Улам хүчирхэгжиж буй ШХАБ


Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын үүсэл гарал ба бүтэц зохион байгуулалтын талаар “www.globalsecurity.org” сайт нийтэлжээ.

 

 
ТҮҮХ: 1996 оны дөрөвдүгээр сарын 26-нд Шанхай хотноо БНХАУ, Казахстан, Киргизстан, ОХУ, Тажикистаны удирдагчид уулзаж, “Хил орчмын нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх тухай” гэрээг үзэглэж,  ШАНХАЙН ТАВ гэх холбоог байгуулжээ.
 
1997 онд ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдсан хоёр дахь дээд хэмжээний уулзалтаар удирдагчид “Хил орчмын нутагт цэргийн хүчийг багасгах тухай” гэрээг үзэглэв. Уг уулзалтаас сарын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин, БНХАУ-ын Ерөнхий сайд Зян Земинь нар “олон туйлт дэлхийн” тухай тунхаглалыг баталсан байна. Нэгдлийн гол “зорилго нь хуучин Зөвлөлтийн орнууд болон Хятадын хилийн дагуу тогтвортой байдлыг хангах явдал юм”.
 
Удирдагчид 1998 онд Казакстаны Алматы хотноо уулзсан бол 1999 онд Киргизстаны Бишкек хотноо, 2000 онд Тажикистаны Душанбе хотноо уулзсан байна. Душанбед болсон уулзалтаар удирдагчид “хүмүүнлэгийн ажил, хүний эрхийг хамгаалах нэрийдлээр бусад орны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэх, бүлгэмийн гишүүн орны үндэсний тусгаар тогтнол, хараат бус байдал, газар нутгийн бүрэн эрхт байдал, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах хүчин чармайлтыг дэмжих”-ээр тохиролцжээ.
 
ШХАБ: БҮЛ НЭМЭВ
 
2001 онд “Шанхайн тав” холбоо Шанхай хотноо дахин уулзжээ. Энэ уулзалтаар удирдагчид ТАВ гэх статусаа өөрчлөхөөр болсон юм. Тус холбоо Узбекстаны хүсэлтийг хүлээн авч, гишүүнчлэл олгожээ. Ийнхүү тус холбоо ШАНХАЙН ЗУРГАА болж, нэрээ өөрчилсөн түүхтэй. 2002 онд “бүл нэмсэн” холбоо ОХУ-ын Санкт-Петербург хотноо чуулж, ШХАБ-ын зорилго, зарчим, бүтэц, үйл ажиллагааны хэлбэрийг тусгасан ДҮРЭМ баталжээ. Уг дүрэмд “ШХАБ-ын үндсэн зорилго бол Ази тивд тогтвортой байдал бий болгох, оролцогч орнуудын нөхөрлөл, сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан болон бусад салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал” гэж заасан аж.  
 
Уулзалтын төгсгөлд удирдагчид терроризм, хэт даврагчид, салан тусгаарлах үйлдэлтэй хийх тэмцлийг тодорхойлсон Шанхайн конвенцид гарын үсгээ зурж, баталгаажуулжээ. Тус холбооны тэргүүлэх чиглэл бол “тээврийн дэд бүтэц, эрчим хүч, теле холбоо, нефть, хийн салбар, хөдөө аж ахуй, усны нөөцийн ашиглалт” юм.
 
2017 онд Энэтхэг, Пакистан улс холбоонд нэгдэж, найман гишүүнтэй байгууллага болжээ.
 
ШХАБ: СТАТУС ОЛГОЛОО
 
2004 онд Ташкент хотноо болсон уулзалтаар Монгол Улс ШХАБ-ын ажиглагчийн статус авчээ. 2005 онд Энэтхэг, Пакистан, Иран улсад “ажиглагчдын статус” олгожээ. Эдгээр гүрэн холбооны уулзалтад оролцож, үйл ажиллагаатай нь биечлэн танилцах боломжтой болов. 2009 онд Шри-Ланка, Беларусь улсад “хэлэлцээрийн түнш” статус олгов. 2010 онд Афганистан “ажиглагч”-аар, Турк “хэлэлцээрийн түнш”-ээр тодруулжээ. Беларусь улсыг “Европын улс” хэмээн ОХУ анхандаа татгалзаж байсан ч удалгүй зөвшөөрөл олгосон юм. 2012 онд “НАТО”-гийн гишүүн Турк улс ШХАБ-ын яриа “хэлэлцээрийн түнш” гэх статус авчээ.
 
Үйл ажиллагааг зөвхөн хөндлөнгөөс ажиглах ЗОЧИН статусыг 2004 онд  НҮБ, 2005 онд “АСЕАН”, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Туркменистан-д олгожээ. Армени, Азербайжан, Бангладеш, Балба, Шри-Ланк Улс 2012 онд ШХАБ-ын ажиглагч болох хүсэлтээ тавьсан. Египет, Сири Улс мөн ажиглагчийн статус авах хүсэлтээ хүргүүлсэн бол Израиль, Мальдив, Украин, Ирак улсад “яриа хэлэлцээний түнш” болохоор хүсэлт тавиад байна.
 
Сонирхуулахад ШХАБ-ын гишүүн, ажиглагч гишүүн болон  яриа хэлэлцээний түнш орнуудын хүн амын тоо 3 тэрбумд хүрсэн нь дэлхийн нийт хүн амын 43 орчим хувь болов. Энэ байгууллагын бүрэлдэхүүнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн 2 улс, цөмийн зэвсэгтэй 2 улс /ОХУ, БНХАУ/, хамгийн олон хүн амтай хоёр улс /БНХАУ, Энэтхэг/, /БРИКС/ бүлгийн гишүүн гурван улс /ОХУ, Энэтхэг, БНХАУ/ болон дэлхий дээр хамгийн их эрчим хүч хэрэглэдэг хоёр улс /БНХАУ, Энэтхэг/ багтлаа.
 
ШХАБ ба ХҮЧ ЧАДАЛ
 
ШХАБ холбоо ажиглагч орнуудынхаа хамт Атлантын далайгаас Номхон далай, Хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртэл өргөн газар нутгийг эзэлж, Евроазийн эх газрын 61 хувийг эзэлж буй дэлхийн нөлөө бүхий эвсэл юм.
 

 
2017 онд дэлхийн хүн ам 7.26 тэрбум болсон. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам нь 1.57 тэрбум, ажиглагчдын хүн амыг нэмэхэд 3.17 тэрбум болж байна. Гишүүн орнуудын ДНБ-ний нийлбэр нь 12.5 их наяд ам.доллар бол олон улсын ДНБ-ний худалдан авах чадварын үзүүлэлт 2016 онд 108.7 их наяд ам.долларт хүрчээ. Үүний 20.24 хувь буюу 22 их наяд ам.доллар нь ШХАБ-д ногддог байна.
 
 Холбоо, цэрэг, батлан хамгаалахын хамтын ажиллагаа нэлээн өргөжиж, хоорондоо тагнуулын мэдээлэл солилцох, терроризмтэй тэмцэх зэргээр хамтран ажиллаж байна. ШХАБ-ын гишүүн орнууд хамтран хэд хэдэн цэргийн сургууль хийжээ.
 
Эхнийх нь 2003 онд болсон ба цэргийн сургуулийн эхний хэсгийг Казахстанд хоёрдугаар хэсгийг БНХАУ-д зохион байгуулсан байна.  ОХУ, БНХАУ-ын армийнхан 2005, 2007, 2009 онд томоохон хэмжээний цэргийн наадам “Peace Mission”-ийг зохион байгуулсан юм. 2010 онд болсон уг наадамд  БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикистаны нийт 5000 цэргийн албан хаагч оролцжээ.
 
Удирдагчид 2007 онд Душанбэ хотноо “Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагатай аюулгүй байдал, гэмт хэрэг, хар тамхины хил дамнасан наймааны асуудлаар” хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээний үр дүнд ШХАБ нийт 600 хорлон сүйтгэх ажиллагааг урьдчилан сэргийлж, террорист бүлэглэлийн 500 гишүүнийг баривчилахад туслалцаа үзүүлжээ.
 
БНХАУ ба ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
 
“Их 7” эсвэл “БРИКС” холбоотой эн тэнцүү өрсөлдөж буй ШХАБ холбоо хэдхэн жилийн дотор цэнхэр гаригийн гол тоглогч болжээ.  БНХАУ-ын эрх баригчид 1990 оны үед Азийн орнуудад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг байсан юм. Хэдхэн жилийн дотор хөрөнгө оруулалтын хэмжээ 30 дахин өссөн байна.
 

 
Тус улс Казахстанд 2009 онд 10 тэрбум ам.доллар, 2010 онд 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан бол Киргиз улсад таван жилийн хугацаад хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Тажикстаны бүх салбарт хятадууд хөрөнгө оруулсан ба тус улсын нийт өрийн 40 хувийг Хятад дангаараа эзэгнэж байна. Бээжинг Тажикстаны ДОНОР УЛС гэхэд болно.
 
ШХАБ ба МОНГОЛ УЛС
 
Монгол Улс бол ШХАБ-ын анхны ажиглагч улс. 15 жилийн турш АЖИГЛАГЧ гэх статустай явсан Монгол Улсыг тус холбооны албан ёсны гишүүн болох эсэх асуудал өнгөрөгч оноос яригдах болсон юм.
 
ОХУ-ын эрх баригчид мөнхийн хөрш Монгол Улсыг холбоондоо элсүүлэн авах ихээхэн сонирхолтой билээ.
 
Гэхдээ Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх сонирхолгүй буйг тус улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдэж байв.
 
Тэрбээр ОХУ, БНХАУ, Монгол Улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр  “Монгол Улс цаашид ШХАБ-ын идэвхтэй ажиглагч гишүүн байх болно. ШХАБ-ын хүрээнд манай улсын баримталж буй бодлого тодорхой” гэж хэлжээ.
 
Б.Дэлгэрцэцэгскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан