Тус банкны зарим нэг удирдлага хуучин захирлуудынхаа холбогдсон авлигын хэрэгт ихэд эмзэглэжэнэ талаарх мэдээллийг бичсэн сэтгүүлчийг хууль хяналтын байгууллагад өгнө хэмээн сүрдүүлжбайсан тохиолдол ч бий–
Төрийнх гэхээр л үнэгүй гэж боддог, хувьдаа ашиглаж, идэж ууж болно гэдэг явдал хавтгайрчээ. Үүнийгээ бас “Төр муу менежер” гэх үгээр халхавчилж хаацайлна. Ийм зуршил өмнө нь байсан, гэхдээ бас ч гэж ичиж иддэгтээ хэл үг бага гарч байсан болов уу. Сүүлийн үед “Том гарууд том иддэг” гэсэн зарчимаар идэж уудаг болжээ. Тод жишээ нь Төрийн банкны гэмт хэрэг” юм.
Яг үнэндээ төрийн мэдлийн Төрийн банк анх 2009 онд Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Тэгвэл 10 жилийн ойгоороо тэд харилцагчдаа шулсан луйврын хэргээр “бэлэг” барьж буй нь ичмээр. Ингэж хэлэхийн учир нь манай сайт өмнө нь тус банкны эрх бүхий албан тушаалтнууд харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ хөрөнгөөс хувьдаа завшсан, үүгээр ч зогсохгүй албан тушаал, авлигын шинжтэй гэмт хэргүүд нь илэрч одоог хүртэл хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тухай мэдээллийг нэг бус удаа хүргэж байсан. Тэдний уг үйлдлийг харахад гэмт хэргээ нуун далдлах боломж нь Төрийн банкны хувьчлал гэж тооцсон байж болохуйц байдлууд илэрчээ гэж хардахад хүргэж байна.
Тухайлбал, Төрийн банкыг УИХ-аас хувьчлах жагсаалтад багтаахдаа дуудлага худалдааны доод үнийг 300 тэрбум төгрөг гэж тогтоосон байдаг. Ингэхдээ 75 тэрбум төгрөг нь төсөвт төвлөрөхөөр, 225 тэрбумыг Монголбанкны өрөнд өгөхөөр шийдвэрлэжээ.
Гэтэл Төрийн банкны санхүүгийн үзүүлэлтийг авч үзэхэд хоёр их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, салбартаа топ дөрвөн банкны нэг гэсэн тодотголтой. Эндээс юу ажиглагдаж байна гэвэл, УИХ-аас баталсан Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолд орсон ч үүнээс өмнө тоногдож болзошгүйг хуучин захирлуудынх нь үйлдэл харуулж байна.
АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЗАХИРЛУУДЫН ХЭРГИЙГ ХЭЗЭЭ ЭЦЭСЛЭЖ ДУУСАХ ВЭ!
Тус банкны тэргүүн дэд захирал Д.Ганбаатар, гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн нарыг 4.7 тэрбум төгрөгийн зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, 98 000 ам.доллар авч, тавилга, бусад эд зүйлийг хувьдаа авсан хэрэгт шалгаж өдгөө АТГ-аас яллагдагчаар татан шалгаж буй билээ. Харин Ерөнхий захирлынхаа албан тушаалаас түр түдгэлзэн шалгагдаж буй Д.Баярсайханыг АТГ-аас яллагдагчаар татах саналыг НПГ-т хүргүүлж, цагдан хорих санал гаргасан байдаг. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, 20 тэрбум төгрөгийн авлига авсан хэрэгт буруутгасан юм. Уг мэдээллийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар баталгаажуулж Төрийн банкнаас ямар ч хяналтгүйгээр 20 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн болохыг баталчихсан. Ямартай ч Д.Баярсайхан энэхүү зээлийг олгохдоо Банкны тухай болон бас бус хуулийг зөрчсөн нь тогтоогдсон учраас түүнд холбогдох хэргийг АТГ болон ТЕГ-аас хамтран шалгаж буй билээ.
Яг үнэндээ иргэд бид төрд байгаа банк хамгийн найдвартай хэмээн итгэсээр өдийг хүрсэн ч энэ нь худлаа болохыг тус банкныхан баталсан. Хэдийгээр бид өмнө нь тус банкны албан тушаалтнууд харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ байршуулсан мөнгөнөөс хуурамч бичиг баримт үйлдэн завшиж байсан тухай мэдээллийг хүргэсэн ч энэ удаад товчхон дахин сануулах нь зүйтэй болов уу.
Учир нь төрд байгаа банк хамгийн найдвартай хэмээн итгэж мөнгөө хадгалуулсан олон мянган иргэдийн итгэлийг эвдсэн тус банкны Тээврийн товчооны салбарын захирал асан Ч.Ариунгэрэл, ахлах теллер асан С.Алтанчимэг, VIP теллер асан Б.Мөнхсүрэн нарын хэрэг одоо ямар шатандаа явж буй тухайг хуулийнхнаас асуумаар байна. Хамгийн ичгэвтэр нь тэд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж хуруу хумсаа хуйхлан байж хэдэн бор төгрөг цуглуулсан хадгаламж эзэмшигчдийн дансны мэдээлэлд нэвтрч ихээхэн хэмжээний мөнгөтэй хүмүүсийг онилж хуурамч баримт бүрдүүлэн зээл авсан нь яалт ч үгүй албан тушаалын ноцтой гэмт хэрэг. Хэрвээ банкныхан энэ мэтээр дураараа аашилвал иргэдийн банкинд итгэх итгэл алдуурч олон ч банк ар араасаа дампуурлаа зарлах нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, банкны оршин тогтнох гол үндэс нь иргэдийн хадгалуулсан мөнгөнөөс ашиг олж банк оршин тогтнодог гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Уг нь Монгол Улсын банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 100 хувь төрийн өмчит банк байгуулагдсан нь Төрийн банк билээ. Гэтэл тус банкны захирлууд энэхүү зорилгоо умартан дунд шатны ажилчидтайгаа нийлж банкны хөрөнгийг “ хулгайлж, хумсалж” буй нь хугацаанаас нь өмнө тус банкыг яаралтай хувьчлах хэрэгтэй гэдгийг дахин, дахин сануулаад байна.
Тиймээс Ерөнхий сайд аа, ЗГХЭГ-ын дарга аа, Төрийн банкыг яаралтай хувьчлах асуудлын жагсаалтад оруулж хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хамгаалаач гэж хэлмээр байна.
Нийгмийн толь