Н.НАРАНБААТАР: БУСДЫГ ХАЙРЛАЖ, УУЧЛАХ УХААНЫГ БАГШААСАА ОЛСОН


Энэ удаагийн “Миний багш” буландаа УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарыг урилаа. Тэрээр өөрийн багш Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Ганхуягийн тухай дурсамж дэлгэсэн юм.
 

“Чамд найруулагч болох хүсэл бий юу”

 
-Би уг нь зөвхөн жүжигчин болохыг л мөрөөддөг байлаа. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд СУИС-ийн кино драмын ангид элссэн. Анх ангидаа ороод багшийгаа хараад их сүрдэж билээ. Өөрийгөө ийм мундаг хүний шавь болж байгаадаа итгээгүй. Жүжигчний ангид эхлээд этюдийн хичээл ордог юм. Би тухайн үед ангийн дарга байсан. Тиймээс ангийн бүхий л ажлыг зохион байгуулж, хүүхдүүдэд этюд хийхэд нь тусладаг байлаа. Гавьяат жүжигчин У.Уранчимэг бид хоёр нэг анги л даа. Бие, биенийхээ ажилд оролцож, зөвлөлдөнө. Энэ үеэс аливаа зүйлийг хэрхэн өөр өнцгөөс харж, бусдаас өөрөөр сэтгэх вэ гэж эрэл хайгуул хийж, тархиа их гашилгасан даа. Харин багш минь тэр үед биднийг хэрхэн бэлтгэлээ хийж, бие биедээ туслаж байгааг ажаад л сууж байдаг байж билээ. Хоёрдугаар дамжаанд орсон жил нэг өдөр өрөөндөө дуудаж байна. Яваад ортол “Чамд найруулагч болох хүсэл бий юу” гэхэд нь байхгүй л гэчихлээ. Гэтэл “Багш нь чамайг их удаан ажиглалаа. Чамд найруулагчид байх ёстой мэдрэмж харагдаад байна. Үүнийгээ хөгжүүлбэл яасан юм бэ. Найруулагчаар сонгон суралц” гэсэн юм. Магадгүй багш хүний торгон ухаан, нарийн мэдрэмж л тэр байсан байх. Хэрэв багш минь тэгж зөвлөөгүй бол өнөөдрийн Н.Наранбаатар байхгүй байлаа. Тиймээс амьдралын минь замыг зөв залж, сүүн цацал өргөсөн хүн нь миний багш Н.Ганхуяг юм.
 

“Багш минь намайг хурцалсан”

 
-Хоёрдугаар дамжаанаасаа найруулагчийн хичээлийг давхар судлах болсон тул багшийн өгсөн дараагийн даалгавар нь ангийнхныхаа шалгалтын ажлыг бэлдүүлэх. Оюутан бүхний шалгалтын ажлын зохиолыг уншина, ярилцана, тайзан дээр хамт тоглоно. Багш ийм үүрэг өгсөн нь цаагуураа намайг бэлтгээд л байж л дээ. Жүжигчний хичээлийн хажуугаар оюутнуудтай ажиллах мэдээж амар байгаагүй. Ийнхүү нэг л мэдэхэд дөрвөн жил өнгөрч, бид төгсөх болсон. Найруулагчийн мэргэжлээр дипломын ажил хамгаалах боллоо. Тухайн үед багш минь Францын инээдмийн жүжиг дээр ажиллах санал тавьсан. Энэ нь бас л багшийн минь надад тавьсан дараагийн зөв санал байсан юм. Бүр жүжгээ Хүүхэд залуучуудын театрт тавих боломжоор хангаж өгсөн. Тухайн үед оюутнууд жүжгээ зөвхөн сургуульдаа багш, оюутнуудын өмнө л тавьдаг байлаа. Амьдралын хаалгаа дөнгөж нээж байгаа, юугаа ч мэдэхгүй оюутны хувьд Хүүхэд залуучуудын театр гэдэг мөрөөдлөөсөө атгаад авсантай адилхан тэнгэрийн умдаг байлаа. Тэгэхэд театрын даргаар Нямгаваа найруулагч ажиллаж байсан юм. Гэтэл бидэнтэй яг адилхан зохиолоор өөр оюутнууд бас жүжиг тавих гэж байгааг олж мэдсэн. Нэг ёсондоо хоёр групп өрсөлдөнө гэсэн үг. Сайн хийсэн баг нь жүжгээ цааш нь үзэгчдэд хүргэх боломжтой гэсэн болзол тавьсан. Нөгөө группын найруулагч нь Энхтуяа байсан юм. Тэр бүтээл намайг их хурцалсан гэж боддог. Шар хөдлөөд л. Заавал түрүүлж, жүжгээ үзэгчдэд хүргэнэ гэсэн зорилт өөртөө тавьсан. Манай баг ч үүргээ сайн биелүүлж, жүжгээ үзэгчдэд үзүүлэх эрхтэй боллоо. Энэ бол том амжилт. Зүгээр л нэг оюутны ажил шүү дээ. Мэдээж энэ бүхнийг алсаас харж, удирдаж, чиглүүлсэн хүн нь Н.Ганхуяг багш минь. Хэрэв багш минь надад тийм том боломж олгож, итгэл хүлээлгээгүй бол би чадахгүй байсан юм. Багш энгийн үедээ их уужуу тайван. Ямар ч үед нэг л зангаараа байдаг, төлөвшин гэж тодотгомоор.
 

“Миний багш загас барьж өгөх биш аргыг нь заадаг онцлогтой”

 
-Багш  бүхэн өөр өөрийн арга барилтай байдаг. Миний багш загас барьж өгөх биш аргыг нь заадаг онцлогтой хүн. Бидэнд дөнгөж оюутан болсон үеэс бие даах чадвар, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг чөлөөтэй олгосон. Бид өөрсдөө л хийгээд байгаа мэт боловч бүтээл бүхний цаана багшийн санаа, арга ухаан, чиг шугам явж л байдаг байлаа. Бурхнаас заяасан авьяасыг илүү тодоор гэрэлтүүлж чаддаг хүн бол яахын аргагүй багш минь мөнөөс мөн. Оюутан байхад хөгжилтэй зүйл их тохиолдоно. Бид чинь одооны хүүхдүүд шиг мөнгө элбэгтэй байсангүй. Бэлтгэлийн үеэр их өлсөнө. Тэгээд л багшийг тандана шүү дээ. Багшийг гуанз руу орохоор л араас нь чавхадчихна. Дөрвөн хуушуур аваад суухаар нь санаандгүй орж ирж байгаа болоод багшаас “Багшаа энэ жүжгийн энэ хэсгийг ойлгодоггүй ээ. Та хэлээд өгөөч” гээд худлаа сүрхий царайлаад хажууд нь суучихна. Тэгэхээр багш “Ийшээ суу. Наад хуушуурынхаа хоёрыг нь идчих” гээд л нөгөө зохиолыг эхнээс нь авахуулаад л ярьдаг байж билээ. Оюутныхаа төлөө гэх тийм агуу сэтгэлтэй. Энэ мэт хөгжилтэй, эргээд бодоход дурсамжтай мөч багш бид хоёрт олон бий. Үүнээс гадна багш минь уран бүтээлчээс гадна хувь хүний төлөвшилд минь их нөлөөлсөн. Бусдыг хайрлах, уучлах, энэрэх ухааны тусгалыг би багшаасаа олжээ. Найруулагчаас гадна гэр бүлдээ зав гаргах, эр хүний амьдралыг авч явах ухаан, ноён нуруу нь ямар байх ёстойг би багшаасаа үлгэрлэдэг. Багшийгаа уурлуулж гомдоож байсан үе их бий. Гэхдээ цэцэг барьж очоод баярлуулахаас илүү хүний дайтай хүн байж, сайн уран бүтээлч болж бэлэг барихсан л гэж хүсдэг. Өнөөдөр би багштайгаа нэг байгууллагад ажиллаж байна. УДЭТ-ынхаа цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө, чиг хандлага, хөгжлийн тухай байнга ярилцдаг. Цаашдаа ч олон жил хамт ажиллаж, сайхан уран бүтээлээр баярлуулна гэж бодож байна.
 “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан