Ерөнхийлөгч та, Си Жиньпинтэй яриач


Дэлхий дээр Монгол угсаа гаралтай арван сая гаруй хүн бий. Өмнөд хөрш дэх монголчууд, Халимаг, Тува, Буриад, Дунсян, Дагуур, Алтай, Дээд Монгол, Цастын Монгол гээд дэлхийд тархсан монголчуудаас хамгийн олон нь өмнөд хөрш дэх монголчууд бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-д байдаг.
Тэнд дөрвөн сая гаруй монголчууд байдаг бол Монгол Улс маань гурван сая гаруй хүн амтай, ОХУ-д сая гаруй монголчууд байна. Үлдсэн нь бусад газар нутаг, улс оронд амьдран суудаг гэсэн үг.
 
Тэгвэл өмнөд хөрш дэх монголчууд сүүлийн хэд хоногт монгол хэлээ хамгаалан тэмцэл хөдөлгөөн өрнүүлэв.
Шалтгаан үндэс нь 2020 оны зургадугаар сард биднийг сонгуульдаж байх үед тавигджээ. Тэр үед ӨМӨЗО-ы Тунляо хотын монгол сургуулиудын сургалтын хэлийг хятад болгож өөрчлөх “Хос хэлний сурган хүмүүжил” хэмээх тушаал “дээрээс” ирсэн тухай мэдээ тарсан байна. Улмаар наймдугаар сард зарим бага сургуулийн удирдлагуудад нь “Монгол сургуулиудын холбогдох байдлын тухай статистикийн хүснэгт” гэсэн нэртэй файл иржээ. Үүнд хятад хэлээр хичээл заах чадвартай багшийн тоо, зохих сургалтад хамрагдсаны дараа хятад хэлээр хичээл заах чадвартай багшийн тоо зэрэг багш нарын хятад хэлний хэмжээг асуусан судалгаа байсан аж.
Мөн наймдугаар сарын 23-нд цахим сүлжээн дэх монгол апп болох Bainu-г хоригложээ. WeChat, DouYin дээрх бичлэгүүд устаж эхэлсэн байна. Тэгсээр наймдугаар сарын сүүлчээр ӨМӨЗО-ы ихэнх аймагт есдүгээр сарын 1-нээс зарим хичээлийг хятад хэл дээр явуулж эхлэх албан ёсны мэдээ зааварчилгаа иржээ. Энэ талаар Хөх хотоос н.Сүвээдэй манай зарим хэвлэлд мэдээлэл бичиж ирүүлсэн байна.
 
 
Үйл явдал цаашаа хэрхэн өрнөж, есдүгээр сарын 1-ний өдөр хот бүрт, хотын төв талбай бүрт хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцлийн жагсаал хийх, цэвэр монгол хэлээр ярих, монгол хэлийг үнэ төлбөргүй бие биедээ заах, энэ бодлогыг цуцлахыг хүссэн өргөдлийн дор гарын үсгийг холбогдох утас хурууны хээний хамт цуглуулах, мөн үр хүүхдээ энэ бодлогыг хэрэгжүүлсэн аль ч сургуульд явуулахаас татгалзах зэрэг зүйлсийг өвөрмонголчууд яаж уриалж тэмцсэнийг бид харсан.
 
 
Өнгөц харвал энэ үйл явдал нь БНХАУ-ын дотоод хэрэг мөн. ӨМӨЗО бол БНХАУ-ын албан ёсны нэгж нь юм.
Энэ утгаараа аль нэг улсын дотоод хэрэгт оролцож үл болох олон улсын дүрэм журам бий.
 
 
 
Гэхдээ түүхэн талаас нь яривал Хятадад байгаа дөрвөн сая гаруй монголчууд бол 1634 онд Лигдэн хаан манжуудад алагдсанаар Манжийн эрхшээлд үлдсэн монголчуудын удам угсаа юм.
 
 
Тэр цагаас хойш олон удаа засаг захиргааны хуваарь, өөрчлөлтөд орсон ч эх монгол хэлээ марталгүй хадгалж ирсэн. БНХАУ  ч ӨМӨЗО-ны албан ёсны хэлний нэгээр “монгол бичигт монгол хэл”-ийг тооцож иржээ. Харин энэ үйл явдлын тухайд цахим сүлжээнд тархаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн даруйдаа Монгол Улсын нийт ард түмний анхаарлыг татсан. ӨМӨЗО-д монгол хэлийг хориглож эхэлсэн үйл явцад монголчууд таатай хандаагүй. Машид шүүмжтэй хандаж, эсэргүүцлийн цуглаан хүртэл боллоо. Манай зарим судлаачид ч энэ талаар “дуугарсан” байна. Судлаач, профессор Л.Мөнх-Эрдэнэ “...ӨМӨЗО-ын асуудал нь Өөртөө засах орон, эрх, автономийн асуудал, харин эх хэлний эрх, хүний эрх гэж томьёолох нь БНХАУ-тай нийлж ӨМӨЗО-ы өөртөө засах эрхийг эвдэж байгаатай адил зүйл. Өөрөөр хэлбэл, Хятадын мужууд БНХАУ-ын дотоод хэрэг, Өөртөө засах орон ба БНХАУ-ын хоорондын асуудал. Харин эх хэлний эрх, хүний эрх нь БНХАУ-ын дотоод асуудал огт биш. ...ӨМӨЗО-ы асуудал бол Өөртөө засах орон, эрх, автономийн асуудал. Эх хэлний асуудал төдий биш. Монголчуудын хувьд энэ орших эс оршихын асуудал” гэжээ.
 
 
Нэг үгээр, ӨМӨЗО-ы асуудал БНХАУ-ын дотоод хэрэг ч монгол хэлний тухайд нийт Монгол үндэстэнд хамаатай юм. Энэ үнэн. Аливаа улс үндэстний хэл нь тухайн үндэстний оршин тогтнох дархлааг хадгалдаг гол үнэт зүйл гэдэг.
 
 
Дээр дурдсан даа, дөрвөн зууны тэртээ монголчуудыг тасдаж, өнөөдрийн Хятадад үлдээсэн, эндэх Монголыг 200 жил эрхшээсэн Манж улс өнөөдөр алга. Тэр цагийн хүчирхэг Манжийн хэл өнөөдөр устсан. Манж хэлээр ярьдаг хүн дууссан. /Энд эрдэмтдийг оролцуулан тоолоогүй болно/ Манжууд амьдарч байгаа газар нутаг ч энэ дэлхий дээр байхгүй болсон. “...Байсан” гэх баримт материал нь архивт л үлдсэн байна.
Тиймээс монголчууд Хятадад болж буй үйл явдалд үнэлэлт өгч, дүгнэж хэлэх нь зүй ёсны хэрэг гэхэд болно. Тиймээс ард түмнээ, үндэстнийг төлөөлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч энэ талаар байр сууриа илэрхийлж, ямар нэг алхам хийх ёстой юм.
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч “...Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэж тангараг өргөдөг. Энд “...Үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж” гэж бий.  
Мөн “...Монгол бичиг бол монгол үндэстний оюуны соёлын үнэтэй бөгөөд бахархалт өв, монгол хэл, сэтгэлгээ, соёл иргэншлийн аюулгүй байдлыг хадгалан батжуулагч мөн” гэж Х.Баттулга Ерөнхийлөгч 2018 онд хэлж байв. Аль ч утгаараа өмнөд хөрш дэх монголчуудын хийж буй тэмцэл, тэднийг харж суугаа нийт монголчуудынхаа өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч “дуу гаргах” учиртай. Гэвч Ерөнхийлөгч маань таг чиг л байна. Магадгүй, Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй энэ талаар хөөрөлдөж, монголчуудын санаа бодлыг уриалах хэрэгтэй юм. Ийм олон шалгааны улмаас “...Та, Си Жиньпинтэй нэг яриадахаач” гэж Ерөнхийлөгч Х.Баттулга таныг уриалъя.
 
 
Б.ГарьдЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан