Хэнтий аймагт авто тээврийн үзлэг тавдугаар сарын нэгэнд эхлэх бөгөөд хөдөө орон нутгаас орж ирж буй тээврийн хэрэгсэлд цагдаагийн байгууллага хяналт тавьж, техникийн үзлэг дуустал торгуулийн арга хэмжээ ногдуулахгүй ажиллахаа мэдэгдлээ.
Тус аймгийн Авто тээврийн төвөөс тээврийн хэрэгслийн татвар хураалт, техникийн хяналтын үзлэг оношилгоог дөрөвдүгээр сарын нэгнээс эхлүүлдэг байсан бол цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан энэ удаад тавдугаар сарын нэгэнд эхлүүлж долдугаар сарын найманд дуусгахаар болжээ. Харин Хэрлэн сумын 1, 2, 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ААН, төрийн байгууллагын автомашины үзлэгийг энэ сарын 1-30-ны өдрүүдэд явуулж байна.Хэнтий аймгийн хэмжээнд авто тээврийн хяналтын үзлэгт хамрагдах шаардлагатай 18000 гаруй тээврийн хэрэгсэл байдаг аж. Иргэд өөрсдийн автомашинаа таван жилийн хугацаанд техникийн үзлэг оношилгоонд оруулж, татвараа төлөөгүй тохиолдолд авто тээврийн улсын бүртгэлээс хасдаг байна.
Техникийн хяналтын үзлэгт орохдоо тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эзэмшигчийн иргэний үнэмлэх, татварын гэрчилгээ, жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ, татварын гэрчилгээ, техник ашиглалтын дэвтэр зэргийг бүрдүүлнэ. Урд бүсийн сумд тавдугаар сарын нэгнээс зургаадугаар сарын долооны хооронд, хойд бүсийн сумд зургаадугаар сарын 15-наас долдугаар сарын наймны хооронд хамрагдах юм байна.
Д.Одонтунгалаг