ХЭНТИЙ: Ихэнх суманд бага ангийн багш дутагдалтай байна



Энэ хичээлийн жилд Хэнтий аймгийн хэмжээнд 819 багш 16793 сурагчдад бүрэн дунд боловсрол олгох чиглэлээр сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Тус аймагт 2019 онд багшлах боловсон хүчин 792 байсан бол 2023 онд 819 болж нэмэгджээ. Харин дутагдалтай багшийн орон тоо 2019 онд 33 байсан бол 2023 онд 137 болж нэмэгдсэн байна. Хамгийн эрэлттэй нь ихэнх суманд бага ангийн багшийн орон тоо байх бөгөөд удаах байрт хими, англи хэл, математакийн багш дутагдалтай байгаа юм. 

Хэнтий аймаг 2021 оноос орон нутагт шаардлагатай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор "Зөгийн үүр" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ жил гэхэд л тус хөтөлбөрт зориулан орон нутгийн төсөвт 120 сая төгрөгийг баталжээ. Өнгөрсөн хугацаанд найман багш "Зөгийн үүр" хөтөлбөрт хамрагдан төгсөж ирээд байгаа аж.

Цаашид аймаг орон нутгийн зүгээс хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр дээрх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, шилжин ирж буй багш нарт дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. Мөн нийгмийн баталгааг хангах чиглэлээр шилдэг багш, шилдэг ажилтан шалгаруулж, байрны урьдчилгаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлэх аж.
Түүнчлэн багш нарыг чадавхжуулах чиглэлээр 10 судлагдахууны багш нарт тусгайлсан сургалтууд явуулахаар төлөвлөжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан