Их Британийн JATO Dynamics агентлаг 2018 онд дэлхийн зах зээл дээр хамгийн эрэлттэй байсан автомашинуудын жагсаалтыг гаргасан байна. Тус агентлагийн судалгаагаар өнгөрсөн жил дэлхийн хэмжээнд нийтдээ 86,01 сая ширхэг шинэ суудлын автомашин худалдаалагдсан нь өмнөх оныхоос 420 мянгаар бага үзүүлэлт гэнэ. Дор бид 2018 оны хамгийн эрэлттэй 10 машины талаар өгүүлэх болно.
1. Ford F-Series
Энэ машиныг Ford Motor Company 60 гаруй жилийн турш үйлдвэрлэж байгаа. Их гарын пикап жийп. Сүүлийн 30 жилийн хугацаанд АНУ болон Канадад хамгийн ихээр борлуулагдсан. Одоогоор 13 үеэ үзээд байгаа юм. Өнгөрсөн жил 1,08 сая ийм пикап худалдаалагджээ.
2. Toyota Corolla
Тоёота компанийн үйлдвэрлэдэг суудлын автомашин. 1966 онд энэ загвар үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд 1974 онд дэлхийн хамгийн их борлуулалттай загвар хэмээн Гиннесийн амжилтын номд бичигджээ. Уг машины 12 дахь үеийн загвар өнгөрсөн оны гуравдугаар сард танилцуулагдсан юм. 2018 онд энэ загвар 934 мянган ширхэг зарагджээ.
3. Honda Civic
Хонда компанийн үйлдвэрлэдэг суудлын тэрэг. Анхны загвар нь 1972 онд үйлдвэрлэгджээ. Энэ загварын ачаар Хонда компани дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчдийн тоонд багтсан юм. 2015 онд энэ загварын 10 дахь үеийн машин бүтээгдэв. 2018 онд энэ загвар 813 мянган ширхэг худалдаалагджээ.
4. Toyota RAV4
1994 онд Японд үйлдвэрлэгдэж эхэлсэн бага оврын жийп. Идэвхтэй амьдралын хэв маягтай залууст зориулагдсан байдаг. Дөрвөн дугуй нь мааждаг гэдгээрээ алдартай. Энэ загварын тав дахь үе өнгөрсөн жил Нью-Йоркийн автосалон дээр танилцуулагджээ. 2018 онд 808 мянган ширхэг худалдаалагджээ.
5. Nissan X-Trail
Японы Ниссан компани 2000 онд энэ загварын бага оврын жийпийг үйлдвэрлэж эхэлжээ. 2007 онд хоёр дахь үеэ танилцуулсан байдаг. 2018 онд 771 мянган ширхэг худалдаалагдсан аж.
6. Honda CR-V
Японы Хонда компани 1995 оноос хойш энэ загварын бага оврын жийпийг үйлдвэрлэж байгаа юм. 2018 онд 736 мянган ширхэг худалдаалагдав.
7. Volkswagen Golf
Германы Volkswagen компанийн гаргасан хамгийн амжилттай загвар. Долоодугаар үеийн загвар нь 2012 онд танилцуулагдсан бөгөөд өнгөрсөн жил ийм загварын 731 мянган ширхэг автомашин борлуулагджээ.
8. Volkswagen Passat
Германы автомашин үйлдвэрлэгчийн дунд оврын суудлын тэрэг. Энэ загвар 1973 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа юм. 2018 онд 640 мянган ширхэг худалдаалагджээ.
9. Chevrolet Silverado
Америкийн General Motors компанийн мэдэлд байдаг Chevrolet загварын том оврын пикап жийп. Энэ загварыг 1999 оноос хойш үйлдвэрлэж байгаа юм. Хоёр жилийн өмнө тус компани цоо шинэ дөрөвдүгээр үеийн загварыг танилцуулсан юм. Өнгөрсөн жил 650 мянган ширхэг борлуулагдсан гэнэ.
10. Honda HR-V/XR-V
Японы Хонда компанийн бага оврын жийп. Анхны загвар нь гурав болон таван хаалгатайгаар үйлдвэрлэгдэж байгаад 2006 онд үйлдвэрлэлээс хасагдсан юм. 2014 онд энэ загварын хоёр дахь үеийн тэрэг бүтээгдсэн бөгөөд өнгөрсөн жил нийтдээ 646 мянган ширхэг борлогджээ.
Эх сурвалж: www.wikimon.mn |