Амьсгалах ЭРХГҮЙ ардчилал


Манай улсын агаарын бохирдол дээд цэгтээ хүрээд байна. Бохирдлыг бууруулахад  2011-2017 онд нийт 196.2 тэрбум төгрөг зарцуулсан ч утаа амьсгалын болон зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан болсон хэвээр, олон өвчний үүтгэл нь утаа гэдгийг эмч нар онцлон тайлбарласаар. 
 
Аудитын байгууллагаас энэ онд гаргасан тайланд “Монгол Улсад агаарын бохирдлоос шалтгаалан жилд 4000 гаруй хүн нас барж, агаарын бохирдол нь харвалт, зүрх, судасны өвчин, уушгины хавдар болон амьсгалын замын өвчний шалтгаан болж байгааг онцолжээ.
 
Мөн уушгины хатгалгаагаар нас барж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь агаарын бохирдлоос үүдэлтэй бөгөөд 100 мянган хүн тутамд ногдох агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралтын тоо 132 буюу дэлхийн дунджаас 1.4 дахин их байна” гэж Үндэсний аудитын газраас хийсэн “Цэвэр агаарын сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын үр дүн” сэдэвт аудитын тайланд дурдсан байна.
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Өнөөдөр Хүний эрхийн олон улсын өдөр. “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан байна. Гэвч өвлийн улиралд Монголчууд бид энэ эрхээ эдэлж чадахгүйд хүрээд байна. Иймд Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан “Хүний эрхийг дархлаажуулъя. Та ч бас эрхээ хамгаал” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
 
Утааны эсрэг аав, ээжүүүдийн холбооны тэргүүн Ц.Пүрэвхүү “Бид утааны эсрэг үйл ажиллагаа зохион байгуулаад гурав дахь өвлийнхөө нүүрийг үзэж байна. Гэвч агаарын бохирдол нэг хувиар ч буурсангүй. Зөвхөн агаарын бохирдлын чанарыг үзүүлдэг төхөөрөмжийн тоог хуурамчаар харуулж, өөрчилж байна. Агаарын бохирдлыг бууруулахад иргэд бидний оролцоо чухал. Энэ жилээс бид агаарын бохирдлыг бууруулахад иргэд хэрхэн оролцох вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Засгийн газар, улстөрчдийг хараад нэмэргүй гэдгийг өнгөрсөн 17 жилийн турш харж ирлээ. Тиймээс ард, иргэд бид өөрсдөө байшингаа, гэрээ дулаалж чадвал бидний түлэх нүүрс жилд 250-500 орчим мянган төгрөгөөр буурах боломжтой юм” гэлээ.
 
Мөн өнөөдөр С.Зориг асны хөшөөний дэргэд Монголын ардчилсан холбооноос "Ардчилал, хүний эрхийн өдөр" арга хэмжээг зохион байгууллаа. МоАХ 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд анхны цуглаанаа зохион байгуулсан. Уг цуглаанаар БНМАУ-ын үндсэн хуулинд зарчмын зургаан өөрчлөлт оруулах өргөх бичгийг сонордуулж байв. Үүнээс хойш даруй 29 жил өнгөрчээ. Ардчилсан залуучуудын холбооны үе үеийн зүтгэлтнүүдийн хүссэн хэмжээнд өнөөдрийн ардчилал хүрээгүй. Тиймээс  ард түмнийхээ эрх, ашгийн төлөө МоАХ өнөөдөр ч дуугарна, цаашид ч дуугарна, ирээдүйд ч дуугарна гэдгийг тус холбооныхон хэлж байлаа. 
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Г.Сүрэнскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан