УТААТАЙ МЕТРОПОЛИС хотыг С.Амарсайхан авах уу, Т.Гантөмөрт өгөх үү эсвэл...


Өвлийн эхэн сард эхэлсэн улс төрийн "халуурал" хэсэгтээ намжиж байх шиг байна. Өөрөөр хэлбэл улс төрийн нөхцөл байдлын шийдэгдэх нь шийдэгдэж, "явах" нь явж, "үлдэх" нь үлдсээр байна.
Тодруулбал, өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Улс төрийн "гал" шатах үед л яригдсан уг асуудал өчигдөр ийнхүү эцэс болсон гэсэн үг. Ерөнхий сайд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг НИТХ-ээр оруулж хэлэлцүүлэх гэж хэд хэдэн удаа оролдсон боловч НИТХ дэх АН-ын бүлгийн шаардлагын дагуу уг асуудлыг хэлэлцэж чадахгүй байсан юм. Харин сүүлд нь арга мухардахын үед хотын дарга С.Батболд өөрийн биеэр огцрох өргөдлөө Ерөнхий сайдад өгснөөр НИТХ-ын 45 төлөөлөгч уг асуудлыг хэрхэн хэлэлцэх учраа олохгүй гацаанд байсан хурлын үйл ажиллагааг нь чөлөөлж өгсөн юм.
Ерөнхий сайдын зүгээс өнгөрсөн 11 дүгээр сард улс төрийн хэд хэдэн хариуцлага тооцох асуудлыг оруулж ирсний хоёр дахь нь ийнхүү ёсоор болж байна.  Одоо гурав дахь нь хэрхэн шийдэгдэх нь эргэлзээтэй байна. Ямартаа ч асуудал хэрхэн үргэлжлэхийг хамтдаа харцгаая.
Тэгвэл үүнээс илүүтэйгээр дараагийн НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ хэн байх вэ  гэдэг асуулт олон нийтийн анхаарлын төвд албан ёсоор орж ирж байна. Өнгөрсөн хугацаанд ерөнхийдөө битүү хатуугаар дараагийн хотын дарга хэн байх вэ гэдэг асуулт явж, зарим хүмүүсийг нэрлэж байсан ч С.Батболд даргын асуудал хэрхэн шийдэгдэх эсэх нь тодорхойгүй улс төрийн нөхцөл байдалд байсан тул  дорвитой хариу гарахгүй байсан юм. Өөрөөр хэлбэл хотын дараагийн даргад амбицалж байсан нөхдүүд ч "галаас" зугтаж, "хөшиг"-ний цаанаас хальтхан цухалзаж байлаа. Тэгвэл ирэх өдрүүдэд "сонирхогчид" ил гарч хотын удирдлагын төлөөх бяцхан "тэмцэл" эхлэх болов уу. 
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар дараагийн хотын даргад өрсөлдөх эрхмүүдийн нэг бол Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр аж. Түүнийг Ерөнхий сайдын зүгээс хүчтэй "зүтгүүлж" буй гэх яриа улс төрийн хүрээнийхэн дунд хэдийнээ яригдаад эхэлжээ. 
Тэгвэл дараагийн горилогч нь НИТХ-ын дарга С.Амарсайхан юм . Түүний нэр эхнээсээ л нэлээд дээгүүрт дуулдаж байсан ч хотын дарга огцрох эсэх нь тодорхойгүй байсан учраас төдийлөн олонд хүрсэнгүй. Одоо харин С.Амарсайхан дарга хүчтэй "горилогч"-ийн дүрийг толилуулж магадгүй л юм. 
МАН-ын генсек Д.Амарбаясгалан, орлогч Ж.Батбаясгалан зэрэг хүмүүсийн нэрийг таамаглаж дэвшүүлж харагдана лээ. Гэхдээ С.Амарсайхан даргыгаа хотын дараагийн даргад зүтгүүлээд НИТХ-ын даргад "ХОЁР БАЯСГАЛАН"-ийн нэг нь очих болов уу гэсэн таамгийг улс төрийн хүрээний учир мэдэх эрхмүүд хөврүүлж сууна .  Хотын залуучууд энэ хувилбарыг аль эртнээс тохирсон гэх.
Үүнээс гадна хамгийн сонирхолтой нэг хувилбар өнгөрсөн сард гарч ирсэн нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар байв. Х.Нямбаатар гишүүн ч арай парламентаа орхиод гараад ирэхгүй байх. Гишүүнээр сонгогдсон ажлаа бодсон ч, "дээсэн дөрөө дээр байгаа 32:32-ын "зохиомол бүлгийн" хүч тэнцвэргүй байдлыг бодсон ч ийм шийдвэр гаргахгүй байх. Саяхан нэг тал нь 27 болж хувирсан мэт харагдсан ч цаг хугацааны дараа эргээд 32:32-оороо улс төр хийх нь дамжиггүй.
Арай байж болох хувилбарууд нь эдгээр эрхмүүд байх. Бүр дөхүү нь хувилбар нь НИТХ-ын дарга С.Амарсайхан юм.  Түүнээс биш зарим сошиалаар сэвээд байгаа шиг Ц.Батбаяр тэргүүтэй нэр бүхий хэтэрхий "сайн дурын уран сайханчид" хотыг авахгүй нь тодорхой.  Угаасаа тэдэнд өгөх ч үгүй биз. Харин энд ганцхан л туйлын үнэн байгаа нь хотын намыг авсан талаас хотын даргад хүнээ томилох нь ойлгомжтой. Юу үнэн, энэ үнэн.  Хэдийгээр Ерөнхий сайд томилох хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй ч "хотын" асуудал арай өөр. Нам гэхээс илүүтэй хотын төлөөлөгчид гэдгээрээ ялгарч аливаа "хүчинд" автаад байдаггүй гэмтэй. Өөрөөр хэлбэл "хотынхон" тохиролцож л асуудалд хандана уу гэхээс хүчинд бол автахгүй л болов уу. 
Ямартаа ч гол өрсөлдөөн эдгээр 4 хүний хооронд өрнөх болов уу. Шийдэл, тохироо нь бүрдээгүй аргаа барсан тохиолдолд эдгээр нэрсийг гэнэтийн өрсөлдөгчөөр нь сольж хотод томилох байх. Ер нь аль ч хувилбар нь явдаг бай, хотын асуудлыг мэддэг, дөрвөн уул дөрвөлжин байшингаасаа хальж сэтгэдэг залуу хүнд л хотын атгуулах нь зүйтэй. Цаашид асуудал хэрхэн өрнөхийг хамтдаа харцгаая.
Мөн нэмээд хэлэхэд хотын дарга солигдож оронд нь шинэ хүн томилогдох нь тодорхой болсон энэ цаг үед одоогийн хотын орлогч дарга нарын асуудал ч гэсэн бүрхэг болж байгаа гэдгийг эх сурвалжууд онцолж байна. Тиймээс хотын орлогч нарын "халаасанд өргөдөл нь оршиж", шинэ даргаа хүлээсэн өдрүүд биднийг угтах бололтой. 
Г.Лхагваа
http://www.zaluu.com/read/2e6886bgg
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан