Монголчууд хамгийн их аз жаргалтай амьдарч байгаа хэрнээ хамгийн их бухимдалтай байна

Монголын газар шороон дээр хүн төрөлхтөн амьдарч эхэлснээс хойш магадгүй хамгийн их аз жаргалтай амьдарч буй цаг үе бол сүүлийн 30 жил юм. Үүнийгээ бид ийм доргионтой өдрүүдэд хүлээн зөвшөөрөх нь их ухаалаг хэрэг болно. Энэ бол ардчилсан хувьсгал ялж, зах зээлийн нийгэмд шилжиж, их гүрнүүдийн хараат байдлаас гарч, хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхсаны буян хишиг юм. Яалт ч үгүй, Ардчилсан хувьсгалыг хийсэн, Ардчиллын үнэт зүйлийг хамгаалж ирсэн хүмүүсийн ач гавьяа. Монголчууд бид өнөөдөр дээрээ хаангүй, дэргэдээ албатгүй, ёстой нэг үлгэрт гардаг шиг хөл хөсөр, гар амар, хамгийн аз жаргалтай үедээ амьдарч байна. Ингэж бичихээр зарим хүнд таалагдахгүй байж магадгүй. Таалагдахгүй байгаа хүмүүсийн ихэнх нь өглөө хувийн машинаараа хүүхдээ сургуульд нь хүргэж өгч байгаа. Гуч хүрэхгүй жилийн өмнө хүн бүр хувийн машинаараа хүүхдээ сургуульд хүргэж өгөөд... гэх нь үлгэр, зүүд зэрэглээ байлаа шүү дээ.
Өнөөдөр Далай ламын маш олон сургаал номлол хүний нийгэмд моодноос гарахгүй, улам ч түгэн дэлгэрсээр байгаа. Мянганы сургаалаас эхлээд... Тэр дундаа энэ цаг үед барууны өндөр хөгжилтэй орнуудад Далай ламын “Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж сур. Үр хүүхэдтэйгээ ямагт ойр бай, хань ижилтэйгээ аялж бай. Хүн гэдэг амьтанд энэ л аз жаргал. Биеийн эрүүл мэнд бол сэтгэлийн эрүүл мэндээс шалтгаантай. Хамгийн эхэнд оюун санаагаа цэвэр ариун байлга” гэсэн үзэл санаатай сургаалуудыг хөгжлийн дээд шатанд явж буй улс орны иргэд тэр аяараа сонсож, ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж байна. Далай лам бол дэлхийн 200-гаад улс орон дотор Монгол гэдэг улсад хамгийн их хайртай гэдгээ удаа дараа илэрхийлсэн хүн. Гэтэл хайртай ард түмнийх нь оюун санаа өнөөдөр ямар байна вэ. Аз жаргалтай амьдарч буйгаа ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй шунал, атаархал, хонзогнолын далайд живж явна.
Хүн төрөлхтний нийгэм их хөгжсөн. Үүний үр шимийг монголчууд бид хамгийн их хүртэж байгаагаа нэг ойлгооч. Монголчууд дэлхийн гүрэн байсан Чингисийн үед ямархуу байсныг саная л даа. Чингисийн хүүхдүүд, үр сад, ач зээ, хэдэн хатад нь, ойр дотных нь хаад ноёд жаргалтай байсан байх. Харин Монголын ард түмэн бол тэр үед, эртээдийн У.Хүрэлсүх дээр орсон хэдэн залуучуудын хэлсэн үг шиг жадны үзүүр, сэлэмний ир л явсан. Цаг үргэлж аян дайнд мордоостой, хэдэн жил сараар цусаа урсган явцгаасан. Амьд явах баталгаа нэг хувь ч байгаагүй. Өнөө есөн зэм ялыг хэлтрэх дархан эрхтэй ноёдууд нь сэлэмнийхээ ирийг шалгах гээд хажуудах албатаа цавчиад хаячихдаг байсан түүх, шастир хуудаснаа, түүхэн эх сурвалжуудад дүүрэн л байх юм байна шүү дээ. Яг бодит үнэнийг шулуухан хэлэхэд зарим нэг улс үндэстний дунд би Чингисийн Монгол гэж ярих нь тийм ч бахархах зүйл биш. Үүнийг юм үзэж нүд тайлсан хүмүүс мэднэ. Дэлхийн түүхэнд ховорхон тохиосон ярагчид гэж үздэг улс орнууд цөөнгүй шүү дээ. Ийм хэцүү бэрх цаг үед, их Чингис хааны үед амьдарч байсан монголчуудыг жаргаж байсан гэж хэлэх боломжгүй байх аа. Чингисийн дараа их хаадын хагарал бутрал нь, дайн дажныг улам ихэсгэж, монгол айл бүрийн хаалгаар амьдын хагацал оруулсан. Үргэлжлүүлээд бага хаадын бутрал Монголын ард түмнийг хөлдөө улам ихээр чирч, үйлийг нь үзэж, тамаа цайсан хэдэн зууныг элээсээр Манжид дагаар орсон билээ. Манжийн мэдэлд байх 200 жилийн хугацаанд алаан хядаан нь арай аядуу болсон байдаг. Харин албан гувчуур, өртөө улаа, өвчин зовлон, үгүйрэл хоосрол тамтагаа алдсан даа. Тэр үед 50 насалсан хүнийг ямар өндөр наслав хэмээн гайхан ярилцдаг байсан нь бодит үнэн юм. Өнөөдөр тэгвэл манай эрчүүд 50 насан дээрээ тав дахь эхнэртэйгээ гэрлэж байна. 52 насан дээрээ хүүхэд төрүүлж, дахиад нэг зүтгэвэл эхнэр маань эхийн одон авчих гээд байна хэмээн зүтгэж байна. Энэ бол үнэндээ аз жаргал юм аа. Ард нийтээрээ амьдрал нь боломжтой, аз жаргалтай, амар тайван, эрх дураараа амьдарч байгаагийн хамгийн энгийн хийгээд тод жишээ энэ юм. Гэтэл ийм сайхан аз жаргалаа ойлгохгүй, харин ч бүр эсрэгээрээ зовж байгаа мэтээр дээр доргүй ярьсаар, тунхагласаар байгаад одоо Монголын нийгмийг хямралын шинжтэй болгочихлоо. Үүнийгээ ойлгоосой гэсэндээ үүх түүхээс нь дурдаж байна.
Түүхийг дахиад ч товчхоноор үргэлжүүлэн сануулъя. 1910 оны үе буюу Манж гүрэн мөхөх тэр цаг үед хагас сая хүрэхгүй монголчууд нийтээрээ ядуурал гуйранчлалын туйлд хүрч, мунхаглал, мухар сүсэг, шашин, харанхуй оюун санаатнууд болж, монголчуудыг монгол гэж танихын аргагүй болсон байв. Нийт эр хүйстний 70 хувь нь лам болж, эхнэр авахгүйн зам мөрийг хөөсөн байлаа. Хүн амын нөхөн үржихүй нойл зааж, ангаж цангасан эмэгтэйчүүдийг нь хэн дуртай нь яадаг, зах замбараагүй болсон нь өвөг дээдсээ доромжилсон хэрэг биш цаасан дээр бичигдэж үлдсэн үнэн түүх, дүр зураг билээ. Гумилев бээр ил шулуунаар мөхөн дуусч буй монголчууд хэмээн дэлхийд тунхаглан зарлаж, бичин туурвиж байсныг бид өнөөдөр уншаад л сууж байна шүү дээ. Өнөөдрийн үеийнхэн жаахан ч болтугай юм уншдаг бол үнэндээ эмзэглэж үхмээр дүр зургаар эцэг өвгөдийн маань тухай монгол судлаач, алдарт эрдэмтэн Гумилев бичиж үлдээсэн байдаг юм шүү. Өөр ч гадны аялагч судлаачдын тэмдэглэл номууд бий. Гумилев нэгэнтээ “Их газрын гүнд, бие дээгүүр нь жижигхэн жижигхэн хорхой гүйлдэж байдаг цөөхөн үндэстэн бол монголчууд юм. Тэд өдгөө 400 мянга хүрэхгүй. Жилээс жилд улам цөөрсөөр байна. Удахгүй мөхөж үгүй болох ард түмэн билээ” хэмээн бичиж байлаа. Баабарын Төрийн соёрхол хүртсэн бүтээл болох “Монгол түүх” дөрвөн цуврал ботийг өнгөрсөн жил шинээр нэмж баримтжуулан баяжуулж дахин хэвлэснийг хараарай. Уншихаас залхуурч байгаа бол бараг тавин хувь нь тэр үеийн гэрэл зурган мэдээлэл байгаа. Тэр үеийн дундаж түвшний амьжиргаатай гэгдэж байсан монгол айлын дотор гаднахыг харвал одоо ч Монголд хамгийн ядуу айл тийм гэр орон, амь амьжиргаатай байхгүй байгаа. Ийм л гамшиг зовлонт цаг үеийг туулан монголчууд социалист нийгмийн гэх 70 жил үргэлжилсэн системийн аман дээр 1921 онд ирсэн юм. Соц нийгмийн 70 жил бол үнэхээр эрх чөлөөгүй цаг үе. Авах ганц юм нь бүгдээрээ бичиг үсэг тайлагдсан, өвчин хуучнаасаа салж, басчиг соёлжсон. Энэ бол үгүйсгэх аргагүй юм ололт мөн. Хүн төрөлхтний хамгийн үнэт зүйл болох эрх чөлөө, ардчилсан зарчим бол байгаагүй. Аймгийнхаа төвийг орохын тулд “Зам явах” гэдэг хуудас авч НАХЯ-ны төлөөлөгчдөө бүртгүүлдэг байлаа. Хоёр хүн тутмын нэг нь энэ яамны нууц мэдээлэгч байж, хэн ямар айлаар орж, юу яриад гарсан нь тэр дороо бүртгэгддэг байлаа. Хувийн өмч хөрөнгийн тухайд ярих ч хэрэггүй. Хувхай хоосон ард түмэн.
Гэтэл өнөөдөр хөдөөд 13 настай хүүхэд шинэ мотоцикль унаад давхиж явна. Хотод бол ийм насны хүүхэд зах дээр хэдэн сар тэрэг түрээд л мотоцикль аваад уначихаар мөнгө олно. Нийслэлд үнэндээ өнөөдөр хуучин машин ч тоохоо больж байна шүү дээ. Монголчууд ингэж айхавтар капиталжсан байна. Жишээ нь, хотод 2000 төгрөгтэй байхад нэг өдөр өлсөхгүй явчих боломжтой. Нэг кг хонины мах 5000 төгрөг байна. 200 грамм мах 250 төгрөг. Доод талын гоймон 700 төгрөг. Ус, сонгино... гээд үлдсэн мөнгөөр нь хоолны орцууд авчих нь. Нэг хүн цадтал идэхээр хоол хийчихээр байгаа биз дээ. Хүнсэн дээр гэхэд ийм үнэ ханштай, манай хэрийн хөгжлийн түвшинтэй улс орон дэлхийд цөөхөн юм.
Ийм л элбэг дэлбэг амьдарч байна, бид. Гэвч бидний сэтгэл санаа гэж авах юм алга. Маш их уур хилэнтэй, бүх зүйл нь сөнөчихсөн юм шиг, зовлонгийн туйл үзэж байгаа юм шиг, дайн дажинтай улс орны ард түмэн мэт аашилцгааж байна. Энэ бол муу ёр юм. Оюун санааны энэ бохирдол нь өнөөдрийн монголчуудын аз жаргалыг үгүй хийж байна. Бүгд уур хилэнгээсээ болж нэгнийгээ хөнөөхөөс ч сийхгүйд хүрэх нь. Саяхан нэг судлаач “Атаархалаа хямрал гэж ойлгосон 10 хувь байна” гэж бичсэн байна лээ. Энэ үнэн. Яг үнэндээ арван хувиас ч хол илүү байгаа байх. Зах зээлийн нийгэм хүн бүрт боломж олгосон. Бүгд нэг гараан дээрээс хөдөлсөн. Боломжийг тултал ашиглаж баяжсан хэсэг байна. Зөв, ингэж баяжих ёстой нийгэм. Харин ингэж боломжоо ашиглан хөрөнгөжсөн хэсэгтээ атаархаж үхэх гэсэн, үүнээсээ болж өөрийгөө тамлаад байгаа маш олон хүн бий болсон нь үнэндээ өнөөдрийн нийгмийн эмгэнэл болчихоод байна.
Энэ атаархлыг хэн дэвэргэж, нийгэм даяарын шинж чанартай болгож байна вэ. Өнөөдрийн улстөрчид шүү дээ. Попуудын юу хэлж ярьж, юунд турхирч байгааг харж байгаа биз. Тэрийг хар, энийг хар, тэгж баяжсан, ингэж хөлжсөн хэмээн дайрч байна. Монголын улстөрч гэх хүмүүс нийгэмд танигдахын тулд, тодрохын тулд монголчууд бидний энэ атаархал дээр тоглож гарч ирж байна. Дээр нь иргэний хөдөлгөөнүүд байна. Саарал ордондоо эргэн орж суух туйлын хүсэлтэй гудамжинд байгаа асангууд байна. Энэхүү атаархал дээр суурилсан нийгмийн бухимдлыг төрийн гурван өндөрлөг маань хүртэл ашиглаж, ард түмнийг хутган үймүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Гэтэл монголчууд хүн төрөлхтөн дундаа ховорхон хувь заяатай, жаргасан ард түмэн байж байдаг. Энд нэг зүйлийг илүү дуугархад дэлхийн хамгийн баян 10 орны жагсаалт албан ёсоор гарчээ. Хамгийн баян нь Катар улс байна. Хүн амын тоо нь 2 сая 694 мянга. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 129 мянга 512 ам.доллар. Залгуулаад Люксембург, Макао, Сингапур, Бруней, Норвеги, Кувейт... гээд явж байна. Эдгээр 10 баян орон дотроо хамгийн олон хүн амтай нь Сингапур 5 сая 791.9 мянган хүн амтай. Тэгээд л тоо нь доошоо бууж байгаа юм. Харьцуулахад Монгол Улс 3 сая 177.9 мянган хүнтэй. Хүн амын тооноос хөгжил хамаардаггүй юм байна аа. Харинчиг эсрэгээрээ хүн ам цөөнтэй улс орнууд энэ дэлхийд хамгийн баян нь байдаг юм байна. Эдгээр арван баян орон юугаа ашиглаж хөгжсөн, баяжсан гэвэл нэгдүгээрт, хүн ардынхаа оюун санаа, уураг тархийг л ашигласан байна. Хоёрдугаарт, байгалийн баялгаа. Эдгээр 10 баян оронд Засгийн газар нь огцорлоо гэж та нар сонссон уу. Зарим улс нь хөгжлийн түвшингээрээ бидэнтэй бараг нэг гараанаас хөдөлсөн нь ч бий шүү дээ. Монголчууд бидний байгаа царай ийм л байна.
Өнөөдөр нийгэмд ерэн оноос хойш л тамаа цайж байгаа юм шигээр худлаа ярьж, сурталчилж байна. Ерэн он гараад эхний гурван жил нь хүнд л байсан. Энэ бол нэгэнт болоод өнгөрсөн түүх, туулах ёстой байсан зам. Одоо ингэж худлаа үзэл суртал явуулдагаа боль. Бүх мэдээлэл ерэн оноос хойш ил болсон. Сошиал ертөнц бий болсон. Мэдээлэлтэй байж үзээгүй ард түмэн үүнд их цочирддог юм байна. Үнэндээ аль ч цаг үед, ямар ч нийгэмд төрөөс хулгай хийж, шамшигдуулахсад байсан. Өнөөдөр гэхэд нийгэмд хамгийн их бухимдал авчирч байгаа ЖДҮХС байна. Ерэн оноос өмнө юун ЖДҮХС-гийн мөнгийг булаацалдах. Бүх мөнгө төрийн мэдэлд, түүнийг нь хэдхэн хүн л мэддэг байсан шүү дээ. Эргэж харсан иймэрхүү түүхүүдийг яривал дуусашгүй их бузар булайг дэлгэх болно. Тийм болохоор орхиё. Урагшаа харах ёстой.
Монголчууд бид энэ жаргалтай цаг үеэ хайрлах, хамгаалах, тордох хэрэгтэй байна. Ингэхийн тулд иргэн бүр хариуцлагатай байя. Биесээ доромжилсон хүмүүсийн шүлсэнд булуулж суумааргүй байна. Өнгөрсөн 30 жилд олж авсан Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах нь дан ганц АН-ын үүрэг биш. Иргэн бүрийн үүрэг. Хамгийн аймаар нь болж бүтэж байгаа юм Монголд алга, бид сөнөлөө, мөхлөө гээд зогсоо зайгүй сурталчилаад байхаар ард түмэн маань нийтээрээ “Нээрэн бид чинь хамгийн ихээр зовж, ядуурал гуйранчлалын туйлд хүрч байгаа юм байна” хэмээн итгэх хандлагатай болж байгаа нь хамгийн аюултай. Мэдээж үүнээс илүү хөгжих, илүү сайхан амьдрах боломж бидэнд байсан. Үүнийгээ алдсан нь үнэн. Гэхдээ монголчууд гуйлгачин болчихоогүй. Ертөнцийн шившиг ч болчихоогүй. Байгаагаа хамгаалж, тордож, ямх ямхаар урагшлуулж байж бид цаашаа явна. Ингэхийн тулд эхлээд нэгэндээ атаархаж хорсдог, нэгнийхээ муу явааг харвал ихэд баясаж, бүтэн нойртой хонодог атгаг хорон санаагаа хаяж, сэтгэл санаагаа цэвэрлэцгээе. Бид амгалан тайван эх оронтой, эрх дураараа амьдрах нийгэмтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг ардчилсан хэвлэлтэй, энэ дэлхийн хамгийн их эрдэс баялаг дээр танз эргэсэн, дутуу юмгүй, бүтэн ард түмэн шүү.

dnn.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан