Зам тээврийн яамны ажлын хэсэг томилолтын үеэр архидан согтуурч танхайрчээ


Зам тээвэр хөгжлийн яамд өнгөрсөн оны наймдугаар сард ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан билээ. Тухайн хэрэг одоог хүртэл бүрэн шийдэгдэж дуусаагүй байтал тус яамны хэсэг бүлэг албан хаагчид дахин танхайн хэрэг үйлджээ.
Зам тээвэр хөгжлийн яамны өнгөрсөн арван хоёрдугаар сарын 24-ны өдрийн 432 тоот тушаалаар "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах” комиссын алба хаагчид Дорноговь аймгийн Замын-Үүд сумын бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх ажлын хүрээнд тус яамны хэд хэдэн ажилтнууд томилолтоор ажиллахаар болжээ. Тус ажлын хэсэгт Зам тээврийн яамны удирдах албаны зарим хүмүүс  болон алба хаагч, Улаанбаатар Төмөр зам "Хувь нийлүүлсэн нийгэмлэг”-ийн ажилтнууд болон "Монголын төмөр зам” ХХК-ийн ажилтнууд багтсан аж.
Хэрэг явдлыг тодруулбал, эдгээр ажилтнууд "Улаанбаатар төмөр зам ХХК”-иас хоёр тусгай галт тэрэг нэмэлтээр гаргуулан  арванхоёр дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар-Замын үүд чиглэлд явсан аж. Замд явж байх үеэр Зам тээврийн яамны удирдах албан тушаалтнууд архидан согтуурч нэмэлтээр гаргасан галт тэрэгний эд зүйлсийг эвдэн танхайрч хоорондоо муудалцсан байна. Харин 29-ны өдөр Замын Үүдээс Улаанбаатар чиглэлд "Монголын төмөр зам ХХК”-ын ажилчид ирэх үеэр мөн л хоорондын таарамжгүй харилцаа үүсгэснээр зодолдож нэгнээ ална хэмээн дайрч галт тэргэнд дахин хохирол учруулсан байна. Дээрх үйл явдалд хяналт, шалгалт хийн шаардлага тавьсан ажилтанг хэл амаар доромжлон, айлган сүрдүүлжээ. Тухайн үед цагдаад мэдэгдэх боломжгүй байсан учир хэрэг явдлын дараа "Улаанбаатар төмөр зам ХНН”-ийн дарга Д.Жигжиднямаа Зам тээврийн хөгжлийн яамны сайдад болсон үйл явдлыг сийрүүлэн, хохирлыг барагдуулж арга хэмжээ авч өгнө үү хэмээн албан бичиг илгээжээ.
Ийнхүү Замын-Үүд сумын бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөлтэй  танилцах ажлыг хариуцаж буй явсан гурван байгууллагын төлөөлөл, албан тушаалтнууд ажлын хэсэгт очихдоо ч ирэхдээ ч архидан, танхайрч зүй бус үйлдэл гаргасан юм.
Энэ талаар тус яамны сайд Я.Содбаатараас тодруулахад "Энэ хэрэгт холбогдсон зарим албан тушаалтнуудыг ажлаас түдгэлзүүлэх арга хэмжээ авах болно" гэсэн юм. 
Ямартай ч архидан согтуурч, танхайрсан ажилтнуудад ажлаас халах арга хэмжээ авахаар болсон гэнэ. Яамны сайдын тушаалаар ажилтнуудыг халах хүртэл арга хэмжээ авч байгаа бол "Монголын төмөр зам"-ийн дарга ч хариуцлага хүлээх ёстой.  Уг нь ажлаа мэддэг, хариуцлагатай хүн томилосон бол энэ мэт алдаа эндэгдэл гарахгүй л байх санж. Ер нь хаана хаанаа хариуцлага хүлээгээд ажлаа өгвөл дээргүй юу Д.Жигжиднямаа дарга аа.

Fact.mnскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан