“Эмэгтэйчүүдийн улс төрийн квотыг 30-40 хувь болгох ёстой”



Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Монгол Улсад орчин цагийн парламент үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төсөлтэй хамтран үе үеийн эмэгтэй парламентчдыг оролцуулсан “Эмэгтэй парламентчдын анхдугаар чуулган”-ыг өчигдөр зохион байгууллаа. Эмэгтэй парламентчид энэ үеэр Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, эрх зүйн орчны талаар хэлэлцэв. 
 

Парламентад эмэгтэйчүүд 17.3 хувийг эзэлж байна

1992 оноос хойш найман удаагийн сонгуулиар сонгогчид нийтдээ 608  УИХ-ын гишүүнийг сонгожээ. Үүнд давхардсан тоогоор 64 эмэгтэй парламентад сонгогдсон байна. Өөрөөр хэлбэл, үеийн үед эмэгтэй гишүүдийн парламентад эзлэх хувь 10.5 хувиас хэтрээгүй явсаар ирсэн гэдгийг судалгаа харуулж байна. 
Улс төрийн намаар авч үзвэл:
МАН-аас - 44
АН - 17
ИЗНН-аас - нэг 
Шударга ёс эвслээс хоёр удаа УИХ-ын эмэгтэй гишүүн сонгогдсон байна.  Монгол Улсын нийт сонгогчдын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Мөн эмэгтэйчүүдийн сонгуулийн идэвх эрэгтэйчүүдээс илүү атлаа УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл энэ парламентад 17.3 хувийг эзэлж буй хангалтгүй  дүр зураг харагдаж буй юм. 
 

О.Мөнхсайхан: Хэвшмэл үзэл, хуучин жендэрийн дүр хэвээр байна

 Хууль зүйн ухааны доктор, профессор О.Мөнхсайхан илтгэлд"1992 оны Үндсэн хуулиар тэгш эрхийг тунхаглаад зогсохгүй, улс төр, эдийн засаг, нийгмийн соёлын амьдрал болоод гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүн тэгш эрхтэй гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Эрэгтэй, эмэгтэй хүний амьдрал адилхан үнэ цэнтэй. Бас адилхан хувь заяагаа сонгох эрхтэй ч бодит байдал дээр харамсалтай нь тийм биш. Хэвшмэл үзэл, хуучин жендэрийн дүр хэвээр байна. Эмэгтэйчүүдийн улстөр дэх оролцоо харьцангуй бага. Нийгмийн ойлголт ч эмэгтэй хүн улстөрч болохын эсрэг байдаг. Тиймээс квотын арга хэмжээг ярьдаг. Манайх 30 хувийн квотыг эмэгтэйчүүдэд өгчихөөд сонгуулийн өмнө 20 хувь болгодог. Энэ квотыг 30-40 хувь болгож байж оролцоог хангана. Хэрэв хүн ам, нийгмийн бүлгийг төлөөлж чадахгүй бол парламентын чадавхи буурна. Блансыг алдагдуулж болохгүй” гэдгийг дурджээ. 
 

Т.Ганди: Улс төрийн намын санхүүжилт ил тод байх нь чухал

УИХ-ын гишүүн асан Т.Ганди энэ үеэр байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь хүний хөгжлийн асуудалтай шууд хамааралтай. Квотын асуудлыг нэмэх гэхээс илүүтэй улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод байлгах ёстой. Намуудын үйл ажиллагааг илүү нарийн болгох ёстой. Зөвхөн дүрэм журмаар хязгаарлагдахгүй тодорхой хэмжээгээр нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, ажил мэргэжил, салбарын манлайллыг бий болгосон, улс орны хөгжлийн бодлогыг өчигдөр, өнөөдөр, ирээдүйд нь системээр харж бодлого тодорхойлох түвшинд шинээр гарч ирж буй залуу эмэгтэйчүүдийг оруулж ирэхэд намуудын дотоод санхүүжилт ил тод, шударга байх шаардлагатай гэв. 
 
 

Судалгаа: Хэвшмэл үзэл бүхий хүлээлт, шахалт олон нийтийн дунд байна

Түүнчлэн чуулганы үеэр НҮБ-аас хэрэгжүүлж буй "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн хүрээнд Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгааны үр дүнг танилцууллааа.  Судалгаанд Баянхонгор, Завхан, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгийн 24 сум, Улаанбаатар хотын зургаан дүүргийн 1006 хүн хамрагдсан байна. Судалгаагаар эрэгтэй, эмэгтэй улс төрийн манлайлагчдыг тодруулахад У.Хүрэлсүх, Н.Учрал, Л.Энх-Амгалан нарын улстөрчийг манлайлагчаар нэрлэж, 15 хувь нь байхгүй, мэдэхгүй гэж хариулжээ. Харин эмэгтэй манлайлагч улстөрчөөр Д.Сарангэрэл, Д.Анужин, С.Одонтуяа нарыг нэрлэсэн байна. Мөн 23 хувь нь манлайлагч эмэгтэй улстөрч байхгүй, мэдэхгүй гэжээ. Судалгаанд оролцогчдоос дээрх эмэгтэй улстөрчдийг манлайлагч гэж үзэж буй үндэслэлийг тодруулахад сайд байсан, дарга хийж чадахаа харуулсан, буянтай, гавьяатай, хүний эрхийн тэмцэгч, биеэ зөв авч явдаг, ярианы өнгө нь уярмаар, улстөрч хүний дүр төрхтэй, хэл ам хов живд ордоггүй” гэжээ. Мөн энэ судалгаанд "Эхнэр, нөхөр хоёулаа цалин олж гэр бүлээ тэжээдэг, аль аль нь ажил мэргэжлийн чадамж, цалин хөлсөөр ижил, өсөж дэвших адил ирээдүйтэй бол хэн нь бага насны хүүхдээ асрах нь дээр вэ" гэсэн асуулт багтаажээ. Үүнд 61.3 хувь нь эмэгтэй нь дээр гэж хариулсан байна. Энэхүү хариулт нь хүүхэд асрах хөдөлмөрт эмэгтэйчүүдийн оролцоо түлхүү байх ёстой гэсэн хэвшмэл үзэл бүхий хүлээлт, шахалт олон нийтийн дунд нийтлэг байгааг харуулж буйг судалгаанд дурджээ.
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 173 (6905)
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан