Бүрэн эрхээ бүлэггүйгээр дуусгах АН-ынханд бүү найд

УИХ дахь АН-ынхан бүрэн эрхээ бүлэггүйгээр дуусгах нь. Бүлгээсээ гарах тухай Л.Болд гишүүний хүсэлтийг удирдлага нь ёсоор болгочихвол энэ удаагийн парламент цөөнхийн бүлэггүй болно. Түүний хүсэлтийг ирэх хаврын чуулганы эхэнд гүйцэлдүүлэх юм. Ингэснээр байнгын ажиллагаатай парламент байгуулснаас хойших 27 жилийн түүхэнд УИХ дахь АН-ын бүлэг хоёр дахь удаагаа задрах нь. Түүх сөхвөл, УИХ-ын 2004 оны сонгуулийн дүнгээр МАХН (одоогийн МАН) 37, “Эх орон-Ардчилал” эвсэл 35, БНН нэг суудал авч, бие даан нэр дэвшсэн гурван хүн сонгогдсон. Гэвч АН, Эх орон нам, ИЗН, ҮШН-ын бүрдүүлсэн “Эх орон-Ардчилал” эвсэл мөн оныхоо арванхоёрдугаар сард тарсан юм. Улмаар АН болон ИЗН-ын 26 гишүүн МАХН-ын бүлэгт саналаараа нэгдэн ажилласан. Гэсэн ч 2005 оны долдугаар сард МАХН-ынхан дангаараа ажиллахаар шийдвэрлэсэн байдаг.
Манай төрт ёсны түүхэн дэх ардчилсан сонгуулиудад АН гэдэг нэрээрээ, дангаараа оролцсон тохиолдлуудаас ардчилагчид ингэтлээ ялагдаж, ердөө есхөн суудал авсан нь үгүй. Үндсэндээ 2000 оноос хойших дөрвөн удаагийн ээлжит сонгууль, сүүлийн 15 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага дахь хүчний харьцаанд ийм эрс, зөрүү өөрчлөлт гарч байгаагүй юм. 70 жил ноёрхсон нэг намын тогтолцоог халж буйг тунхаглан олон хүчнийг оролцуулсан, анхны ардчилсан сонгуулиар МАХН буюу одоогийн МАН 70 суудал авч давамгайллаа хэвээр хадгалсан, 2000 онд АН-ыг “мэндлээгүй” байхад (2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд ардчиллын төлөө гэгддэг МҮАН, МСДН, МШАН, МАСМН, МоАН нэгдэж АН-ыг байгуулсан) явуулсан ээлжит сонгуулиар МАХН 72 гишүүнтэй болсныг эс тооцвол аль нэг намын илүүрхэл 65 суудал автлаа өндрөө авч ч байсангүй. 
Гэвч “Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан” гэгчээр тэднийг бүлгээ задалчихна гэж хэн санах билээ. Хүсвэл юуг ч хөдөлгөж, эс хүсвэл юуг ч хав дарж, хуйвалдах эрх мэдлийг төрийн бүх шатанд төвлөрүүлэн атгасан өнөөгийн эрх баригчдын үйл хөдлөл бүрийг ажиглаж, хянах үүрэг, хариуцлага ийнхүү эзэнгүйдэв. Харин аз, эзийн алиныг нь мэдэхгүй ч Ардын намынхан хагаралдсанаар АН-ынхны оролцоогүйгээр тэд бие биенийхээ бусармаг үйл ажиллагааг ухаж, дэлгэж байна. Эрх баригчдыг хянаж, “мөрдөх” сөрөг хүчнээ задалж, сул гишүүд болгон тараах сонирхол МАН-ынханд байсан бол түүнийг нь тэд өөрсдөө гүйцэлдүүлчихлээ. АН, МАН гэсэн хоёрхон гол тоглогчтой Монголын өнөөдрийн парламент дахь олонх, цөөнхийн тооны харьцаа холдохын хэрээр хяналт өндөрсөх ёстой ч АН-ынхан энэ үүргээ умартав. Иргэд, олон нийтийн өндөр итгэлийг алдав, тэд. Санаснаар болдог сон бол олдвол өлдөхийн зовлонг үлгэр жишээ үзүүлж буй Ардын намынхны илчлэлт, урвалтыг АН-аас тавих хүчтэй сөрөг хүчний хяналттай хослуулсан бол илүү үр дүнд хүрэх байлаа.
Бүлэггүй болсноор тэд басаж, баалаад байдаг О.Баасанхүү гишүүнээс илүү гарах зүйлгүй үлдэв. Харин ч тэд МАХН-ын ганц “дайчин” шиг асуулт тавих, үг хэлэх товчлуурыг хамгийн түрүүнд дарж, олны анхаарлыг татахуйц байр суурь илэрхийлж чадах, эсэх нь эргэлзээтэй. Үнэндээ тэд бие дааж сонгогдсон С.Жавхлан гишүүн шиг байр суурь, санал дүгнэлтээ нэгдсэн хуралдалдааны индэр дээрээс хэлэхийг мөрөөдөхөөс цаашгүй хоцорно. Өөрөөр хэлбэл, өнөөдөр нийгэм, олон нийтийн анхаарал татаж буй олон асуудлаар сөрөг хүчний байр сууриа илэрхийлэх, эрх баригчдын хүч түрэн шийдэх гэсэн аливаа оролдлогыг таслан зогсоодоггүй юм гэхэд тухайн асуудалд ард түмний анхаарлыг хандуулахын тулд завсарлага авах ч эрхгүй болно. Хуулийн дагуу сөрөг хүчнээс удирдлагыг нь томилдог Төсвийн зарлагын хяналтын дэд хороог З.Нарантуяа гишүүн даргалах эрхгүй болж байгаа юм. Уг нь УИХ-ын гишүүдийн өөр хэнтэй ч хуваалцдаггүй онцгой бүрэн эрх болох төсөв батлах үйл явцад зарлага талд нь тус дэд хороогоор дамжуулан хяналт тавих боломж бий. З.Нарантуяа гишүүн ч энэ үүргээ харьцангуй мэргэжлийн хүний хувьд нэр төртэй гүйцэтгэж буй хэмээн үнэлэгддэг. Үнэндээ АН-ын бүлэг үгүй болвол өдгөө тэдэнд үйлчилж буй ажлын албыг ч татан буулгана.
Аль ч парламентад цөөнхийн зовлон их. Цөөнх л бол цөөнх. Энэ удаагийн УИХ-д АН-ын зовлон бөгөөд хариуцлага бүр их. Гэхдээ “өгөөш”-өө өөрсдөө бэлдээд өгчихөж байгаа эрх баригчдын эх захгүй, эрээ цээргүй үйлдэл дээр АН-ынхан хүссэнээрээ “тоглож”, шоудах боломж хангалттай байсан. Гэвч тэд ажлаа тултал хийсэнгүй. Эргэж эвлэхээргүй хагарсан Ардын намынханд хэд хэдээрээ хуваагдан саналаа өгсөн гэхэд болно. Засгийн газрын хувь заяа хоёр дахиа хөндөгдөхөд тэд огцруулахын төлөө гар өргөсөн ч У.Хүрэлсүхийг үлдээхийн тулд Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нар бүлгийн шийдвэрээсээ зөрсөн нь өнөөдрийн задралын эхлэлийг тавьсан. Ямар сайндаа л “Ардын намынхан “зодолдоод” дуусахад АН бүлэггүй болж хоцорлоо” хэмээх хоржоонтой үгээр сөрөг хүчнийхнийг утах вэ дээ. Харин өдгөө тэд УИХ-ыг тараая хэмээн гишүүдээр гарын үсэг зуруулж явна. УИХ тараагүй л бол бүлэг нь бүтнээрээ байх нь өлзийтэйг тэд эрхбиш мэдэх л учиртай. Юутай ч нийгмийн анхаарал татаж, хүлээлт үүсгэсэн олон асуудлаар тодорхой гэхээсээ бөөрөнхий гэмээр байр суурь баримталж, сөрөг хүчний хувиар тодорч, ялгарч ажиллаж чадаагүй. Ялалтын хөөрөл нь дарагдах нь бүү хэл бүр дэрвэж, даргилж, эрх мэдэл, албан тушаал нь үүрдийн биш, зуурдынх гэдгийг ойлгохыг ч үл хүсэн, сагсуурч яваа эрх баригчдад ташуур болж, өөрсдөдөө ухаарал олж ажиллаж чадсангүй. Тэгж яривал, 1996-2000 оны УИХ-д О.Дашбалбар агсан ганцаархнаа 50 суудалтай “Ардчилсан холбоо” эвсэл, 25 суудалтай тухайн үеийн МАХН-ын аль алинд хүчтэй хяналт тавьж чадаж байсныг олон хүн дурсдаг. Гэсэн ч нэгдсэн хуралдааны индэр дээрээс алив асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлэх эрх бүхий бүлэгтэй байх нь тэдэнд чухал, хяналт тавихад дөхөм байв.
Уг нь АН-д олонх ч, цөөнх ч болж явсан туршлага, алдаа, онооны аль аль нь бий. Ингэхдээ цөөнх байсан туршлага нь ч арай их. Магадгүй Монголд цөөнх байхын жаргал, зовлонг АН-ынхнаас илүү мэдэх нь ч үгүй биз.
“Шонхор”, “Алтангадас”, МҮДН, МоАХ, “МоАН санаачилга” гээд АН-ын томоохон таван фракцыг төлөөлсөн есөн гишүүнээ зангидаж чадахгүйдээ бүлгээ задалчихав уу. Энэ нь эв нэгдлийг хангах гэж эцсээ хүртэл тэмцсэн гэсэн үг мөн үү. Дөнгөж бүлэг байгуулан, дэнжигнэж буйгаа мэдсээр байж Ж.Батзанданг хөөж, Л.Болд, Д.Мурат хоёрын нэр дэвших эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлаж хатуурхсан нь төрийн эрх барих дээд байгууллагад бүлэгтэй байхын давуу тал, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхийн ач холбогдлыг арай дутуу үнэлсэн хэрэг үү. Эсвэл эрх баригчдад итгэл алдсан иргэд, сонгогчид ирэх сонгуулиар тэднийг сонгохоос өөр аргагүй гэсэн хэт их итгэл тээв үү. Өдгөө манай улс төрийн намууд өрсөлдөгчийнхөө алдаан дээр л дөрөөлж, дээш гарахаар зүтгэж буйгаас бус өөрийн гэсэн бодлого, хөтөлбөр дэвшүүлэхдээ хойрго болсны нэгэн илрэл энэ гэлтэй.
Б.Номин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан