Өөрийн хүсч байгаа амьдралынхаа төлөө өнөөдөр хичээ...

Японд 2 сая төгрөгний тэтгэлэгтэй сурдаг охины монголынхоо залууст хандаж бичсэн захидал
Би яг одоо Японы Токио хотод чамгүй нэр хүндтэй нэгэн их сургуулийнх нь номын санд суугаад бичиж сууна. Харин яг хоёр жилийн өмнөх энэ өдөр би Улаанбаатар хотын захын гэр хороололд ядруухан амьдралтай, таван ханатай гэрт амьдарч, галгүй хүйтэн гэрт англи хэлний шалгалтандаа бэлтгэж суужээ.
Дөрвөлжин хээтэй цэнхэр цамц, эгчийн минь багадсан жийнсэн өмд хоёроос өөр гадуур гарахдаа өмсөх хувцасгүй, та бүгдийн ихэнх хүүхдүүдэд байгаа шиг интернэт компьютер, сургалтад суух төлбөр, барьж бэлтгэх номын аль аль нь байхгүй ч өдөр шөнөгүй бидний төлөө л гэж зүтгэх бурхан шиг аав ээжийгээ сайхан амьдруулахыг хүссэн чин сэтгэл, чадна гэж өөртөө итгэсэн итгэл хоёр минь л надад байжээ. Цагийн ажил хийж мөнгө олох гэж яваад азаар нэг хэвлэлийн компанид эх бэлтгэгчээр ажиллаж эхэлсэн юм. Ажил дээрээ хийх ёстой зүйлээ маш хурдтайгаар амжуулаад үлдсэн цагтаа интернэтээр хэрэгтэй мэдээллээ хайж олж, англи хэлний номнуудаа үнэгүй пдф-ээр татаж тэрийгээ хэвлэж аваад харьдаг байлаа. Энэ ажил хэдий цалин багатай байсан ч надад сурах боломж нээж өгсөн бурхны бэлэг байсан юм. Ингээд л би хэвлэж авсан номоо гэртээ хариад шөнөжин уншиж ажиллаж, шинэ үгнүүдээ сурч, тархи толгойд хичээлээ л сайн хийх ёстой гэдгээс өөр бодол бодогддогүй байлаа. Тэгж хичээсний эцэст би элсэлтийн шалгалтаа өндөр дүнтэй өгч, энэ сургуулийнхаа тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, элчин дээр ярилцлага өгөөд шинэ жилийн өмнөхөн хөтөлбөртөө тэнцсэн хариу авч байлаа. Бүх зардал, онгоцны тийзийг минь хүртэл бүгдийг цаанаас дааж, 2015 оны гуравдугаар сарын 5-нд би Япон гэж гайхалтай энэ улсад хөл тавьж байсан юм.
Тэр үед бүх л орчлон минийх болчихсон юм шиг, би өөрийн хувь заяагаа гартаа атгаж байгаа юм шиг хачин гайхалтай мэдрэмж төрж, хоолтой хоолгүй, даарч бээрч, нойргүй ядарч өнгөрүүлсэн өдөр хоногууд нүдний өмнүүр жирэлзээд л одоо энэ бүгд ард үлдсээн, чи чадлаа шүү дээ гэж өөртөө хэлсэн байсан даа.
Энэ группт байгаа миний үеийнхэн бас дүү нараараа би үнэхээр бахархаж байна. Гэхдээ хичээл номондоо санасандаа хүртэл амжилт олохгүй яаая доо гэж суугаа хүмүүс байгаа бол өөрийн туршлагаас хэдэн зөвлөгөө өгөх гэсэн юм. Миний зөвлөгөөнүүд таны хандлагыг өөрчлөхөд бага ч болов тус болох байх гэж найдаж байна. Хүний хандлага өөрчлөгдсөн цагт бусад зүйлс ч мөн өөрчлөгддөг.
Ингээд эхлэе.
НЭГТ: Хичээл номоо хийхэд нөхцөл бололцоо бүрдэхгүй байна сайн багшаар заалгамаар байдаг даанч төлбөр мөнгө нь алга гэх мэтээр түм буман шалтаг толгойд чинь эргэлдэж байна уу. Өөрийн сурч чадахгүй байгаа буруугаа бусад шалтгаан шалтгуудад тохоод сэтгэлээ хэсэг тайван байлгаж болох ч чиний амьдралд юу ч өөрчлөгдөхгүй, чи байгаа замынхаа хаана зогссон тэр газраа л байсан хэвээрээ л байх болно. Тэгэхээр хэцүү санагдсан болж бүтэхгүй санагдсан үедээ миний оронд тэр/хэцүү амьдралыг туулж том амжилтанд хүрсэн хэн нэгэн/ байсан бол энэ үед яах байсан бол гэж бод. Чамайг элдэв бодлоо толгойгоо дүүргээд гонгиноод сууж байх тэр хугацаанд өөр нэгэн байгаа боломж бололцоогоо ашиглаад хичээгээд сураад хүссэндээ хүрч байгаа гэдгийг байнга бод.
ХОЁРТ: Мөнгө битгий их бод. Хэдийгээр мөнгө ихтэй байвал асуудлуудыг шийдэж болох ч нэгэнт л чамд тэр мөнгө байхгүй байгаа бол тэрийг бодож цаг алдаж байхын оронд хийж болох, хийж чадах бүхнээ хий. "Чадах бүхнээ хий, Үлдсэнийг нь хувь заяандаа даатга" гэж эндхийн нэг гоё зүйр үг байдаг юм билээ. Тэгэхээр яг одоо хийж чадах бүхнээ хий.
ГУРАВТ: Өөрт байгаагаа битгий гол. Миний анзаарснаар сайн ном л олчихвол англи хэл сурчих юм шиг, өөрөө сайн сурч чадахгүй байгаагаа 200 300 мянгын үнэтэй ном авч чадахгүй байгаагаас л болж байгаа юм шиг боддог хүмүүс олон. Ном муу байснаас болж муу сурна гэж би хувьдаа боддоггүй. Сонингийн тасархай олж уншсаар байгаад бичиг үсэг сурсан тухай сонсож л байсан биз дээ. Тэгхээр өөрт чинь байгаа номнуудаа сайн нүд, үг үсэггүй бүгдийг нь толгойндоо хий. Тэгснийхээ дараа өөр ном авах тухай шинэ сайн ном хайх тухай бод. Ширээгээр чинь дүүрэн ном байхад өөр ном мөрөөдөж цагаа битгий гарзад.
ДӨРӨВТ: Миний хувьд listening хамгийн хэцүү байсан. Яагаад гэхээр би хэвлэж авсан номнууд дээрээ ажиллаж сурсан болохоор. Тэгээд чихээ онгойлгох хамгийн хэцүү даваа байлаа. Өөр олон боломж бололцоо байгаагүй учраас би англи саб-тай гурван кино двд дээр бичүүлж аваад дахин дахин үзсэн. зхлээд саб-аа харж үзээд сүүлрүүгээ огт саб-ыг харахгүй буруу харж суугаад үздэг байлаа. Чих нь онгойхгүй байгаа хүмүүс байвал туршаад үзээрэй. Боломжтой хүмүүс iptv-гээр зөндөөн гоё сувгууд үзэхэд кайфтайгаар давтана шүү дээ.
ЗА СҮҮЛЧИЙНХ БУЮУ ТАВТ: Ядуу бололцоогүй боломжгүй байгаа бол хувь заяандаа, аавдаа ээждээ, өөрийн амьдралдаа битгий гомд. Хичнээн гомдлоо гээд чи өөрчилж чадахгүй юм чинь. Тэрний оронд маргаашаа бүтээ. Өөрийн хүсч байгаа амьдралынхаа төлөө өнөөдөр хичээ. ӨНӨӨДРИЙН ЧИНИЙ ЗАЛХУУРАЛ, МАРГААШИЙН ЯДУУ ДУТУУ АМЬДРАЛЫГ БҮТЭЭНЭ. Өнөөдөр ядуу байгаа бол өчигдөрт очоод өөрчилж чадахгүй, харин маргааш ямар байх нь чиний гарт байгаа шүү!
Ядуу айлын зүдүү хүүхэд гэж гоочлуулж, хөлдсөн угаадастай гудамжаар нимгэн хувцасныхаа халаасанд бээрсэн гараа атгаад гүйж явсан царай муутай жижигхэн биетэй жирийн нэгэн монгол бор охин одоо дэлхийн их гүрэнд ирчихээд ээж ааваасаа 1 төгрөг ч гаргалгүйгээр бүх зардлаа сургуулиасаа гаргуулаад өөрөө өөрөөрөө бахархаад сууж байж болдог л юм байна. Та ч гэсэн хүссэндээ хүрээд ӨӨРӨӨРӨӨ БАХАРХААРАЙ ЗАЛУУСАА. 
 
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан