АН Засгийн газрыг огцруулах асуудал дээр нам, УИХ дахь бүлгээсээ эсрэг байр суурь баримталсан тул Л.Болдыг дөрвөн жил аливаа сонгуульд оролцуулахгүй байх сахилгын шийтгэл оноосон юм. Энэ шийдвэр гарсны дараа УИХ-ын гишүүн Л.Болд УИХ дахь АН-ын бүлгээсээ, дараа нь намаасаа гарах өргөдлөө хүргүүлсэн.
Удтал дуншсаны эцэст хаврын чуулганы эхэнд Л.Болд гишүүний өргөдлийг АН шийдэж, УИХ дахь АН-ын бүлэг татан буугдав.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын 2016 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшин сонгогдсон О.Баасанхүү АН-ын Зөвлөлд нэгдэж байгаагаа зарлалаа. О.Баасанхүү гишүүн энэ тухай албан бичгээ АН-ын Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад хүргүүлж, нааштай хариу хүлээн авсан хэмээн баяр ёслолын байдалтайгаар фэйсбүүк хуудаснаа нийтлэв.
Энэ үйл явдлаас яг жилийн өмнө АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “О.Баасанхүү чи мэдрэлээ үзүүл. Эрүүл саруул хүн хуралд суудаг юм, дуракаа. Намаасаа гарахаар ийм мэдрэл муутай болчихдог юм уу” хэмээн агсарч байсан. Гэтэл өнөөдөр МАХН-аас жийгдсэн О.Баасанхүү, АН-ынхантай “хадаг сүү тавьчихлаа”.
АН-ынхны Л.Болдыг хөөж, О.Баасанхүүг гуйж авчирсан драм хэрхэн үргэлжлэхийг харах л үлдэж байна.
П.АНИР
Оллоо.мн