Улстөрчид сайн үйл хийжээ гэвэл итгэх хүн цөөн, харин тааруухан зүйлд орооцолджээ гэвэл эргэлзэх зүйлгүй итгэх нь олон болсон нь нийгмийн хандлагаас илхэн харагддаг.
Өргөн нэвтрүүлгийн телевизийн сувгаар олон улсын тоймч нь “Авлигачдыг буудах хэрэгтэй” хэмээн торолгүй ярьж, үзэгчид нь алга ташин хүлээж авч буй нь, арав ч хүрээгүй жаалхүү “Төрийн ордонд суудаг хүмүүс идээд л байж байдаг” гэж юу ярьж байгаагаа бүрэн ухамсарласан хүний дүрээр итгэл үнэмшилтэй бөгөөд хэвлүүхэн хэлж зогсоо нь үүний тод илрэл. Найман настай балчираас наян настай бууралд хүртэл “Улстөрчид бол мөнгө хөрөнгө завших гэж төрд шургалсан, зангиа зүүсэн хулгайч, дээрэмчид” гэх ойлголт бат суучихаад буй.
Төрийн минь сүлд гэж сүсэлдэг, цайныхаа дээжийг сүлдэндээ өргөдөг монголчууд нэг л мэдэхэд гэгээн төрдөө итгэхээ больсон нь иргэдийн буруу огтхон ч биш. Ардчилал, зах зээлд шилжсэн 30 жилд Монголын төрийг дураараа талхилж, сэглэж, зэрэмдэглэсэн улстөрчдийн бий болгосон үр дүн. Сонгуулиас сонгуульд иргэдийн оролцоо буурч, идэвх суларч буй нь сонгогчид залхуудаа, юм ойлгодоггүйдээ биш, хэнд нь ч саналаа өгмөөргүй санагддаг болсных. Иргэдийн 70 орчим хувь нь төрд итгэх итгэлээ алдсан гэсэн нэг айхтар судалгаа гарсан талаар өнгөрсөн парламентын үед гишүүд ярьдаг байв.
Тэгээд алдагдсан итгэлийг буцааж авахын төлөө ажиллана гэж амлан, хэзээ мөдгүй ажил хэрэг болгох гэж буй мэт дүр үзүүлсээр дахин сонгогдож, МАН үнэмлэхүй олонх болсон. Олон нийт өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг чухам шударга үнэнийг тогтоох, итгэлээ өгөөд санаа амар суух төр улсыг бий болгоно гэсэн горьдлогоор сонгосон.
Гэвч “их удирдагч” болохыг яарсан том амбийцтай улстөрч дарга нарын ярьсан зүйл ажил хэрэг болох нь нэг л чамлалттай, урагшлах хөдөлгөөн удаантай байна. Эрх баригч намын дарга сонгуулийн өмнө “ЖДҮ, албан тушаалын хэрэгтнүүдтэй хариуцлага тооцно, нэр дэвших эрх өгөхгүй” хэмээн мэдэгдэж алга ташуулсан. Ачир дээрээ хэлсэндээ хүрээгүй. Цөөхөн хүнээр туг тахиад, олонхыг нь багтаа аваад явж байгаа. Монголын төрд тулгарч буй хамгийн том асуудал нь эрх ашгаа эрэмбэлж, хүсэл шуналаа дарж чаддаггүй улстөрчид. Өнгөрсөн жилүүдэд төрд том, жижиг ямар нэг алба хашсан хүн бүр шахам чадах чадах хэмжээгээрээ улсын мөнгөнөөс шанагадаж, хувийн хөрөнгөө өсгөхийн төлөө зүтгэсэн нь захаас аваад замаар үргэлж харагддаг.
Сүүлийн хагас жилд шүүхээс ял авч, өдгөө торны цаана суугаа хэдэн хүн бол үүний хамгийн наад захын жишээ бөгөөд өнөөгийн эрх баригчид шударга үнэнийг хүсэмжилсэн иргэдийн хүлээлтийг хоосон үлдээн, урмыг нь хугалахгүйн тулд хэдэн хүнээр туг тахиад өнгөрөхөөр шийдэж, уг хомрогонд нь өртсөн тэд өнөөгийн дарга нартайгаа үг хэлээ ололцож чадаагүй азгүй нөхөд юм. Хүн бүрт тэгш хандах ёстой ардчилал, шударга ёсны зарчмаар бол тэдэнтэй зэрэгцэн шоронгийн бөглүү өрөөнд суух учиртай хүн хэдэн зуугаараа төрд, төрийн өндөр албан тушаалд ажиллаж буй.
Ойрын бөгөөд тод санагдахуйц жишээ дурдахад, өнгөрсөн парламентын үед ЖДҮХС-гийн мөнгийг хувааж авсан МАН-ын 40 гаруй гишүүний олонх нь энэ парламентад улиран ажиллаж буй. Намын дарга нь тэднийхээ толгойг илж, сайд дарга болгосон нь ч бий. Шударга үнэний дуу хоолой, дүр төрх болох гээд ядчихдаг Л.Оюун-Эрдэнийн хэдэн арван тэрбум төгрөгөөр тойрогтоо хийсэн, аялал жуулчлал татах бүтээн байгуулалт гэх ичмээр зүйлс ч улайм цайм төсвийн мөнгийг угааж, халаасандаа хийсэн үйлдэл. Төсвийн мөнгийг хэрхэн хууль ёсны мэт харагдуулан хулгайлж болохын сонгодог жишээ нь энэ.
Төсвийн хөрөнгөөр ойр зуурын ажил хийж үзсэн хэн ч үүнийг хараад ойлгоно. Төсвөөс хоёр тэрбум төгрөг зүгээр гаргачихвал баримт нь хэзээ нэг цагт дэлгэгдэнэ. Тэр цагт хулгай хийснийг нь хэн ч хараад ойлгоно. Харин ямар нэг ажилд зориулж төсөвлөөд, түүнийгээ хийсэн нэр зүүж, ажлын хөлсөө авсан мэт харагдуулахаар гаргавал хэн ч хулгай гэж харахгүй.
Өнгөрсөн жилүүдэд улстөрчид, тэднийг дагаж салбаганасан цүнх баригчдын хамгийн сайн хийж сурсан ганц ажил энэ. Төсөвт суусан ажлыг гүйцэтгэхээр тендерт орж, үйлээ үзэж байж ганц нэг ажил хийдэг жижиг компаниудын үйлийг үзэж, шат шатандаа авлига нэхсээр, эцэст нь албан тушаалтнууд, тэднийг дагасан долдой нарын халаас түнтийж, ажил хийсэн компани хоосон шахам үлдсэн жишээ өчнөөн бий. Авлига Монголын нийгэмд нэвт шувт шингэсэн. Иргэд, компаниуд авлига нэхэж, шантаажилж, боомилдог хүмүүсийг эсэргүүцэх тэнхэлгүй болсон. Тэднийг эсэргүүцсэнээс нэхсэн мөнгийг нь өгөөд ажлаа ганц алхам боловч урагшлуулах нь ирээдүйд нь ээлтэй гэх бодол бат суусан учраас авлигачид айж, эмээх зүйлгүй ханхалзсаар, улам томорсоор байна.
Олон нийт, нийгэм нь ийм хүлцэнгүй дорой, авлигад дассан, ажил, амьдралынхаа нэг хэсэг мэт хүлээн зөвшөөрсөн байдалтай болсныг шударга ёс тогтооно гэж лоозогнон итгэл хүлээсэн “их удирдагч”-д харахгүй, мэдэхгүй, анзаарахгүй байна гэж баймгүй. Дэргэдийн шадар туслахууд нь хүртэл орон нутгийн төсөвт суусан хөрөнгө оруулалтын тендерийг зохицуулж өгнө гээд авлига нэхэж яваагаас харвал “их удирдагч”-ид маань өөрсдөө ч авлигын торноосоо салж чадаагүй явах магадлал өндөр юм. Монголын нийгмийг муухай болгож байгаа, улс орны урагш алхах замд саад тээг, чөдөр тушаа болж буй, төрд итгэх итгэлийг үгүй хийсэн авлига дээрээс доороо хүртэл нэвт шингэснийг мэдсээр, харсаар байж засаж залруулах, таслан зогсоох нэг ч оролдлого хийхгүй байгаа нь шударга ёс тогтоох зорилгод нь хэр нийцдэг юм бол доо.
Та бүхний итгэл төртөл ярьсан, олон нийтийн хүсэн хүлээж буй зүйл бол шударга байж, ёс зүй, хариуцлагыг бүх шатанд ижил тэгш тогтоох. Улс орноо өөд нь татъя, бугшиж нүүрлэсэн шударга бус явдал, авлига хээл хахуулийг багасгаж, урагш алхан шинэ түвшинд гаръя гэсэн холын зорилготой бол та бүхэн амьдрал, ажлынхаа гүнд, илүү чин сэтгэлээсээ орж, хүн бүрт ижил шалгуур, шаардлага тавьж ажилламаар байна. Өнөөдөр яллаад буй хүмүүстэйгээ дүйцэхүйц үйлдэлтэй хүмүүст хүний, өөрийн, нам, засаг гэлгүй адил хариуцлага тооцох нь энэ ажлын тань эхлэл байх учиртай. Ингэж эс чадваас хийж буй ажил бүхэн тань дүр эсгэсэн, худал хуурмаг зүйл болно. Та бүхэн ч өмнөх улстөрчдөөсөө долоон дор амьтадад тооцогдох цаг ирнэ шүү.
“Ард түмэн бол цагаан цаас” гэж боддог өмнөх улстөрчдийнхөө замналыг үргэлжлүүлбэл тэдний хувь заяа та бүхнийг ч угтах л болно. Иргэн бүрт ижил тэгш боломж олгох, албан тушаалын гэмт хэргийг багасгах, төрийн албыг авлигаас салгах нь та бүхнээс хүлээж буй ажил шүү, “их удирдагч” болох амбийцтанууд аа.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН