Хариуцлагын жишгийг бүх салбарт мөрдлөг болгоё


Төрийн албаны сахилга, хариуцлагыг дээшлүүлэхээ зарлан гарч ирсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар үйл ажиллагаа явуулаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хооронд тэрбээр танхимын 15 сайдынхаа дөрөвт нь хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргав. Үүний дагуу Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байна. Цаашилбал, Улаанбаатар хотын захирагч С.Батболд, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, “УБЦТС” ТӨХК-ийн захирал Д.Батсайхан, Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нар ч албан тушаалаа өгөөд байна. Төрийн албаны удирдах түвшний олон албан тушаалтан ажлаа хүлээлгэн өгсөн нь улс төрд яалт ч үгүй шинэ жишиг юм. Хэдийгээр төрийн өндөр албан тушаалд томилогдсон эрхмүүд алдаа гаргасныг зөвтгөөгүй ч асуудал үүсгэсэн, хариуцлага алдсан бол албан тушаалаас нь чөлөөлж, хариуцлага тооцож болдгийг бодитоор харуулсан явдал энэ.
 
Төрийн албаныхан аливаа асуудал үүсгэсэн, улсын хөрөнгө шамшигдуулсан тухай бид олонтаа сонссон ч ‘‘хууль шүүхийнхэн эцэслэн шалгаж тогтоогоогүй учраас’’ гэх шалтгаанаар албан тушаалтайгаа үлдэж байсан жишээг бид өмнө олныг харсан.
 
Тэгвэл хууль шүүхийнхэн ялын тогтоол уншихаас нааш албан тушаалаасаа ховхордоггүй муу зуршлыг У.Хүрэлсүхийн танхимынхан таслан зогсоох эхлэлийг тавилаа. Тухайлбал, зам тээврийн салбарт өнгөрсөн зун байгалийн гамшигт үзэгдлийн улмаас ноцтой осол гарч, галт тэрэг осолдсон. Үүний дараагаар тус яамны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн учраас салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаа хүлээлгэн өгсөн. Энэ бол хариуцлагын шинэ жишгийн эхлэл байсан. Дараа нь ЖДҮ-ийг дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий компанид давуу байдал үүсгэн зээл авсан сайд, гишүүд төдийгүй төрийн албаныхны нэр ар араасаа хөвөрч буй. Хэдийгээр дээр хэлсэнчлэн хууль шүүхийнхэн ганц ч хүний асуудлыг эцэслэн шийдээгүй ч эхний ээлжид албан тушаалаас нь чөлөөлж, шийтгэл ногдуулаад байна. Энэ бол хариуцлагын нэг хэлбэр. Ерөнхий сайдын танхимаас эхэлсэн энэ жишгийг УИХ-ын дарга М.Энхболд үргэлжлүүлж, УИХ-ын харьяа байгууллагын удирдлага гэдэг утгаар нь хүлээн авч уулзаж, ЖДҮ-ээс зээл авсан асуудалд нэр холбогдсон учраас ажлаа хүлээлгэн өгөхийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатараас шаардсаны дагуу тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Ийнхүү энэ төрийн үед сайд, дарга нар аливаа хууль бус асуудалд холбогдсон л бол төрийн албаны нэр хүндийг унаган байж албан тушаалтайгаа зууралдаад байх ёсгүй гэдгийг үлгэрлэн харуулаад байна. Үүний дагуу өнгөрсөн долоо хоногт жирэмсэн эмэгтэй ЭХЭМҮТ-ийн гадаа төрүүлсэн асуудалд эмнэлгийн дарга хариуцлага хүлээн албан тушаалаа хүлээлгэн өгөхөө мэдэгдэв. Энэ бол Засгийн газраас эхлүүлсэн хариуцлагын жишиг салбар бүрт хүрсний том илрэл боллоо. Бүгд тийм биш. Албан тушаалд нь хадчихсан мэт аашилдаг, төрийн албаны нэр хүндийг унагадаг, авлига хээл хахууль авч байж хөдөлдөг хүмүүсийн буруу үйлдлийг таслан зогсоохын тулд салбар бүрт хариуцлагыг өндөржүүлэх шаардлага зүй ёсоор урган гарч буй. Тийм ч учраас У.Хүрэлсүхийн Засгийн газрын тогтоосон хариуцлагын жишгийг цаашдаа салбар бүрт мөрдлөг болгохыг уриалж байна. Ганцхан жилийн дотор ийнхүү төрийн өндөр албан тушаалтнууд ингэж олноороо ажлаа хүлээлгэн өгсөн нь хэн бүхэнд сануулга болох учиртай. Албан тушаал маш өндөр хариуцлага гэдгийг төрийн албаныхан яс махандаа хүртэл ойлгож ухаарсан цагт нэр хүнд нь өсч, ирээдүй болсон залуус тийш тэмүүлэх зам мөрт жишиг болох учиртай. Өнгөрсөн хугацаанд аливаа болж бүтэхгүйд нэр холбогдсон сайд, дарга нар албан тушаалаасаа огцорсон талаар бараг дуулж байсангүй.
 
Тэгвэл сүүлийн жил гаруйн хугацаанд ар араасаа ийнхүү ажлаа өгсөн нь төрийн албаныхны дунд сахилга хариуцлага гэдэг үг ёс төдий хэллэг биш болсныг харууллаа. У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгогдсон Засгийн газрын анхны хуралдаанд төрийн албаны удирдах ажилтнуудад хандаж хэлсэн үгэндээ, “Төрийн албаны сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулахад манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана. Энэ цаг мөчөөс төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана. Төрийн алба сэтгэл, итгэл, зүтгэл, ёс суртахуун дээр тогтдог, хуульд захирагддаг алба учраас хариуцлагатай ажиллах”-ыг үүрэг болгосон. Улс төрд тэр дундаа эрх баригч намынхны дунд өрнөж буй үл ойлголцол, улс төрийг түр орхиод У.Хүрэлсүх гүйцэтгэх засаглалын тэргүүн болохдоо хэлсэн үг, тунхаглах зарчмаа хэр сайн барьж ажилласныг тоймлон дүгнэхэд ийм байна. Энэ бол зөвхөн У.Хүрэлсүх ба түүний Засгийн газрын өмчилж авсан үг, үйлдэл огт биш бөгөөд салбар бүрт, шат шатанд, ч цаг ямагт хариуцлагын тоолуур гүйж байх учиртайг сануулъя. Монголчуудын сошиал хэрэглээ асар их болсон энэ үед хариуцлага алдсан л бол юуны түрүүнд ажлаа хүлээлгэж өгдөг ёс зүйтэй байхыг хэн бүхний тархинд хууль мэт суулгах нь зайлшгүй тулгарч буй том асуудал нэгэнт болсон. У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэн эрх жил гаруй хугацааны дараа дуусна. Энэ болтол хэн ямар асуудал үүсгэж, хариуцлага үүрэхийг таашгүй. Гэхдээ хэн алдаа гаргах бол гэсэн хүлээлт бус хариуцлагын тоолуурын үр дүн хэрхэн гарах тухай ойлголт юм. Хариуцлагыг тугаа болгон гарч ирсэн У.Хүрэлсүх хэлсэн үгээ үйлдэл болгохын тулд тодорхой ажлыг эхлүүлж, жишиг тогтоолоо. Холбогдох албан тушаалтнууд үүнийг хэрхэн мөрддөг болгохыг хамтдаа харах л үлдлээ.
 
 
М.ӨнөржаргалЭх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан