Үр бүтээлгүй, биеийн амрыг харж ажиллахаа хэзээ болих вэ эрхэм гишүүд ээ

Хүйтний ам наашлахтай зэрэгцэн Улаанбаатарчуудын утааны эсрэг тэмцэл эхлэдэг. Үр дүнгүй хэдий өвлийн гол сэдэв, гол дайсан болох утаатай тэмцэх шинэ санал, санаачлагад зарцуулсан мөнгө хэдийнээ 300 тэрбумд хүрсэн гэдэг. Улаанбаатарын утааг арилгах тухай жил бүр яригддаг ч өнөөдөр байдал хэвээрээ л байна. Тиймээс тооцоо, судалгаагүй, хэтэрхий үрэлгэн, үр ашиггүй төрийн бодлого ард түмнийг бухимдуулж эхэллээ. Олон нийтийн цахим сүлжээнд олон нийт тэр дундаа ээжүүд ууртай байна.
Тодруулбал,  өчигдөр  жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос  хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт таван хоног амраах тухай асуудал яригдаж эхэллээ.
Өөрөөр хэлбэл нийслэлийн агаарын чанарын их болон маш их бохирдолтой /1-4 дүгээр бүс/-д амьдарч байгаа жирэмсэн эхчүүд, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 409 ба түүнээс доош оноотой өрхийн 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг хамруулахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ 10 мянга 600 орчим жирэмсэн эх болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамт /0-5 нас/  үүнд хамрагдах юм.
Энэ асуудлыг ирэх Баасан гарагт болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. ХНХЯ-ны судалгаа тооцоогоор  Улаанбаатар хот орчмын нийт 29 сувилал, эмнэлэг, зарим амралттай хөнгөлөлттэй үнээр эх хүүхдүүдийг нэг удаа тав хоногоор, 18 ээлжээр амраахад 8.7 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ.
Яг үнэндээ бүтэн өвөлжин утаанд угаартаж, уушигаа үхүүлэх тэдэнд тавхан хоногийн "цэвэршилт" хэрэгтэй юу аль эсвэл утааг багасгаж, улмаар ор мөргүй устгах ажил хэрэгтэй юу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Үнэндээ эмэгтэйчүүд, эхчүүд 100 хувь утааны эсрэг байр сууриа хэдийнээ илэрхийлээд эхэлчихлээ. Түүнийхээ оронд хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг сургууль нэмж барихад энэ хөрөнгөө зарцуулах хэрэгтэй. Тавхан хоногт 8.7 тэрбум төгрөг үрэх оновчтой шийдвэр байж чадахгүй хэмээн шүүмжилж байна.
Нөгөөтэйгүүр 8.7 тэрбум төгрөгийг ийнхүү салхинд хийсгэхэд угаасаа ямар ч тооцоо судалгаа хэрэггүй. Учир нь гишүүд тойрч суууж байгаад "Утааны асуудал хүчтэй яригдаад байна. Яаж намжаах вэ? Хүүхэд, эмэгтэйчүүдийг сувилалд хэд хоног хэвтүүлчихье. Тэгээд Засгийн газрын хуралаар баталчихье" гэж ярилцаад л шийдчихсэн мэт дүр зураг харагдаад байгаа юм.
Аливаа асуудлыг энэ мэтээр дүр эсгэсэн байдлаар хандаж, их хэмжээний хөрөнгийг салхинд хийсгэхээ хэзээ болих вэ. Мөн үр бүтээлгүй, бодит хэрэгжилтгүй зүйлд хэт их төсөв үрж, биеийн амрыг харж ажиллахаа хэзээ болих вэ эрхэм гишүүд ээ.

erennews.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан