Гадаад томилгооны наймааг ил болгох уу

-Элчин сайд нарын томилгооны гацаа ба тохиролцоо-
Элчин сайд гэдэг улстөрөөс “арчигдах” дөхсөн, албан тушаалын “бялуу” хүртээгүй, аль эсвэл ар нь том хүмүүст оногддог “бэлэг”-ийн алба байсаар багагүй хугацаа өнгөрсөн. Өдгөө манай улсаас гадны 10 оронд суух Элчин сайдын яам, төдий тооны консулын газар эзэнгүй шахам байна. Тухайн газруудын Элчин сайд нарын томилолтын хугацаа дууссан тул эргүүлэн татаж, түр орлон гүйцэтгэгчтэй үлдээсэн. Үндсэндээ томилгооны наймаа, арилжаа нь тохиролцоонд хүрэхгүй болохоор л уягдаад байгаа бололтой юм билээ.
Уг нь Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нэгдүгээр сард 11 улсад суух Элчин сайдын нэрийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дэмжлэг авсан. Ингээд Ерөнхийлөгч ч дэмжсэн. Гэтэл МАН-ын бүлэг нөгөө 11-ээс нь Энэтхэг Улсад суух Элчин сайд Ч.Бүрэнбаярыг хэтэрхий ахмад настай, БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Өнөрзаяаг дипломат албанд ажилласан туршлагагүй учраас томилох боломжгүй гэдэг шалтгаар “голчихсон”. Юутай ч УИХ-ын намрын чуулган завсарлахаас урьтаж, үлдсэн есөн хүнээ томилуулах асуудлыг хэлэлцүүлэх гэтэл “уучлаарай” гэдэг л болсон. Учир нь Ерөнхийлөгч гэнэт Элчин сайд нарын нэрийг “татчихсан”. Бүр анхнаас нь дэмжсэн хүмүүсээсээ хоёрыг нь буюу БНПУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б. Дорж, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазар нарыг л томилсон. Бусад нь хэрхэхийг таамаглах аргагүй болов. 
Энэ талаар салбарын сайд Д.Цогтбаатараас тодруулахад “Харин ч мэргэжлийн хүмүүсээ оруулсан. Өмнө нь Элчин сайд нарын нэрийг дэвшүүлэхээр оруулахад 30-40 хувь нь улстөрчид, үлдсэн хувьд нь мэргэжлийн хүмүүс өрсөлддөг байсан. Сая бол маш олон жилийн дараа 70-80 хувийг нь гадаад харилцааны салбарын, мэргэжлийн хүмүүс оруулмагц хэт улстөржүүлж байна. Мэргэжлийн хүмүүс чинь улстөрчид шиг лобби хийгээд хүмүүстэй уулзаад гүйгээд байхгүй болохоор хүчгүйдэж байна л даа. Харин улстөрчид нь болохоор ардуур, урдуур гүйж байгаад болчихож байна шүү дээ. Би дахиад нэрсээ оруулахдаа саяын хүмүүсээ л оруулна. Мэргэжлийнх учраас” хэмээж байлаа.
Салбарын сайдын хэлсэн, Ерөнхийлөгч 11 хүний нэрийг татаж, хоёрыг нь дэмжиж томилсон зэргээс харвал цаана улстөрийн ямар их тохироо, наймаа явдаг болох нь харагдаж байгаа юм. Тэгэхлээр салбараа сайхан цэвэрлэе гэвэл Д.Цогтбаатар сайд МАН-ын бүлэг болоод Ерөнхийлөгчтэй хэсэг хугацаанд түнжингүй байж, Элчин сайдын яамд, консулын газрууд ч “түр орлон”-тойгоо л байх болж дээ.

Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан