Р.Дагва НИТХ-ын дарга болох уу, эсвэл...

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч томилогдсонтой холбоотойгоор НИТХ-ын даргыг шинээр сонгох шаардлага үүссэн. МАН-ын Удирдах зөвлөл С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга болохоос өмнө аль эрт, нэгдүгээр сард НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлсэн. Чөлөөлөгдөөгүй албан тушаалтны оронд хэнийг ажиллуулахаа урьдчилаад шийдчихсэн гэсэн үг. МАН-ын Удирдах зөвлөлийн энэхүү шийдвэрийн дагуу бол НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва НИТХ-ын дарга болох учиртай. Гэвч намын бүлэг нь түүнийг ногоон гэрлээр дэмжиж индэрт залахгүй бололтой. Учир нь, НИТХ-ын 22 дугаар хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж даргаа сонгохоор товлогдсон ч 15.00 цаг хүртэл хойшиллоо. Хурал хойшилсон шалтгаан нь НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж чадаагүйтэй холбоотой. Намынхаа удирдлагуудыг даган хоёр хуваагдаад удаж буй НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг бүрэн дэмжихгүй байна. Тиймээс НИТХ-аас өмнө бүлгээ хуралдуулж нэгдсэн шийдэлд хүрэх нь чухал байгаа юм. 15.00 цагаас өмнө тус намын бүлэг хуралдаж чадахгүй бол НИТХ ямар хугацаагаар хойшлохыг таахын арга алга.
МАН-ын бүлэг дотор НИТХ-ын даргын төлөөх өрсөлдөөн өрнөж байна. Удирдах зөвлөлөөс Р.Дагвыг нэр дэвшүүлсэн ч хоёр хуваагдаад буй МАН-ын бүлгийн төлөөлөгчид түүнтэй хэн нэгнийг өрсөлдүүлэхээр төлөвлөжээ. Ц.Сандуй, Ц.Сандаг-Очир, Ж.Батсайхан нарын хэн нэг нь Р.Дагватай өрсөлдөнө гэсэн яриа гарч байна. Хуулиараа бол НИТХ-д хамгийн олон суудал авсан нам хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй. МАН-ын Удирдах зөвлөл энэхүү эрхийнхээ дагуу Р.Дагвыг нэр дэвшүүлсэн. Мөн НИТХ-ын төлөөлөгчид өөрийгөө болон өөр төлөөлөгчийг нэр дэвшүүлэх эрхийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан байдаг. Үүнийг олон нийт заалнаас нэр дэвшүүлэх гэж ярьдаг. Энэхүү зохицуулалтын дагуу Р.Дагватай дээрх гурван төлөөлөгчийн нэг өрсөлдөх бололтой. МАН-ын Хяналтын ерөнхий хороо намынхаа бодлогоос зөрсөн гишүүдийг намаасаа хөөгөөд эхэлсэн. Тиймээс Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг эсэргүүцэж НИТХ-ын даргад нэр дэвшинэ гэдэг эрсдэлтэй. Харин Ц.Сандуйн хувьд намаасаа хөөгдсөн учраас алдах зүйлгүй. Тиймээс түүнийг Р.Дагватай өрсөлдөх магадлалтай гэсэн мэдээлэл гарч байна.
EAGLE.MN
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан