Гурав хоногийн дараа Замын-Үүд боомтоор ачаа хэвийн тээвэрлэгдэнэ


Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүд боомтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Хил хаасан талаар мэдээлэл өгөхгүй юу. Одоо ямар байдалтай байна вэ?
Хил нээх асуудлыг хойшлуулсан, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаа шиг бүх тээвэрлэлт хаагдсан гэдэг нь албан бус мэдээлэл. Ийм эцсийн шийдвэр Монгол Улсын талаас, Хятадын талаас ч гараагүй. Хэрвээ тийм шийдвэр гарсан бол Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамдаар дамжуулаад албан ёсны дипломат шугамаар мэдээлэл өгдөг зарчимтай. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд болон хил гаалийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байгааг та бүхэн мэдэж буй. Төмөр замын ачаа тээвэр хэвийн явж байгаа. Гурав хоногийн дараагаас эхлээд үйл ажиллагаа хэвийн болно. Монгол Улс, Хятад хоёрын хооронд хилийн нойл цэг дээр ачаа бараагаа солилцож контейнер чингэлэг тээврээр ачаагаа явуулна. Хоёр талын бэлтгэл хангагдсан. Хил орчмын хяналтын үйл ажиллагааг уялдуулах, Зам тээврийн яамнаас хариуцсан ажлын хэсэг гарч, газар дээр нь очиж ажиллаж, тээвэрлэлтэд оролцох жолооч, чингэлэг ачиж буулгадаг кран гэх мэт бүгдийг нь чиглүүлэх ажилд ороод явж байгаа.

Ингээд ойрын өдрүүдэд Замын-Үүд боомт авто машинаар чингэлэг тээврээр ачаагаа авах боломж бүрдэнэ. Энэ бол бүр илүү боломжтой нөхцөл бүрдэж байна гэж бид үзэж буй. Хүний оролцоогүйгээр шууд ачаа тээврийг хилийн нойл цэг дээр солилцоно гэдэг нь цаашаа эргэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Өмнө нь жолооч нараа цаана гаргаж тусгаарладаг, жолооч хүрэлцдэггүй эрсдэлтэй байдал үүсдэг байсан бол тээвэрлэлтийг кранаар хүний оролцоогүй хийснээр илүү тогтвортойгоор явна. Давуу байдал хаа хаанаа үүсч буй. Эхний ээлжид хэдэн зуугаар нь оруулаад ирэх боломжгүй. Цаад талаас санал болгож буй хүрээнд зохион байгуулалтаа хийж, цааш нь жигдрүүлэх асуудал шийдвэрлэгдээд явна.
-Төмөр замын тарифыг хэдэн оноос эхлэн нэмэх юм бэ?
-Төмөр замын тарифыг нэмэгдүүлэх асуудлыг ОХУ-ын талаас тавьсан. Бид ч мөн байр суурь нэг байгаа. Гэхдээ үе шаттай нэмэгдүүлнэ. 2030 он хүртэл УБТЗ-ын өргөтгөл шинэтгэл, технологийн байгууламжуудыг сайжруулах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэхтэй холбоотой вагон чиргүүлийн тоог нэмэгдүүлэх, хос замтай болох гэх мэт олон асуудал яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд төмөр зам шинэчлэгдээгүй, тарифыг удаан хугацаанд нэмэгдээгүй нэг түвшинд барьж ирсэн. Тиймээс зарим ачаа барааны тарифыг нь үе шаттай нэмэгдүүлэх асуудал яригдсан. Хоёр улсын зам тээврийн яамд харилцан тохиролцож ямар барааг, ямар үнэ тарифтай явуулах вэ гэдгээ шийдвэрлэж төмөр замын ерөнхий хороогоор эцэслэх юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан