Хоорондоо алалцаж байхаар хоёр булайгаасаа салаач ээ, МАН-ын залуусаа

Эрх баригч намын дотоод хэрүүлээс болж засаг төрийн үйл ажиллагаа гацаад багагүй хугацаа өнгөрч байна. Чуулганы нэгдсэн хуралдаан саатаад сар шахам боллоо. Энэ янзаараа мөдхөн төр дампуурлаа зарлаж мэдэх нь. УИХ-д 65 суудалтай МАН засгийн эрхийг авчихаад улсын бодлого, шийдвэрийг гацаагаад зогсохгүй намаа ч устгах шинжинд орж байна. Түрүүчээсээ энэ намыг татан буулгахаар Дээд шүүхэд өргөдөл гаргаад эхлэв.
МАН-ыг тараая гэж шүүхэд хандсан хуульчдын өргөдлийг үл тоож боломгүй юм билээ. Улс төрийн намуудын тухай хуулийн 23 дугаар зүйлд маш тодорхой заагаад өгчээ. Уг хуулийн 23.2-т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргана” гэжээ. Ингээд тухайн намыг улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлдэг хуулийн механизм өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Эндээс харахад МАН-ын бүлэглэл хоорондын тэмцэл, гаргаж байгаа авир, үйлдэл нь дээрх хуулийн заалтын гол тодорхойлолттой нь яв цав тохирч байгаа юм. Намын Бага хурлаараа УИХ-ын үйл ажиллагаанд оролцож, Төрийн өндөрлөгийг огцруулах асуудалд санаархсан нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн оролдлого болохыг хуульчид тайлбарлаж буй. Энэ үндэслэлээр бол МАН яалт ч үгүй татан буугдаж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.
М.Энхболд, У.Хүрэлсүх гэсэн хоёр бүлэглэл намаа хэрхэн сүйдэлж байгааг нийгэм даяараа харж байна. Нэгэн зууны түүхийн хуудсыг бичиж яваа МАН энэ хоёрын үед амь тавих өнгөндөө орлоо. Фракц хоорондын тулаан намаа устгах хэмжээнд хурцдаж байгааг намжаах сэтгэлтэй хүн МАН-д үнэндээ алга. Хашир бурхинуудыг намаа аврахаар ханцуй шамлан дуу хоолойгоо нэгтгэх болов уу гэж харж байтал харин ч эсрэгээрээ байх юм. Тэд намаа хагалан бутаргах тал дээр ямар айхавтар манлайлан оролцож байна вэ. МАН-ын тулхтай гишүүд болох Ц.Нямдорж, Ч.Улаан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарыг хамгийн түрүүнд нэрлэмээр байна. Тэд сиймхийгээр нь төрийн өндөрлөгт оччих санаатай гүйж байна шүү дээ. Эдний хэлж ярьж байгаа үг, намын мэдэгдэл зэргүүд бэлхнээ харуулж байгаа. Ямар санаа агуулж намдаа ассан гал дээр тос нэмэв, хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн мэдэлгүй яахав.
Туршлагатай, юмны наанадах, цаадахыг тунгаах нас тогтсон МАН-ын гишүүд ингэж эрх ашиг, албан тушаалын төлөө сөхөө авахгүй улайрч байна. Тэгэхээр МАН-ынхан хэндээ итгэж, найдах вэ дээ. Залуу гишүүд нь болохоор нааш гэсэн рүү хуйларч хоёр талд хэдийнэ гарчихсан. Одоо УИХ-д суугаа 64 гишүүн нь эн тэнцүү талцаад үзэлцэж байна. Парламентад суусан цагаасаа л хоёр талд гараад хоорондоо алалцсаар өдий хүрлээ. Энэ бол улс төрд хөл тавьсан залуу гишүүдийн хувьд эмгэнэл. Фракц бүлэглэлд автаж, хэн нэгнээр оюун санаа, үзэл бодлоо жолоодуулж яваа хүмүүс яаж улс орныг цаашид авч явж чадах юм бэ. Угтаа бол МАН-ын залуу гишүүд хоёр талд ингэж тэмцэлдэж байхаар М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрыгоо огцруулахаар нэгдэх ёстой баймаар. Парламентаас гадуур байгаа гишүүд хүртэл эвлэлдэн нэгдэж, намаа аврах хэрэгтэй байна. Ингэж шинэ үеийн залуус тодорч гарч ирэхгүй бол танай нам хадан цохионы ирмэг дээрээс унахад бэлэн байна шүү.
Одоо МАН-ын хоёр бүлэглэлийн хэн, хэнийг нь зөв гэх юмгүй боллоо. У.Хүрэлсүх нь шударга үнэний дуу хоолой гээд цээжээ балбаад байгаа хэрнээ намын Удирдах зөвлөл, Бага хурал дээрээ төрийн хэрэгт дур мэдэн оролцож, УИХ-ын даргыг огцрох ёстой гэсэн шийдвэр гаргуулаад байдаг. М.Энхболдын хувьд УИХ-ын даргын албан тушаалаас огцрох хуулийн үндэслэл байхгүй гээд нам жим суугаад байдаг. Чуулганаа хуралдуулж, ажлаа хийе гэх боловч У.Хүрэлсүхийн талынхан бойкотолчихоод хүчин мөхөс нэгэн болж хувирлаа. Энэ хоёрын бүлэглэл хоёулаа их хэмжээний мөнгө санхүүтэй холбогдож, шившгээ дэлгэсэн. Ерөнхий сайд ЖДҮ-чин, УИХ-ын дарга нь 60 тэрбумчин гэсэн “цолтой”. Гэвч аль аль нь үүнийгээ үгүйсгэдэг. МАН-ынхан нэг нэгнийхээ хууль бус үйлдлийг олон түмэнд дэлгээд байхад хууль хяналтын байгууллагынхан таг дуугүй л сууцгаасаар.
МАН-ын хоёр бүлэглэл намаа шороотой нь хутгаж дууслаа. Монголын улс төрд хар тамга даруулчихлаа. Ийм нам улс орноо цаашид яаж авч явах юм бэ. Нэгэнт амин хувиа тэргүүнд тавьж байгаа нь ил тод байхад ард түмэн, эх орныхоо эрх ашгийг бодно гэж тэдэнд найдаж, горьдоод ч нэмэр алга. Тэд хэзээ ч улс эх орны эрх ашгийг бодохгүй нь ойлгомжтой. Улс төрд нэрээ хугалсан М.Энхболд, У.Хүрэлсүх хоёроос болж МАН-ын сүүлчийн хоногууд тоологдож байгаа юм шүү.
Уг нь МАН үүх түүх, улс төрийн туршлагатай байгууллагынхаа хувьд Монголын улс төрд байвал зүгээр л байх. Цаашид Монголын улс төр намгүйгээр явахгүй нь мэдээжийн асуудал. Тэглээ гээд МАН-ыг байхгүй болчихвол ард түмэн нэг их харамсаж, халаглаад байхгүй. Монголчууд шинэ зүйлийг хүлээж авахдаа шийрэгнэдэг болохоор л бэлэн нам байж байхад зүгээр юм болов уу гэж тайвнаар хүлээж авах байх. Нэгэнт л улс төрөөс арчигдаж сүйрч байгаа энэ нам татан буугдвал буугдахаас яахав дээ.
Дахин хэлэхэд, У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр булайгаа улс төрөөс зайлуулахгүй бол МАН-ын хагарал хэзээ ч эвлэхгүй. Аль нэг нь үлдлээ гэхэд унасан хүмүүс нь тэмцлээ тийм ч амар зогсоочихгүй байх. Иймд МАН-ын шинэ үеийн залуус гарч ирж намаа аврах хэрэгтэй байна.

М.Мөнхцэцэг


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан