарал бүхий компани болохоор хууль дүрэм зөрчиж, дайрч орж ирж байна хэмээн жолооч нар хэлж байна. Ямар ч сонгон шалгаруулалт зарлалгүйгээр “Чингүн хурд транс ” компанийг 19:00 цагийн давтамжид оруулж ирж, ийнхүү үйлчилгээ үзүүлээд эхлэв. Үүнээс болж “Нөхөрлөл зам хоршоо”, “Мин транс” компанийн зарим жолооч нар 20.00 цагийн явалтанд хүнгүй болж сул зогсолт хийжээ.

Жолооч нарын ихэнх нь банкны зээлтэй учир ажил нь ийнхүү зогсохоор амьдрал дагаад зогсох гээд хэцүү байгаа талаараа ч учирлав. Анх 2017 онд “Нөхөрлөл зам хоршоо”, “Мин транс” компаниудтай “Тахилт транс” гэх компани тохиролцоонд хүрч зөвшилцөөд Улаанбаатар-Хөвсгөл чиглэлд тээвэр хийж байсан.

Харамсалтай нь тухайн компанийн жолооч нар хоёр удаа ноцтой осол хийж, шаардлага хангахгүй байсаар хасагдсан. Одоо нэрээ “Чингүн Хурд Транс” болгон өөрчлөөд ороод ирсэн гэж жолооч нар хардаж буй. 
О.Гэрэл
Оллоо.mn 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан