Шинэ жил болох гээд монголчууд “заншил ёсоороо” ухаанаа алдаж, сонор сэрэмжээ гээв. “Сэжигтэй зүйл” гэвэл төр засаг сонгуулийн хуулиа ямар ч саад тотгоргүй хийж байна. Их л сайндаа өөрсөддөө тохируулж хийлээ гэсэн гомдол, шүүмжлэл нь үл мэдэгдэх гоншигнуур үг хааяа унагах. Бас завтай нэг нь намайг баахан загнах. “Юмаа бичихгүй удаад л, залхуу хар шаар.” Хэдийгээр би хэн нэгний захиалсан сонин биш боловч Монголд оронд тулгарсан сайн муу дуудлагын талаар бичих нь судлаач миний үүрэг гэж бодно…
Эхний алхам: Үндсэн Хуулийн өөрчлөлт
Эхлээд 5 орчим жилийн өмнөөс “Зөвлөлдөх ардчиллын онол” гэгчийг Г.Занданшатар гадаадаас оруулж ирсэн. Энэ дагуу Үндсэн Хууль өөрчлөх их аян эхэлсэн. “3өвлөлдөх ардчиллын” онолын дагуу бүх ард түмний “зөвлөлдөх санал асуулга” гэгчийг явуулсан ба энэ “жүжигт” оролцогсод 100 хувийн саналаар МАН-ын санаачилсан ҮХНӨ-ийг дэмжсэн. Тэгээд болохгүй болохоор нь ҮХНӨ-ийг хүчиндэж баталсан. Энэ талаар би “Шинэ” Үндсэн Хуулийн цаад учир” өгүүлэлдээ нэн тодорхой өгүүлсэн. https://ganaa.mn/2019/06/24/khktwtregfgafafa/.
ҮХ-ийг өөрчлөхийг ард түмэн ч, эрх баригч МАНАН бүлэглэл ч адилхан сонирхож байсан ч зорилго, зорилт нь эсрэг тэсрэг шинжтэй байлаа. Гэтэл энэхүү суурь шинжтэй ялгаа, эсрэг тэсрэг байдал ҮХ-ийг “сайхан болгох” онол, практикийн чалчаа яриан дундаас огт ялгарч өгөхгүй байсан юм.
Ер нь бол ҮХ-ийг өөрчлөх зохион байгуулалтын 2 арга зам байсан юм. Нэгдэх нь бүх ард түмний ил тод оролцоотойгоор засаглалын хэлбэрээ эхлэн тогтоож, харьцангуй шударга, ирээдүйтэй ҮХ батлах. Удаах нь МАНАН бүлгийн сонгон авсан цорын ганц хувилбарыг “дэмжих” арга зам юм. Гэвч үйл явц ард түмнийхээр биш, харин МАНАН бүлгийн бодсоны дагуу явсанд ҮХ-ийн ирээдүйн лай ланчиг оршино.
ҮХНӨ нийгмийн суурь харилцааг биш, ард түмний язгуур эрх ашгийг биш, харин МАНАН-гийн янз бүрийн бүлэглэл хоорондын төрийн эрх мэдлийг хуваан эзэгнэх, байр сууриа хадгалан бэхжүүлэх өрсөлдөөн тэмцлийг зохицуулсан хууль болсон юм.
ҮХНӨ үйлчилж эхлээгүй учраас энэхүү ноцтой дүгнэлтийг манайхан одоохондоо “ойлгохгүй”. Харин сонгуулийн дараа үйчилж эхлэхээр залилуулж, хүчиндүүлснээ мэдэх, мэдрэх нь гарцаагүй. Иймээс энэ дүгнэлтийг сайн тогтоож авахыг хүсч байна.
Хоёрдахь алхам: Сонгуулийн хууль ба сонгууль
МАНАН бүлэглэл ҮХНӨ-ийг хүчиндэж баталсныхаа дараа сонгуулийн хуулинд ханцуй шамлан оров. МАН-ын сонгож авсан хувилбар нь олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоо болно. Сонгуулийн системийн талаар монголчуудын “мэдлэг” дэлхийд гайхуулам мундаг учир би олон зүйл ярихгүй. Харин энэ бол “ялсан нь бүхнийг хамна” гэсэн хувилбар гэдгийг дурдан хэлэхийг хүсч байна. “Ялсан нь бүхнийг хамдаг” гэх нэршлийг би биш, АНУ-ын политологич, олон ургальч ардчиллын (плюралист) онолыг үндэслэгч, Йелийн ИС-ийн профессор Роберт Даль (1915-2014) гаргасан бөлгөө. Энэ нь зөвхөн сонгуульд ялах тухай асуудал биш, харин ялсан хойноо улс төр, эдийн засгийн бүх капиталыг хамдаг гэдгийг нэмж хэлж чадах байна.
Дашрамд дурдахад Роберт Далийн “Ардчиллын тухай” алдар номыг би аль эрт 2010 онд орчуулж, үнэгүй тараасныг одоо олж үзвэл тун зүгээрсэн. Мөн Р.Далийн “Иргэний мэдлийн тулгамдсан асуудлууд” өгүүллийн орчуулга миний блогт байгаа. Ямар ч гэсэн би МАН-ын “зөвлөлдөх ардчиллын” “онолчдыг” “төрөөгүй байхад” ардчиллын онол практик, түүний гэм согогийг мэддэг, энэ талаар залхатлаа бичиж ирсэн юм…
МАН-ын сонгож авсан томсгосон можаритар тогтолцоогоор бол тэд эрх мэдэл, эд баялаг бүхнийг хамахаар шийдсэнийг хөдөлбөргүй харуулж байна…
Сонгуулиар юу болох вэ ? гэж олон хүн асууна байх. Юу болох вэ дээ ?! Бүх юм хуучнаараа болдгоороо болно. Тойргуудаа хувааж авна, сонгогчдын саналыг худалдаж авна, иргэний бүртгэл будлиантуулна, сонгогчдыг зөөнө, хар машин ажиллуулна, бүр болохгүй бол цахилгаан тасалж байгаад шууд луйвардана г.м тоочоод дуусахгүй…Олон жил байнга хэрэглэж ирсэн эдгээр заль луйврыг манайхан надаас илүү мэдэх учраас юуг нь ч ярихав ?!
Үнэн хэрэг дээрээ манай хувьд сонгуулийн систем гэхээсээ санал тоолох, хянах, шалгах систем нь илүү их ач холбогдолтой, учир нь сонгуулийн луйвар дээрэм сонгуулийн системд (хүн сонгож дугуйлах) биш, харин санал тоолох, түүнийг хянах системд гардаг.
Санал тоолох, хянах, шалгах системийг хянахгүй бол мянган сайхан сонгуулийн систем хийгээд ямар ч үр дүнд хүрэхгүй.
Гуравдахь алхам: Баялаг их бол зарах хүн ч олширдог
Сонгуулийн үр дүнд МАНАН бүлэглэл дийлэнхи олонхи болох нь гарцаагүй. Энэ тухай дор дэлгэрүүлж ярина.
Сонгуулийн дараа Монгол орны баялгийг зарах, түүнд эзэн суух өрсөлдөөн тэмцэл болно. Хамгийн эхлээд Таван Толгойг “эргэлтэд оруулна”. Харин хэн “эргэх”, “эргэлдүүлэх” нь тодорхойгүй боловч өрсөлдөөн тэмцэл аль хэдийн эхэлсэн. Ямар ч гэсэн олон улсыг татан оролцуулсан, мөн оролцсон хатуу ширүүн өрсөлдөөн болох нь гарцаагүй. Цаашаа бол Хармагтай, Асгатын орд, ураны ордууд, газрын ховор элемент гэхчлэн Монголын баялаг дуусашгүй.
Монголын баялаг их байх тутам түүнийг зарах, булаалдах хүн болон бүлгийн тоо улам бүр олширч, Монголын баялгийг идэх, хуваах, хэрчих, булаалдах улс төрийн зэрлэг өрсөлдөөн тэмцэл болох нь дамжиггүй.
Саяхан болтол “Намын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч” гэсэн хоёр-гуравхан хүн баялгийн хуваарилалтыг “мэддэг” байсан бол одоо бүлэг бүлгээрээ “ардчилсан зарчмаар” идэх дүрэмд шилжиж байна. Чухам үүний тулд ҮХНӨ-ийг хийсэн юм.
Одоо ойрын 4 жилийн улс төрийн өрсөлдөөн тэмцлийн ерөнхий дүр зураг тодорхой болсон гэж санана. Ямар ч гэсэн ирэх 4 жилд олигтой юм болохгүй…
Хүсэл хяслын зааг
МАНАН бүлэглэл үүрдийн эрх мэдлээ хадгалах гэж үхэн хатан зүтгэж, зарим талаар хүссэн болгоноо хийж, чамгүй үр дүнд хүрч байгааг монголчууд харж байна. Өнгөц харвал МАНАН-г дийлэх боломжгүй мэт харагдана. Гэвч огт тийм биш…
МАНАН-гийн задралыг зогсоох боломжгүй болсон шинэ нөхцөл байдал бий болсонд хамаг учир нь байгаа юм.
МАНАН яагаад задрах гэж ? Сонгуульд ялаад “хамаг юм” дуусах юм биш үү ? гэж хэн бүхэн асууна. Харин ч “хамаг юм” эхлэх нь гарцаагүй. Энэ бол баталгаатай. Үүнийг тайлбарлая…
Нэг. Нүсэр систем хийгээд түүний удирдлагын зөрчил
МАНАН нийлээд ч, МАН болон АН гэсэн дан дангаараа ч хэмжээний хувьд хэт томорсон нүсэр систем болон хувирсан. Өөрөөр хэлбэл монголын улс төрийн системд оролцогчид хийгээд оролцохыг хүсэгчдийн тоо хэт олон болсон. Энэхүү нүсэр систем нь нэг талаас асар олон тооны боловсон хүчнээс бүрдсэн аварга том сүлжээ шаардана, нөгөө талаас энэхүү системийг удирдах, зохицуулахад тун цөөн хүн буюу элит удирдлагын баг байх зайлшгүй шаардлагатай. Энэ бол өнөөгийн нөхцөлд хуучин аргаар шийдвэрлэх боломжгүй шинэ нөхцөл байдал, зөрчил мөнөөсөө мөн.
Хоёр. “Зэрлэг капитализмын” дүрэмгүй тоглолт дууссан
“Зэрлэг капитализм”, “капиталын анхдагч хуримтлал” гэгдэх 30 жилийн дүрэмгүй тоглолтын зурвас үе дуусч, олон тоглогч (актор) оролцсон улс төрийн шинэ талбай үүсэн бий болов. Энэ бол Францын нэрт политологич Пьер Бурдье-гийн нэр томъёо юм. Дашрамд манай залуус Пьер Бурдье-гийн улс төрийн талбай, габитус г.м. ойлголтыг уншчихвал уг нь зүгээрсэн…
Өөрөөр хэлбэл, өмч хувьчлал, банкны дээрэм, газрын наймаа, лицензийн наймаа, ашигт малтмалын наймаа зэрэг “эзэнгүй” өмчийг дураараа идэж уудаг дүрэмгүй тоглолт үеэ өнгөрөөжээ. Эдүгээ бүх өмч “эзэнтэй” болж, ганцаараа, дураараа идэх уух оролдлого бүр өрсөлдөгчийн болон олон түмний хайр найргүй ширүүн хяналт, эсэргүүцэлтэй тулгарах болов. Энэ нь сүүлийн 30 жил хэвшиж тогтсон тоглолтын зэрлэг дүрмийг халахыг шаардаж байна.
Гурав. Улс төрчдийн үе хоорондын зөрчил
Гучин жилийн турш буг болтлоо сууж, музейн үзмэрт тавих болсон хуучин улс төрчдийн үе дуусч, шинэ залуу улс төрчдийн үе түрэн гарч ирэв. Манайхан хуучин улс төрчдийг зайлуулбал амар сайхандаа жаргана гэж горьдох нь гэнэн хэрэг. Үнэндээ бол хуучин улс төрчдийн оршихуйн хуучин арга, арга барилын үе дуусч байгаа юм. Энэ үүднээс шинэ залуу улс төрчдийг хоёр хуваан үзэж болно. Нэгдэх нь, хуучин улс төрчдийн хуучин арга, арга барилаар улс төрийн удирдлагын шатлалд байр суурь эзлэх гэсэн “угсаа залгамжлагч” залуус. Энэ арга одоо явцуу бөгөөд ирээдүйгүй. Учир нь хэн нэгний дэмжлэгээр бусдын толгой дээгүүр гишгэлэн “шат алгасан” дэвших боломж ихээхэн хумигдсан. Хоёрдахь нь шинэ нөхцөлд шинэ дүрмээр ажиллахыг эрмэлзэгч “шинэчлэгч” залуус. Хоёр дахь хэсэг тоогоор нэн цөөн, бараг үгүйтэй адил. Учир нь хуучин системд үүнийг өөрчлөх, шийдвэрлэх хүсэл ч байхгүй, чадал ч байхгүй учраас задрал явагдах нь тодорхой.
Нам дотор хуучин шинэ үеийн зөрчлөөс гадна залуус хоорондын зөрчил бий болсон бөгөөд үүнийг хуучин намын системийн хүрээнд бас л шийдвэрлэх боломжгүй.
Дөрөв. Гадаад орчны нөхцөл байдал өөрчлөгдсөн
Монголын ардчилал бол ЗХУ тэргүүтэй социалист задарч, АНУ тэргүүтэй Барууны орнуудын дангаар мандаж, ноёрхож байсан үеийн бүтээгдэхүүн юм. Харин одоо бол байдал өөр. Наад зах нь ОХУ, Хятад гэсэн 2 том төв товойн гарч, тэдний өрсөлдөөн дэлхийн бодлогыг тодорхойлох болов. Үүнийг ярих нь илүүц. Харин “Коммунизмын дарлалаас гарахад туслаач, мөнгө хэрэгтэй байна”, “Орос, Хятад хоёр биднийг хавчаад байна, мөнгө өгөөч” гэнгүүт тэнгэрээс орох бороо мэт орж ирэх хөрөнгө мөнгөний урсгал үлэмж багасав. Аль ч улс прагматик улс төрийн бодлого баримтлах болов.
Монгол Улс “ардчиллын онц сурлагатан” гэж өхөөрдүүлэх “хүүхэд нас” ард үлдэж, олон улсуудын дунд маневрлах боломж үлэмж хумигдаж, байгалийн баялгаас өөр хүний анхаарал татах зүйлээр маруухан гэдгээ ойлгов. Энэ нөхцөлд шийдвэр гаргах хувилбарууд маш их багасаж, үүнийг хуучин аргаар зохицуулах боломж хомсдов.
Тав. Эрх баригчдын дийлдэшгүй хагарал
Алив системийн дэд хэсгүүд үндсэн системтэйгээ тэнцүү буюу түүнээс том болох боломжгүй гэсэн онолын хөдөлшгүй үндэслэл бий. Энэ нь улс төрийн аль нэг бүлэг эрх мэдэл авч, улмаар томрон тэлж болох боловч хэмжээ нь хэт том болбол задрал гарцаагүй гэсэн хэрэг юм.
Ухаандаа нам тэлж томорч болох боловч нийгмийг бүхэлд нь төлөөлж чадахгүй. Түүнчлэн нам доторхи аль нэг бүлэг томрон тэлж болох боловч намтайгаа тэнцэх буюу түүнээс том болох ямар ч боломжгүй. Энэ бол нийгмийн хөгжлийн хууль юм.
Энэ зүй тогтлын дагуу манай улс төрийн голлох намуудад “том”-оос үүдсэн дотоод задралын үйл явц болж, эдүгээ нуралтын гэх сүүлчийн шатандаа ороод байна. Манай намууд гаднаас нь харахад л нам нэртэй болохоос үнэн чанартаа өрсөлдөн тэмцэлдэгч бүлгүүдийн замбараагүй цуглуулга болон хувирсан. МАН ч, АН ч лидер дагаж шаталсан бүтэцтэй бие даасан тэмцэлдэгч бүлгүүдээс тогтоно.
Бие биенээ өстөн дайснаас илүү үзэн ядаж буй өрсөлдөн тэмцэлдэгч бүлгүүдийг нам гэж нэрлэхэд нэн түвэгтэй. Ийм атлаа олон бүлгүүдээ “нэгдмэл нам” мэт харагдуулах сэтгэл зүй урьдын адил үйлчилж байна. Гэвч намын дотоод дахь бие даасан бүлгүүдийг “нэгтгэж”, “нэг гараар удирдах” гэсэн аливаа оролдлого эдүгээ явцгүй болсон нь нэн тодорхой байна.
Дээд шатны “том”, дунд шатны “дунд”, анхан шатны “жижиг” цүнх баригчдын сүлжээний зөрчил тэмцлээс “эв нэгдэл” яагаад ч гарахгүй, харин хагарал эвдрэлийн үүд нээгдэх нь ойлгомжтой. Яахав, сонгууль өнгөртөл “эв нэгдэлтэй” харагдаж болох авч сонгуулийн дараа урьдынхаасаа улам илүү хүчтэй алалцаан болно гэж дүгнэхэд нэг их ухаан орохгүй. Үүнийг зөвхөн би мэдээд байгаа юм биш, эрх баригчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Чухам ийм учраас л тэд “Засгийн Газрыг тогтвортой болгох” цуврал заалтуудыг ҮХ-нд зориудаар суулгаж өгсөн юм…
Дээр дурдсан 5 шалтгаанаас үндэслэн улс төрийн нөхцөл байдал “үлэмж дордсон” гэх дүгнэлт хийх учир дутагдалтай. Зүгээр л 1990-2000-аад оны төрийн удирдлагын хуучирсан систем болон түүний оршихуйн арга, түүнчлэн хуучин улс төрчийн ажлын арга барил болон үйлдэл шинэ цаг үе, шинэ бодит байдалтай огт тохирохоо больсон гэвэл үнэнд илүүтэй нийцнэ. Энэхүү шинэ нөхцөл байдалд сонгуулиар давуу байдал олж авч болох авч улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бараг үгүй, харин ч улс төрийн өрсөлдөөн тэмцэл улам хурц, хатуу ширүүн, дайсагнасан, ужгирсан хэлбэртэй болох нь гарцаагүй. Үүнийг би хүсэл хяслын зааг гэж нэрлэж байна…
Хэн нь ялах бол ?!
Энэ асуултыг хүн толгойтой бүхэн тавьдаг. Сүүлийн олон жил бүх төрлийн судалгаа нууцын зэрэглэлд орох болж, сонгуулийн прогноз өдрийн од мэт ховордсон. Гэлээ гэхдээ яагаад прогноз хийж болохгүй гэж ?! Харин нэр дэвшигчид тодроогүй, мандатын хуваарилалт ямар байх нь мэдэгдээгүй, сонгууль болохоос хагас жилийн өмнө прогноз хийнэ гэдэг бол тун хүнд ажил гэдгийг бүгд ойлгоно гэж найдна…
Яг одоогийн байдлаар МАН, АН хоёрын рейтинг навс унаж, гурав дахь нам, эвсэл болон бие даагчид маш олноороо гараад ирчих сэтгэгдэл төрнө. Харин МАН олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоог сонгон авснаар жижиг нам, бие даагчид гарч ирэх боломж үлэмж багасах нь мэдээж хэрэг. Түүнээс гадна МАН, АН хоёрын олон жил баримталж ирсэн “дундуураа хэнийг ч оруулахгүй” гэсэн “зарчим” үйлчлэх нь гарцаагүй.
Энэхүү “эгэл жирийн явдлын” үр дүнд шинэ нам эвсэл болон бие даагчдад 6 суудал олдоно гэж хэлэхэд онцын их алдаа болохгүй. Яахав, үзүүлэн маягаар 7 хүртэл байж болно, гэхдээ яагаад ч 8 болгож болохгүй. Шинэ нам, эвсэлд УИХ-ын намын бүлэг байгуулах бололцоо олгохыг эрх баригчид хэзээ ч хүсэхгүй.
Энэ нөхцөлд жижиг намууд, бие даагчдад цорын ганц боломж үлдэх ба энэ нь шинээр эвсэл байгуулах явдал юм. Гэхдээ л энэ нь аюултай бөгөөд амжилт олох боломж тун бага. Учир нь үүнийг эрх баригчид дэндүү сайн мэдэж байгаа. Тэгээд зэрэгцсэн, давхацсан, 1-2 хуурмаг эвсэл байгуулахад л хамаг юм бантан болж дуусдаг юм…
Ингээд 70 суудал үлдэж байна. (76 – 6 = 70) Онолын хувьд энэ 70 суудал тэн хагасаар буюу МАН-д 30, АН-д 30 суудал ногдох ёстой. Учир нь энэ 2 намын суурь электоратын хүч, боломжийг ойролцоогоор тэнцүү гэж үзэж болно. Одоо яаж хуваагдах бол ? гэсэн асуулт үүснэ.
Төрийн эрх мэдэл болон төрийн сүлжээг ашиглах байдал, хөрөнгө мөнгөний хэр чинээ, гадаад болон дотоод дэмжлэг, боловсон хүчний чадавхи болон сүлжээ, лидерүүдийн зохион байгуулах чадвар, хар машин, МАНАН-гийн удирдагчдын тохиролцоо зэрэг маш олон хүчин зүйл үйлчилнэ. Үүнээс гадна “гэв гэнэт” аймаар том гэмт хэрэг “илчлэх” болон өрсөлдөгчдөө шоронд суулгах зэрэг гэнэтийн хүчин зүйлс ч нөлөөлөх нь мэдээж хэрэг. Энэ бүхнийг бүрэн тооцох гэвэл ямар ч хүний толгойд багтахгүй мэт санагдана. Гэвч шинжлэх ухааны хүчин зүйлсийг ач холбогдлоор нь эрэмбэлж хасах; үзэгдлийг биш, хандлагыг тооцох г.м. аргуудыг ашиглавал багцаа зураглал гаргаж болно.
Жи: Өмнөх сонгуулиудад ялсан эрх баригч нам идэж уух гэж 4 жил бужигнаж байх хооронд сөрөг нам байр сууриа бэхжүүлж, хүчээ зузаатгаж амждаг, бас чаддаг байв. Харин энэ удаад буюу 2016-2020 оны хооронд АН хүч, боломжоо нэмж чадаагүй, харин ч бууруулж багасгасан. Эндээс АН сонгуульд ялах магадлал багасах хандлага үүсэх нь мэдээж хэрэг. Энэ мэтээр хандлагын үйлчлэл болон чиглэлийг гарган тооцоолол хийж болдог.
Ирэх сонгуулийн үр дүнгээр МАН 39+10 = 49 суудал (50), АН 39–20 = 19 (20) суудал, бусад нам, бие даагчид 6 орчим суудал авна гэсэн урьдач тооцоо хийж байна. Мэдээж хэрэг наашаа цаашаа 3-5 суудал хөдөлж болох л байх. Гэнэтийн хүчин зүйл гараад ирэхгүй бол том хэмжээний савалгаа үүсэх магадлал одоохондоо тун бага.
Үүнтэй холбогдуулан бусад судлаачдыг өөр өөрийн прогнозыг хийгээсэй гэж уриалж байна. Учир нь сонгуулийн дараа “би таасан” гэж ярих утгагүй бөгөөд ичгэвтэр байдаг юм. Алдахаас айна гэдэг бол юу ч хийхгүй гэсэн хэрэг…
Миний хувьд сонгуулиар хэн ялах нь чухал биш, харин сонгуулийн дараах алалцаан байлдаан яаж өрнөх, юунд хүргэх вэ ? гэдэг нь чухал. Сонгуулийн дараа шууд дүрэлзэн асах улс төрийн алалцааныг төсөөлөн бодох бүрд дотор муухай оргино…
Улс төрийн шударга систем бүтээх ард түмний хүсэл 4 жилээр хойшилж байгаа ч МАНАН-г зайлуулах тэмцэл нээлттэй хэвээрээ байгаад сэтгэл тавширна…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: http://ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог http://ganaa.mn-ээс уншина уу?