Яагаад Ханойд уулзахаар болов?


Х.ОЮУНБОЛД
Вьетнамын нийслэл Ханой хотын олон улсын хэвлэлийн төв өнөөдөр, маргааш болох АНУ, Хойд Солонгосын уулзалтыг хийхэд бэлэн болоод байна. Хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалт өнгөрсөн жилийн зургадугаар сард Сингапурт болж байсан.  Харин тэдний хийсэн түүхэн уулзалтын үеэр хамгийн их анхаарал татсан асуудал  бол Сингапурын хэвлэл мэдээллийн салбар байжээ. Тухайлбал, зөвхөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үзэл бодлыг дэмжихийн тулд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны байр суурьтай холбоотой мэдэгдлийг санаатайгаар үл тоомсорлож байсан нь шүүмжлэл дагуулсан байна. Бүх орон АНУ Хойд Солонгосыг  цөмийн зэвсгийн хөтөлбөрөө цуцлахыг шаардаж байгааг мэдэхээс гадна сонссон. Харин АНУ, барууны орнуудын хэвлэлийнхэн  Хойд Солонгосын удирдагч Вашингтоны зүгээс Пхеньянд тавьсан хоригоо цуцлах, биелүүлэх ёстой нөхцлийн талаар ярьсан мэдэгдлийг албаар хайхраагүй эсвэл сайн нуусан гэж Вьетнамын улс төр, олон улсын цэргийн шинжээч хурандаа Нгуен Мин Там “Спутник” агентлагт ярьсан байна. Тэрээр “АНУ, Хойд Солонгосын харилцааны асуудал өдөртөө шийдвэрлэж болдог асуудал биш. Энэ бол олон орны улс төр судлаачид санал нэгтэйгээр өгсөн дүгнэлт юм. Гэхдээ энэ асуудал хэрхэн үүссэн талаар итгэл үнэмшилтэй мэдээллийг өгөхгүй байна.  Учир нь АНУ, барууны орнуудын хэвлэлийнхэн хоёр орны байр суурь, түүнийг нь дүгнэж үзэх талаар мэдээлэл өгөх нь тэдний зорилго байгаагүй” гэж бодож байна гэв. Харин  Солонгосын ард түмэн хоёр Солонгосыг нэгтгэх, үндэсний эв нэгдэл, төрийн нэгдсэн системтэй байхыг ихээр хүсч байна. Гэвч энэ хүслийг нь биелүүлэх зам их хэцүү, саад бэрхшээлээр дүүрэн байна гэж  Нгуен Мин Там хэллээ. Тэрээр “Миний үзэж байгаагаар бид чухал дэвшил гарахыг хүлээх шаардлагагүй. Харин Пхеньяны хувьд хэлэлцээр хийхэд гурван сэдэв их чухал. Тодруулбал, АНУ-ын тавьсан хоригийг цуцлуулах,  1953 оны Панмунжомын гэрээг халсан  гал зогсоох гэрээнд гарын үсэг зурах, Солонгос дахин ямар ч хэлбэрийн халдлагын бай болохгүй байх. Эцэст нь хоёр Пхеньян, Сөүл хоёр Солонгосыг нэгтгэх  асуудлыг өөрсдөө шийдэх ёстой.  Тиймээс АНУ цэргээ Өмнөд Солонгосоос гаргах хэрэгтэй” гэсэн байна.  АНУ, барууны орнуудын хэвлэлийнхэн  энэ гурав дахь асуудлыг нуух, үл тоохыг оролдоно. Мөн гал зогсоох талаар хоёр дахь асуудлыг бүх боломжтой аргаар үнэлж үзэхгүй байх гэж Вьетнамын улс төр судлаач ярьсан байна. Харин Вашингтон Хойд Солонгосоос цөмийн зэвсгийн хөтөлбөрөө бүрэн цуцалсны нотолгоог өгөх, цөмийн зэвсгийн үйлдвэрлэл, судалгааны төвийг  устгаснаа нотлох хэрэгтэй гэж шаарджээ. Мөн Өмнөд Солонгос дахь 20 мянга гаруй цэрэгтэй цэргийн баазаа  мартсан  мэт дүр эсгэж байна. Түүнчлэн эдийн засгийн талаар ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгос Вашингтоны тавьсан болзлыг биелүүлсэн тохиолдолд хоригийг сулруулна гэж мэдэгдсэн байна. Хурандаа Нгуен Мин Там  Ханой  хот тэднийг уулзалтаа хийхийг зөвшөөрсөн. Ингэснээр уулзалтын тухай  чухал мэдээг Вьетнамын хэвлэлийнхэн олон улсын нийгэмлэгт  дамжуулна гэж найдаж байгаагаа  илэрхийлжээ.
Эх сурвалж: Зууны мэдээ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан