Ерөнхийлөгч Х.Баттулга бойкотчин гишүүдэд дэмжлэг үзүүллээ

УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж чуулганыг сар гаруйн хугацаанд гацаагаад буй. Гэвч УИХ-ын даргын зүгээс энэ шаардлагыг хүлээж авахгүй гэдгээ хэдийнэ илэрхийлсэн. Учир нь УИХ-ын дарга хуульд заасан таван үндэслэлээр л үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой болохоос биш УИХ-ын гишүүн шантаажилсны зоргоор суудлаа тавьж өгөх учиргүй болохоор тэр. Тиймдээ ч “Хэний хүсэл зорилгыг биелүүлэх гэж мэдэж байгаагаа мэдэж байгаа биз дээ” гэж хэлсэн удаатай. Бойкотчидын шаардлага хууль бус гэдгийг УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд “УИХ-ын даргыг огцруулах шаардлагын дагуу шууд ажлаа өгч, огцорч болохгүй. Энэ бол М.Энхболд гэдэг хувь хүний асуудал биш. Тиймээс Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг зөрчин байж тавьсан шаардлагыг биелүүлэх боломжгүй” гэснээрээ баталж байв.
Тэгвэл чуулган гацсан яг энэ цаг үед бойкотчин гишүүдийг дэмжих, тэдний нэг гэдгээ батлахаар Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг огцрохыг дэмжвэл үүрэгт ажлаас нь чөлөөлнө” гэсэн хуулийн төсөл санаачилснаа өчигдөр зарласан. Зарлаад зогсохгүй хуулийн төслөө өнөөдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Ийм үйл явдал өрнөснөөр төрийн ажлыг гацааж, хууль бус шаардлага тавьсан бойкотчин гишүүдэд Ерөнхийлөгч хүч нэмлээ гэж харагдаж буй нь цор ганц үнэн юм. Угтаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч нь үндэсний эв нэгдлийг хангах үүрэгтэй. Энэ ч утгаараа хуулийг сахин биелүүлэхэд үлгэрлэх учиртай юм. Гэтэл хууль бус шаардлагыг өөгшүүлэхэд өөрийн биеэр үлгэрлээд зогсохгүй бойкот хийсэн болгоны хүслийг биелүүлэх ёстой гэдэг тогтолцоо бий болоход гар бие оролцоодохов.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга нь хуульд заасан таван үндэслэлээр л ажлаа хүлээлгэж өгөх учиртай гэж дээр хэлсэн. Энэ үндэслэл нь бүрдээгүй учраас л үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөөс татгалзсан. Татгалзсаных нь хариуд гишүүд бойкот хийж, Ерөнхийлөгчтэй хавсаадаж хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар суудлаас нь авч хаяхаар улайрч байна. Эндээс үзвэл, “Бидэнд Ерөнхийлөгч таалагдахгүй байна” гээд бойкот хийж болох юм байна. Хүчрэхгүй бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар суудлаас нь буулгаж болох нь. Ийм процесс өрнүүлж болно гэдгийг Ерөнхийлөгч өөрийн биеэр үлгэрлэлээ. Бүр тодруулбал, түүний  санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх үеэр бойкотчид танхимд бүрэн бүрэлдэхүүнээрээ заларна гэж мэдээлсэн. Ингэснээрээ Ерөнхийлөгч бойкотчидын нэг юм байна гэж харагдлаа.

Р.Хишигжаргал
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан