МАН гэх хар хүчин монгол төрийн ажлыг гацааж, монгол түмний итгэлээр тоглож байна

Парламентын засаглалтай Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж чадахгүй зургаа дахь удаагаа хойшилсон тухайгаа дэд дарга нь илэрхийлсэн. Нэгдсэн чуулган бүү хэл УИХ-ын бүлэг, байнгын хороод ч хуралдаж чадахгүй байгаа. Яагаад хуралдаж чадахаа больсон бэ гэдгийг иргэд, сонгогчид харж, мэдэж байгаа. Тэд өнөөдөр сонгогчдынхоо итгэл дээр ичгүүр сонжуургүй тоглож байна. Тэд бие биеэ хэмлэн, төрийн ажлыг гацааж байгаадаа сэтгэл зовохгүй, харин ч улам оодорч байна. Эрхэм гишүүдийн энэ эмгэнэлт жүжиг бараг хоёр сар үргэлжиллээ.
ЖДҮХС-гаас зээл авсан эрхмүүдийн нэр ил гарч ирэнгүүт хариуцлагын асуудал хамт босч ирсэн. Тэрбум, тэрбумаар зээл авсан нөхдүүдэд хариуцлага тооцох тухай яриатай зэрэгцээд өнөөх 60 тэрбумын тухай яриаг сөхөж, сөргүүлж тавьсан. Ингээд УИХ дахь МАН-ын бүлэг “ЖДҮ-чдийнх”, “60 тэрбумынх” болон хоёр хуваагдаж, арьс арьсаа хамгаалах асар том тэмцлийн гал асаасан. Өөрөөр хэлбэл өнөөдрийн төрийн ажлыг гацаагаад байгаа хамгийн том буруутан бол МАН. МАН доторхи хотын фракци буюу М.Энхболдын бүлэглэл, Зүүний хүчнийхэн буюу МАН доторхи залуусын бүлгийн ширүүхэн тэмцэл яг ЖДҮ-ийнхэнтэй зэрэгцэн өрнөсөн юм. ЖДҮХС-гаас эрх мэдэлтнүүд өөрийн дур зоргоор зээл авч туйлсан гэх мэдээллийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх илчлэн гаргаж ирэнгүүт МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Хаянхярваа тэргүүтэй нөхөд “ЖДҮ-чдэдээ хариуцлага тооц.
Тооцож чадахгүй бол Ерөнхий сайд огцор...” гэсэн шаардлага тавьснаар Зүүний хүчнийхэн буюу МАН дахь залуусын баг хөдөлгөөнд орсон. Тэд М.Энхболдын ялагдал, уналтын том ангал болсон 60 тэрбумыг сөхөж, сөргүүлэн тавихдаа “УИХ-ын даргыг огцор” гэх шаардлага тавьсан... Яг ийм асуудал тойрон хэрэлдээд хоёр сар гаруй боллоо. Төрийн ажлыг ингэж гацааж сонгогчдын итгэлийг хөсөрдүүлж байгаа гол хүчин бол яах аргагүй МАН гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Түүхийн хуудасныхаа тоогоор монголчуудын сайн танил бас ууган хүчин хэмээх хайр хүндлэл дунд бөмбөрч явсан энэ улстөрийн нам өөр хоорондоо тэмцэлдэн, өс зангидсан хар хүчин болж хувирсан нь өдрөөс өдөрт улам тодорсоор байна. “Тос дотроосоо өтдөг” гэх зүйр үг зөвхөн МАН-ынханд зориулагдсан гэлтэй. Тэд дотроо язганан тэмцэлдэж хөл толгойгоо ялгахаа больчихоод байна. Дотроо язганах тэдний хөлийн дүйвээн АН-ынхнаас хол байж чадсангүй.
Нэгэнт УИХ-ын даргыг огцруулах санал босч ирсэн болохоор УИХ дахь АН-ын бүлгийн санал үнэд орох нь зайлшгүй болсон. Энэ саналаас болж АН-ынхан бас хоорондоо хагаралдав. “УИХ-ын дарга М.Энхболдыг үтэр түргэн зайлуулъя” гэж хэлснийхээ төлөө намаасаа хөөгдөж, намаа орхиж АН-ынхан үнэхээр дайны хажуугаар дажин дэгдээж амжлаа. Арга ч үгүй юм. “Нэг үхрийн эвэр цохиход 1000 үхрийн эвэр доргидог”  юм чинь. Өөрөөр хэлбэл, МАН-ын хагарал, бутрал, өс хонзонгийн хар сүүдэрт АН өртөх нь энэ. “Улстөрийн тогоо халуун” гэж ярьдаг. Өнөөдөр энэ тогооны халалт хэтрээд бүр улайсчээ. Улайсаад удахаараа тогоо уг нь хагардаг... Угтаа “...төр түшиж түмэн олныхоо төлөө гэх чин сэтгэлээр ажиллана” хэмээн амласан түшээд маань өнөөдөр тэмцэлдэж бас хэмлэлдэж байна.
Тэд хэмлэлдэх гэж бас хэн нэгээсээ өс хонзон авах гэж иргэд, сонгогчдоосоо санал аваагүй. Ажлаа хийхгүй арсалдан тэмцэлдэж байгаагаа гавьяа мэтээр ойлгож байгаа эрхэм түшээд мэр сэр байгаад харамсч байна. Эцсийн дүнд энэ бүх хэрүүл, хараалын чинь үр дүн юу вэ гэдгийг хэрхэн яаж тооцсон юм бол. Намаас хөөлөө, албан тушаалаас нь огцрууллаа, хэрэлдлээ, тэмцлээ... Хэсэг нөхөд цээж дэлдэн “баатар” мэт ханхалзаад л байна. Хэл үгээ билүүдэн бие биенийгээ харлуулсан үгэн сум илгээсээр... Энэ бүхний эцсийн үр дүн иргэд, сонгогчдод юу өгөх вэ гэдэгт хариулт өгөх хүн байна уу, эрхмүүд ээ.
Ингэж төрийн ажил гацааж, хууль тогтоох дээд байгууллагын ажил хэдэн сараар тасалдуулсны гор, хор та бүхэнд биш улс эх орны минь нэр нүүрэнд хар толбо суулгаж байна. Иргэд сонгогчдын язгуур эрх ашиг хохирч байна... Улс төрийн тогоог харлуулж булингуулагч нь угтаа МАН болоод байна. Тэд бүлэг дээрээ ч, УЗ дотроо ч, Бага хурал дээрээ ч хэрэлдсэн... Хэрүүлээр шийддэг асуудал гэж хаана ч байдаггүйг  МАН-ынхан мэддэггүй юм байна. Тэд хэмлэлдсээр... Хэрүүл хар мөртэй гэдэг. МАН-ын хар сүүдэр хүрээгээ тэлэн томорсоор Монголын том хар хүчин болжээ.

Ж.Жаргал
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан