Америкчууд Доналд Трампыг ганзага хоосон ирснийг буруутгаж, шүүмжилжээ

АНУ-ын зарим албан тушаалтнууд, Конгрессын гишүүд, шинжээчид АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг БНАСАУ-ын Удирдагч Ким Жон Унтай хийсэн дээд хэмжээний уулзалтаас ганзага хоосон гэртээ харилаа гэж дүгнэж байна.  
Ерөнхийлөгч Доналд Трамп хэлэхдээ “Би хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэхээс татгалзан. Учир нь Хойд Солонгосын удирдагч манай талаас тавьсан бүх эдийн засгийн хоригоо цуцлахыг хүссэн. Гэвч үүний хариуд цөмийн бүх реакторуудын үйл ажиллаагааг зогсоох бодолгүй байсан. Зөвхөн бидний одоогоор байршлыг нь мэдэж байгаа Яангбонг дахь цөмийн реактороо зогсоох санал тавьсан” гэсэн юм.
Харин Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ро Ин Хо “Хоёр орны хамтын ажиллагааг цаашид үе шаттай ахиулахын тулд манай талаас цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоох бус зөвхөн Яангбонг дахь цөмийн реактороо зогсоох санал тавьсан. Үндсэндээ зарчмын хувьд бид АНУ-тай дайны нөхцөл байдалд байна. Учир нь 1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайн түр гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд зогссон байгаа” гэж мэдэгдсэн юм.
Гэхдээ хэлэлцээр хоёр улсын албаны хүрээнд цааш үргэлжлэх аж. Гэсэн хэдий ч АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын хорооны олон албаны төлөөлөгчид өндөр хүлээлттэй эхэлсэн дээд хэмжээний уулзалт дорвитой шийдвэрт хүрээгүй нь Америкийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж санаа зовниж байгаа юм. Хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэнээс болж Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийн талаарх дипломат харилцаа ямар төвшинд хүрч Хойд Солонгосын тал ирээдүйд ямар алхам хийхийг таамаглах боломжгүй болсон байна.
Дээд хэмжээний уулзалт амжилттай болоогүйд Доналд Трамп болон түүний кабинетыг хүчтэй шүүмжилж, буруутгаад буй. Дээр нь дээд хэмжээний уулзалтын үеэр Доналд Трампын хуульч асан Майкл Коэн АНУ-ын конгрессын танхимд нээлттэй сонсголд оролцож түүнийг чиглэсэн олон хурц мэдэгдэл хийсэн нь гал дээр шар тос хийсэн явдал болсон юм. АНУ-ын Ерөнхийлөгч  Доналд Трампын хувьд энэ хоёр таагүй үйл явдал нэгэн зэрэг тохиолдсон нь түүний рейтингийг үлэмж ихээр унагаад байна. Зарим улс төр судлаачийн зүгээс түүнд итгэл үзүүлэх эсэх талаар хүртэл хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн аж.
Харин Ерөнхийлөгч Доналд Трампыг дэмжигчид “Тэр Ким Жон Уны асуудлыг газар дээр нь шууд шийдэж өгөхийг хүсээгүй. Доналд Трамп өөрийн бизнесийн хэлэлцээр хийх туршлагаа ашиглан АНУ-ын талд хамгийн ашигтай шийдвэр гаргуулах төлөвлөгөө боловсруулсан” гэсэн байр суурьтай байна.
О.Мөнхбат
Эх сурвалж: Reuter
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан